“Sweetymotion” хамтлагийн бүсгүйчүүд 15 жилийн төрсөн өдрийн баяраа тэмдэглэж, “АСА” циркт хоёр өдрийн турш фенүүдтэйгээ баярлав. Бахдаж баярламаар, уярмаар, дуулмаар гээд сэтгэл хөдлөлийг дээд цэгт нь хүргэж чадсан, дурсамжаар хөглөсөн, дуулгах сонин, ярих хов ихтэй тэдний тоглолтын хамгийн гоё гэмээр сюрприз нь тэдний түүхийн эхлэл болсон “Охид” хамтлаг, оршил болсон “Emotion” хамтлаг байлаа.
Хөгжим, бүжгийн коллежийн балчирхан охид байхдаа байгуулж байсан “Охид” хамтлагийн нэгээхэн хэсэг байсан дуучин С.Сэрчмаа, хожим нь “Emotion” хамтлагийг үүсгэн байгуулахад унаган гишүүн байсан дуучин Ч.Солонго нар хамтлагийн бүсгүйчүүдэд баяр хүргэхээр төрсөн өдрийн баярт хүрэлцэн ирэв. Хэдийгээр өдөр бүр уулзаж, жаргал зовлонгоо хуваалцдаггүй ч үргэлжид сэтгэлд дотно, том байр суурь эзэлдэг хэмээн “Sweetymotion”-ынхны тодотгосон эрхэм найзууд нь хамтдаа тайзыг эзэгнэв. Тэд тавуул тайзнаа “Ингэн тэмээний дуу” гэх хуучны сайхан дууг хоолой салган, сэтгэл уярам эгшиглүүлсэн юм. “Квинт” хоолой үзэгчдийг уярааж, сэтгэлийг нь хөглөж чадсан шүү.