Хаяад нүүхэд хайран нутаг минь

Хуучирсан мэдээ: 2012.11.26-нд нийтлэгдсэн

Хаяад нүүхэд хайран нутаг минь

Төв аймгийн Алтанбулаг сум руу ажлаар явах зуураа мяралзан урсах Туул голыг холоос хараад тэр зүг сэтгэл татагдан бууж түр саатав. Нөхөд маань хатан Туулынхаа сайхныг бахдан зураг хөрөг даран хөгжилдөхийн хажуугаар хэн хэн маань хотын утаанаас түрч болов зайлж, цэвэр агаараар амьсгалж буйдаа хамгийн ихээр олзуурхаж байсныг нуух юун. Гэтэл жавар тачигнаж, цэвэр агаар сэнгэнтэл үлээхтэй зэрэгцээд голоос өмхий үнэр хамар цоргих нь гайхшруулж орхих нь тэр. Чухам юунаас болж өвөг дээдсийн минь ариун тунгалаг хэмээн нэрлэдэг Туул голоос өмхий үнэр гараад буйг харахаар ойртвол голын ус харлан ногоороод дэргэд нь очих аргагүй. Монгол Улс өргөн уудам нутагтай хэмээн цээжээ дэлдэж, хаана ч очсон байгалийн үзэсгэлэнт газар бий хэмээн сайрхан, хүүхэд ахуйдаа аль таарсан газраа саатан эрэг дээр нь тухлаад хүн малгүй ундаалдаг байсан гэх Туул гол энэ мөн үү. Их хотын буюу сая гаруй хүнийг ундаалдаг ундны их үүсвэр нь болдог их гол минь энэ мөн үү гэсэн харуусал бид бүгдийн амнаас гарсан юм.

Үнэндээ бол бид, Монголын ард түмэн Туул голынхоо төлөө тэмцэж байгаа. Нийслэл хотын нэг сая иргэнээс гадна Хар усан тохой, Гачуурт цаашлаад Төв аймгийн олон сумын хүн, малыг ундаалдаг энэ голыг аврах гэсэндээ төр засгаас анхаарч хог хаягдлаа Туул руу цутгадаг арьс ширний үйлдвэрүүдийг хаахаас эхлээд, эх орноо гэсэн иргэд энэ голын дагуу мод тарьж, хогийг нь түүж, манай сонин ч нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Туулын уснаас уухыг хориглоно аян”-ыг эхлүүлэн Туул голоо аврах олон ажлыг санаачлан салбарын яамнаас эхлэн хотын удирдлагуудын хүрээнд хөдөлгөж чадсан. Ингэснээр Туул гол дагуу үйл ажиллагаа явуулдаг арьс ширний үйлдвэрүүдийн зарим нь хотоос нүүсэн, гээд олон нийтийн анхаарлыг энэ зүгт хандуулж чадсан юм. Гэвч зарим нэг хариуцлагагүй хүмүүсийн буруугаас болж энэ асуудлыг дахин хөндөх тэр ч бүү хэл бид ундны усгүй болчихоод байна, яах вэ гэсэн эмзэглэлийг хөндөхөд хүргэлээ. Манай сурвалжлах багийнхны хувьд хэдийгээр Төв аймгийн Алтанбулаг сумын төвд очиж сонгуулийн үйл ажиллагааг сурвалжлах ажилтай байсан ч Туул голоос үнэртэх эвгүй үнэр, өмхийрч харласан ус бодлоос минь салж өгөөгүй учраас тэр хавийн буюу Алтанбулаг сумын иргэд яаж амьдарч буй үнэн дүр зургийг уншигчдадаа хүргэхээр холбогдох хүмүүстэй уулзсан юм. Бидний уулзсан эхний хүн бол тус сумын байгаль орчны байцаагч У.Эрдэнэбат байв.

У.ЭРДЭНЭБАТ: ХИМИЙН БОДИСТОЙ БОХИР БАЙХ ЁСТОЙ ХЭМЖЭЭНЭЭС 30 ДАХИН ИХ БАЙГАА ГЭСЭН

Түүний ярьснаар Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжаас гарсан бохир Туул голд нийлж ийм гай тарьж байгаа аж. Өнгөрсөн жил МХЕГ-аас Туул голын буюу тус аймгийн нутгаар урсан өнгөрдөг хэсэгт шинжилгээ хийснээр “Туул голд ахуйн бохирдол 15-20, химийн бохирдол байх ёстой хэмжээнээс 30 дахин их байна” гэсэн дүгнэлтийг гаргаснаа танилцуулжээ. Иймээс тэд энэ асуудлыг цэгцэлж өгөөч хэмээн дээр, дооргүй ярьж хэлж буй ч үр дүн сайнгүй төдийгүй одоо хаана хандахаа мэдэхгүй болоод байгаагаа учирласан. Хуучин цагт Туул голын усанд 11 төрлийн загас жараахай үрждэг байсан бол одоо бохир усанд үржих чадвартай хорхой шавьжаар дүүрсэн гэж байв. Алтанбулагийн ард түмэн энэ уснаас уух нь бүү хэл ойртохоос жихүүцэж, дайжих,  дүрвэх талаар бодох болсон гэх байна. Уснаас уусан малаас нь өрөөсөн нүдтэй, үс, ясгүй зулбасага хүртэл төрөх болжээ. Тиймээс энэ сумын ард түмэн цасны ус хайлж цай, хоолтойгоо залгаж байна хэмээсэн. Мөн малынхаа махыг идэхээс ч айдас нь хүрч ёстой л тэнгэр хол газар хатуу болоод байгаа гэнэ. Энэ гай Алтанбулагаас гадна Өндөрширээт, Аргалант, Баянхангайн ард түмнийг ч тойроогүй байна.

Д.АВИД: ХАЯАД НҮҮХ ГЭТЭЛ НУТАГ МИНЬ ЭЗЭНГҮЙДЭХ ГЭЭД…  

Байгаль орчны байцаагчтай ярилцсаны дараа нутгийн ард түмний үгийг сонсохоор болов. Бидэнтэй хамгийн түрүүнд таарсан хүн бол Д.Авид гуай. Сумынхаа төвд ирж ойр зуурын ажил амжуулах үүрэгтэй яваа тэрбээр тус сумын нэгдүгээр багийн нутаг Туулын бургасанд олон жил нутагласан, өнөөдөр ч тэндээ буюу Туулын хөндийнд өвөлжиж байгаа гэнэ. Түүнтэй ярилцаж байх зуур хуучин цагийн үлгэр мэт олон сайхан түүх өгүүлж байв. Тэрбээр “Энэ нутгийг хаяад нүүхэд хайран нутаг минь” гэсээр яриагаа эхэллээ. Түүний амьдралын хамаг сайн сайхан, аз жаргалтай залуу нас энэ хөндийд өнгөрч, энэ л хөндийд үр хүүхэдтэй болж, эцэг өвгөдөө нутаглуулсан гээд сэтгэлд хадаатай нутаг аж. Д.Авид “Алтанбулагийнхан Туул голоо даган нутаглаж, хүүхэд багачууд нь зуны дэлгэр цагт усанд сэлэн, загас жараахай наадсан, мал сүрэг багширсан сайхан монгол амьдрал энэ хөндийд буцалж байлаа шүү дээ. Гэтэл одоо дүрвэх, дайжихдаа тулаад байна. Гэхээд би нандин бүхнээ энэ хөндийн хэвлийд шингээсэн болохоор дүрвэж чадалгүй сууна даа. Энэ хөндийдөө л амьсгалаа хураана, хүүхээ” гэж хөгшин ярьсан юм. Ингээд мориндоо мордон шогшиж одсон.  

ХОТЫН ДАРГАД ХАЯГЛАХЫН УЧИР

Монголчууд эртнээсээ усыг чандмана эрдэнэ хэмээн дээдэлж, дусал сүү оруулахаас хүртэл цээрлэж ирсэн. Гэтэл одоо энэ зан заншил үгүй болж гол руугаа элдэв хогоо шидэх, бохироо хаях гээд энэ уламжлал минь үгүй болж. Иймээс энэ асуудалд анхаарал хандуулаач хэмээн “шинэчлэгч” хотын даргаасаа гуймаар байна. Таны сонорт хүргэхэд харь хүмүүсийн шунал Хатан Туулын минь бузарлаж, ард түмэн ундны усгүй болгох нь. Тэр хууль дүрмэнд захирагдах дургүй юм бол ашиг орлого олдог арьс ширний үйлдвэрүүдийг хүч хэрэглэн хааж, хотын цэвэрлэх байгамжийг ойрын үед шинэчилмээр байна. Уг нь энэ асуудлыг өмнөх сйд дарга нар эрчимтэй ярьж олон ажил санаачилсан, хийсэн.  Гэвч тэр арьс ширний үйлдвэрүүд одоо хэлсэн амнаасаа буцаад үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Бидний өвөг дээдэс ухаантай. Тэр тусмаа нэг хууртсан бол дахиж бүү итгэ гэсэн өвгөдийн үг ч байдаг. Иймээс дарга нарын амыг харчихаад худал хэлдэг тэдэнд хариуцлага тооцож, үйл ажиллагааг нь бүр мөсөн зогсоовол яасан юм бэ, хотын дарга аа. Тэгэхгүй бол бид амьдрах газаргүй экологийн дүрвэгсэд болох нь.

Л.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж