Хандивын барааг стандартын дагуу хадгалж байна

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Хандивын барааг стандартын дагуу хадгалж байна

Малчдад туслах уриалга гаргаснаас хойш хувь хүн, иргэн албан байгууллага, аж ахуйн нэгж болон гадаадын олон орноос хандив ирсээр байна. Онцгой байдлын ерөнхий газарт төвлөрөн цугларч байгаа хандивын тоо ширхэг, тусламжийг хүлээн авах, бүртгэх, хүлээлгэн өгөх, хадгалалт, хамгаалалт, зарцуулалтад хөндлөнгийн хяналт тавин ажиллахаар болсон билээ.  Онцгой байдлын ерөнхий газрын Улсын нөөц, сэргээн босголтын газрын дарга дээд ахмад Д.Батсайхан , Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооны гүйцэтгэх захирал Б.Бас-Оргил,МҮЭ-ийн төлөөлөл өнөөдөр хандив хадгалж байгаа агуулахаар явж шалгалаа. Хандивын бараа бүтээгдэхүүн “Номин” компанийн агуулах болон Улсын нөөцийн агуулахад хадгалагдаж байгаа юм байна. БНХАУ манай малчдад 10 сая юанийн буюу 2.1 тэрбум төгрөгний тусламж болгон лаазалсан мах махан бүтээгдэхүүн, тахиа гахайны мах болон бэлэн хоол илгээжээ. Хүнсний барааг -2-4 хэмд хадгалах ёстой байдаг учир ийнхүү “Номин” компанийн зориулалтын агуулахад хадгалж байгаа аж.

Малчид хэрэглэж мэдэхгүй зарим хүнсний бараа бүтээгдэхүүн хандиваар ирсэн харагдсан. Эдгээр бараа бүтээгдэхүүн болон өвс, дулаан хувцсыг хэзээ малчдад хүргэх талаар Онцгой байдлын ерөнхий газрын Улсын нөөц, сэргээн босголтын газрын дарга дээд ахмад Д.Батсайханаас тодрууллаа.

-Туркээс ирсэн хүнсний цогц бүрдлийг нэг өрхөд өгөхөд зохимжтой юм. Гэхдээ эрдэнэ шиш болон хотынхон ч хараагүй зүйл дотор нь байна. Мөн гахай, тахианы мах малчид тэр бүр хэрэглэдэггүй?

-Хандивын бараа бүтээгдэхүүнийг зориулалтаар нь ашиглах хуультай. Тиймээс Засгийн газрын шийдвэрээр аймгуудад хуваарилж тараах болно. Малчдад тараахдаа хэрхэн яаж ашиглах зааврын хамт хүргэх юм. 

-ОХУ болон БНХАУ-аас ирүүлсэн өвс тэжээл, дулаан хувцас, хөнжлөө яаралтай тараах хэрэгтэй шүү дээ. Хугацаа алдаад байгаа юм биш үү?

-Эхний ээлжийн тусламж хандив орон нутагт хүрээд эзэндээ очсон гэдгийг хүмүүс мэдэж байгаа. Одоо орон нутагт нөхцөл байдал ямар байгааг судлаад, Засгийн газрын шийдвэр гарсны дараа ирэх сарын эхний өдрүүдэд тусламж орон нутаг руу гарна гэв.

Хөндлөнгийн хяналт тавьж байгаа хүмүүс хадгалалт, хамгаалалт сайн байгаа ч малчдад хүрэх хугацаа хожимдож байгааг онцолж хэлж байсан юм.

Орон нутагт очиж байгаа өвс чанаргүй мөн дотроосоо илжирч муудсан байсан гэсэн мэдээлэл байсан юм. Өвс тэжээлийг ямар нөхцөлд хадгалж байгаа талаар Улсын нөөц, сэргээн босголтын газрын 03 дугаар салбарын дарга, шадар ахмад Д.Бөх-Очироос тодруулахад “Манай агуулахад ОХУ-аас ирсэн 64 тонн хорголжин тэжээл, 291 тонн өвс байна. Энэ өвс маш чанартай бөгөөд 15 хувийн чийгшилтэй байгааг мэргэжлийн хяналтынхан үзэж шалгасан. Удахгүй малчдад хүрэх байх. Бид хүлээсэн үүргийнхээ дагуу чанарыг нь алдуулахгүй хадгалж хамгаалж байна” гэв. ОХУ-ын үйлдвэрлэсэн хорголжин тэжээлийг малчид өргөн хэрэглэж сурсан бөгөөд үйлдвэрээс гараад тав хоногийн дараа Монголд ирсэн гэнэ. Бараа бүтээгдэхүүний нийт хэмжээ их мэт сонсогдож байгаа ч хүнд байдалд өвөлжиж байгаа аймаг, малчин нэг өрхөд  хуваахаар бага хэмжээтэй ноогдож байгаа аж.

Х.Хангал 2010 оны 2 сарын 26

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж