-Орон нутгийн сонгуулийн үр дүнгийн талаар намын дарга нар мэдээлэл хийсэн. ИЗНН-ын хувьд энэ сонгуульд хэрхэн оролцов?
-ИЗНН-аас 400 нэр дэвшигч орон нутгийн сонгуульд өрсөлдсөн. Цөөн хэдэн газар Ардчилсан намтай эвсэл болж орсон байгаа. Урьдчилсан дүнгээр Дорнод, Хэнтий, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт аль нэг түвшинд нь төлөөлөлтэй боллоо.
-Дорнод аймагт танай намын нэр дэвшигчийг бүртгээгүйгээс болж орон нутгийн сонгуульд нэр дэвшиж чадаагүй. Энэ алдааны хариуцлагыг хэн хүлээх ёстой вэ?
-Дорнод аймгийн Баян-Уул сумын сонгуулийн хэсгийн хороонд манай намын байгууллага нэр дэвшигчдээ бүртгүүлэхдээ бүх бичиг баримтаа ном журмын дагуу хүргүүлсэн байдаг. Гэтэл сумын нэг хэсэгт манай намын хоёр нэр дэвшигчийн нэрийг орхигдуулан саналын хуудсыг хэвлүүлсэн юм билээ.
Тиймээс бидний зүгээс тухайн аймаг, сумын сонгууль зохион байгуулах байгууллага болон СЕХ-нд бичиг хүргүүлсэн. Энэ хэсэг дээрх сонгуулийг хүчингүй болгож, дахин санал хураалт явуулах шаардлага хүргүүлсэн. Энэ бол сумын сонгуулийн хэсгийн хорооны хариуцлагагүйгээс болсон. Мөн аймгийн сонгуулийн тойргийн хороо ч гэсэн энэ асуудлыг хүлээн зөвшөөрсөн.
-Дахин санал хураалт явуулна гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэж үү?
-Үгүй. Уг асуудал сумын сонгуулийн хэсгийн хорооны хариуцлагагүйгээс болсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Тиймээс бидний тавьсан шаардлагыг хүлээж авах байх гэдэгт найдаж байна. Манай нам тус суманд арван хүний нэрийг дэвшүүлсэн. Харин хэсгүүд саналын хуудсаа хэвлэх загварыг гаргахдаа манай хоёр гишүүний нэрийг мартаж орхигдуулсан.
-Орон нутгийн сонгууль зохион байгуулагчид сонгогчдын ирцийг бүрдүүлэхэд нэлээн анхаарч байсан. Ялангуяа хөдөө, орон нутгийн иргэдийн хувьд ид хүйтнээр саналаа өгөхгүй байх гэсэн болгоомжлол байлаа. Гэтэл харин ч эсрэгээрээ нийслэлийнхэн сонгуульд идэвхгүй хандлаа. Энэ юутай холбоотой юм бол?
-Ер нь ардчилсан орнуудын сонгуулийн ирцийг харахад дөнгөж ардчилал өрнөж байхдаа иргэдийн сонгууль өгөх идэвх нэлээн өндөр, цаашдаа сонгуулиас сонгуулийн хооронд буурдаг чиг хандлага байдаг юм билээ. Манайх ч гэсэн 1990 оны сонгуульд сонгогчдын 90 гаруй хувь нь саналаа өгдөг байсан бол өнөөдрийг хүртэл тэр хандлага улам буурч байна. Одоо бол УИХ-ын сонгууль 70 гаруй хувийн ирцтэй байгаа. Үүнд олон шалтгаан байдаг. Нэг хэсэг иргэн “хэнийг ч сонгосон миний амьдралд өөрчлөлт, нэмэр байхгүй” гэж итгэл алдарсан байдаг бол нөгөө хэсэг нь эсрэгээрээ буюу “хэн гарснаас үл хамаараад ажил, амьдрал минь болж байна” гэж үзэн саналаа өгдөггүй. Гэхдээ “хандлага ийм байгаа юм чинь” гэж үзээд энэ асуудлыг орхигдуулж болохгүй. Ялангуяа сургуулийн наснаас эхлээд иргэний боловсрол, ардчиллын үнэт зүйлсийг танин мэдүүлж, сурталчлах нь чухал. Хүн бүхэн аливаа өөрчлөлтийг авчирч чадна гэдэг ойлголтыг залуучууддаа суулгаж өгөх хэрэгтэй л дээ. Бид социализмын үеэс л миний өмнөөс хэдэн дарга нар бүхнийг шийддэг гэсэн сэтгэлгээтэй байсан. Энэ үе өнгөрсөн гэдгийг л ойлгуулах хэрэгтэй юм. Тиймээс нэр дэвшиж, саналаа өгөх нь чухал. Нэр дэвшинэ гэдэг их том зориг. Ялангуяа сүүлийн үед сонгуулийн сурталчилгааны зардал асар их нэмэгдсэн нь санаа зовоож байна. Учир нь ардчилал хөгжсөн орнуудад сонгуулийн сурталчилгааны зардлыг их нарийн зохицуулсан байдаг юм билээ. Реклам л төлбөртэй байдгаас биш бусад сонгуультай холбоотой мэдээ, мэдээлэл төлбөртэй байхыг хориглодог. Манайд ингэж ярих юм бол их сониноор хүлээж авна. Бүх л зүйл төлбөртэй байгаа. Сонин дээр байгаа нийтлэл, ярилцлага, телевизээр гарч байгаа мэдээ гээд бүгд төлбөртэй. Ингэж бүх зүйл төлбөртэй байхыг хориглохгүй бол хэн мөнгөтэй хүн л ялах чиг хандлага руу орчихдог. Ингэснээр мэдлэг, чадвартай ч мөнгөгүй хүмүүс нэр дэвших боломжгүй болчихдог учраас ирэх дөрвөн жилд энэ асуудал дээр нэлээн сайн зохицуулалт хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол сонгууль өөрөө эхнээсээ буруу болоод явчихна.
-ИЗНН орон нутгийн сонгуулийн санхүүжилтээ яаж босгосон бэ?
-Ер нь бол энэ удаад маш бага зардлаар, голдуу мөлхөө сурталчилгаа их хийлээ. Мөн нэр дэвшигчид нь өөрсдөө санхүүжилтээ даасан.
-УИХ-д суудалтай намуудад төсвөөс санхүүжилт өгдөг байх аа?
-УИХ-д хэдэн суудал авснаас нь хамаарч УИХ-аас санхүүжилт өгдөг болсон. Өмнө нь нэг суудал арван сая төгрөг гэж тооцоод өгдөг байлаа. ИЗНН хоёр суудалтай байлаа гэхэд нэг жилийн хугацаанд 20 сая төгрөгийн санхүүжилт авна. Тэр мөнгө манай намын Тамгын газрын үйл ажиллагаа, урсгал зардалд зарцуулагдаад явна. Манай нам өөрийн гэсэн том ордон, өмчгүй болохоор оффисын хоёр өөрөө түрээслээд л үйл ажиллагаагаа явуулдаг. Харин УИХ-ын өнгөрсөн сонгуульд 60 гаруй мянган хүн манай намд саналаа өгсөн. Нэг саналыг нь 1000 төгрөгөөр үнэлээд, улсаас 60 сая төгрөгийг нэг удаагийн дэмжлэг үзүүлдэг юм. Тэр санхүүгийн дэмжлэг орж ирсэн учраас сая болсон орон нутгийн сонгуульд тэр мөнгийг зарцуулах боломж бүрдсэн.
-Орон нутгийн сонгуульд намууд нэлээн их ач холбогдол өглөө л дөө. Магадгүй энэ нь төсвийн шинэ хуулиар орон нутагт санхүүгийн эрх мэдэл очиж байгаатай холбоотой юу?
-Яг тийм. Орон нутагт шийдвэр гаргах бөгөөд, төсвийн бодит эрх мэдэл очиж байгаа. 2013 оны байгаль орчны төсөв дээр маш энгийнээр тайлбарлаж өгье л дөө. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам 125 тэрбум төгрөгийн төсөв боловсруулаад Сангийн яаманд хүргүүлсэн. Төсвийн тухай шинэ хуулиар тэр 125 тэрбум төгрөгийн 40 гаруй тэрбум нь шууд орон нутаг руу хуваарилагдаж байгаа. Өмнө нь дийлэнх санхүүжилт яам дээрээ төвлөрөөд, тэндээсээ аль аймагт хэдэн төгрөг хуваарилах вэ гэдэг чиг удирдамж, бодлогоор өгдөг байсан. Харин ирэх нэгдүгээр сарын 1-нээс төсвийн шинэчлэл, төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд байгаль орчны салбарт нөхөн сэргээлтийн мөнгө шууд орон нутаг руу очиж байгаа. Мөн байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль гэж байдаг. Үүнд усны нөөц ашигласан, ан амьтан, ургамал, тусгай хамгаалалттай бүст газар эзэмшсэний гэх зэргээс орж ирж байгаа мөнгө хуримтлагддаг. Төсвийн тухайн шинэ хуулиар энэ мөнгө 100 хувь орон нутагтаа төвлөрнө. Хамгийн тод жишээ нь Өмнөговь аймгийн төсөв.
-Өмнөговь аймагт ашигт малтмалын томоохон ордууд үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр байгалийн нөөц ашигласны төлбөр гэж багагүй хэмжээний мөнгө орон нутагт нь төвлөрөх нь ээ?
-Энэ жил Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар аймгийнхаа Засаг даргатай хамтран шийдвэрээ гаргаж 160 гаруй сая төгрөгийн төсвийг байгаль орчны нөхөн сэргээх үйл ажиллагаанд зарцуулах эрхтэй байлаа. Харин төсвийн шинэ хуулийн хүрээнд ирэх жил гэхэд тэр 160 сая төгрөг нь даруй 14 тэрбум төгрөг болтлоо өсч байгаа. Гэхдээ энэ бол ашигт малтмалын нөөц ашигласнаас тусдаа. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 10, 20 хувь нь орон нутагтаа үлдэнэ. Харин байгалийн нөөц ашигласны төлбөр 100 хувь орон нутагтаа үлдэнэ гэсэн үг. Тэгэхээр Өмнөговиос эхлээд төсөв нь өссөн орнууд заавал яам руугаа хандахгүйгээр өөрсдөө асуудлаа шийдэх эрхтэй болчихлоо.
-Удахгүй Засгийн газрын “бал сар” гэгддэг зуу хоног болох гэж байна. Танай яамны хувьд энэ хугацаанд ямар үр дүнтэй ажиллав?
-Энэ Засгийн газар бол шинэчлэлийн гэх тодотголтой. Бүх яамдууд өөрсдийн шинэчлэлийн бодлогыг тодорхойлж, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулсан байгаа. Тодорхой, цөөн хэдэн сайн шинэчлэлийг хийх зорилгыг манай яам тавьсан. Эхний гол шинэчлэл бол манай яам өөрөө ногоон хөгжлийн, ерөнхий чиглэлийн салбар болсон. Эдийн засгийн өсөлтийн энэ үед ногоон хөгжлийн асуудлыг гаргаж тавих нь чухал. Ногоон хөгжлийн суурийг тавихаар бид энэ чиглэлийн хөгжлийн бодлогын баримт бичгийг гаргаж байгаа. Ногоон хөгжил гэдэг нь эдийн засаг байгаль орчинд ээлтэй хөгжихийг хэлдэг. Энэ баримт бичиг боловсрогдоод ерөнхийдөө дуусч байна. Тухайлбал, би усан дээр жишээ хэлье. Усны хувьд байгалийн шавхагдашгүй нөөц гэж үзээд ус бохирдуулсан ч мөнгө төлдөггүй, гамнасан ч олигтой урамшууллын системгүй байлаа. Харин бодлогын баримт бичигт ус бохирдуулсан ч төлбөр төлдөг болж байна. Мөн усны нөөц ашигласны төлбөр нэлээн нэмэгдэж байгаа. Өмнө нь гүний усыг ашиглах нь гадаргын ус ашигласнаас ч илүү хямд байсан. Харин шинэ журмаар гүний ус илүү үнэтэй болж буй. Яагаад гэвэл гүний усыг дахин нөхөн сэргээхэд илүү хэцүү. Мөн усаа дахин боловсруулаад үйлдвэрлэлд ашиглах юм бол хөнгөлөлт эдэлнэ. Тиймэрхүү байгаль орчинд ээлтэй технологийг дэмжсэн бодлогыг түлхүү хийлээ. Түүнээс гадна усны хувьд нэгэн шинэлэг зүйл хэрэгжиж эхэлж байна. Тэр нь Монгол Улс 29 голын сав газрын захиргааг бий болгож байгаа. Өмнө нь гол, мөрнийг хүн бүрийн өмч юм шиг ханддаг байсан. Хүн бүрийн өмч юм шиг мөртлөө хэний ч биш хаягддаг байсан бол өнөөдөр 29 усны захиргааг бий болгоно. Хамгийн эхний ээлжинд Туул, Орхон голын сав газрын менежментийг хийгээд баталлаа. Ингэснээр Туул гол гэхэд сав газрыг нь хариуцсан захиргаатай болж байгаа юм. Түүнтэй адилаар ирэх хоёр жилийн хугацаанд 29 сав газрыг хариуцсан эзэнтэй, захиргаатай болгоно.
-Сүүлийн үед гар аргаар алт олборлогчид улсын тусгай хамгаалалттай болон дархан цаазат газрууд руу халдах боллоо?
-Хүмүүс тэр бүр ойлгодоггүй болохоос бодлогыг яам боловсруулдаг ч хяналт тавих эрх нь бидэнд байдаггүй. Дэлхийн ихэнх оронд байгаль орчны яам салбарынхаа хяналтыг тавьдаг. Гэтэл манайд МХЕГ гээд бүх хяналтыг төвлөрүүлсэн газар бий. Дээрээс нь байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаа бол цагдаа, хууль хяналтын байгууллага хариуцна. Тиймээс энэ асуудалд маш их уялдаа холбоо хэрэгтэй. Уг нь байгаль орчны хяналт салбарын яам дээрээ байвал байгалийг хамгаалах ажил цогцоороо хэрэгжих юм шиг санагддаг. Мөн байгаль орчны журмын гэмт хэргийн эсрэг тасаг гэж цагдаагийн байгууллагад бий. Ер нь цаашдаа эрүүгийн цагдаа, мөрдөн байцаах газартай хамтарч ажиллах талаар ярьсан байгаа. Сүүлийн үед байгаль орчны эсрэг гэмт хэрэг нэлээн анхаарлын төвд орсон.
-Засгийн газраас квотоор зарим ан амьтныг агнуулах эрхийг өгдөг. Энэ эрхийг өгснөөр төсөвт хэдий хэрийн мөнгө жилдээ төвлөрдөг юм бол?
-Ан амьтны тухайд шонхор, аргаль зэрэг амьтныг төсөвт мөнгө олох үүднээс Засгийн газраас квот батлан агнах зөвшөөрөл олгодог байсан. Харин өнөөдөр төсвийн үүднээс энэ мөнгө чухал биш болчихоод байна. Нийт 2-3 тэрбум төгрөгийг ан амьтан агнасны төлбөрт авдаг байсан. Харин өнөөдөр тэр мөнгийг заавал улсын төсөвт оруулах шаардлага байхгүй болчихлоо. Тиймээс манай яамнаас үүнд тодорхой хугацаанд хориг тавин, тооллого судалгааг хийе гэсэн бодлогыг Засгийн газарт оруулъя гэсэн байр суурьтай байгаа.
-Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсаныхаа дараа халаа сэлгээг нэлээн эрчимтэй хийлээ. Танай яамны хувьд халаа, сэлгээ ямар хэмжээнд явагдав?
-Манай яам бүтцийн өөрчлөлт хийсэн. Хоёр агентлаг татан буугдсан байгаа. Тэр хоёр агентлагийн бодлогын асуудлыг хариуцаж ажиллах газрыг яаман дээр бий болгосон. Миний байр суурь бол чадалтай, туршлагатай, төрийн ажлыг хийж сурсан хүмүүсийг халах нь буруу. Гэхдээ зүгээр төрөөс цалин авчихаад, ажил хийхээсээ илүү аргацаагаад явдаг, дээрээс нь ашиг сонирхлын зөрчилтэй албан тушаалтнууд байх юм бол үндэслэлтэйгээр чөлөөлөх нь зөв. Ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль манай улсад анх удаа гарлаа. Төрийн албан хаагчид ашиг сонирхлын мэдүүлгээ өгсөн. 2006 онд Авлигын эсрэг хууль гарахад ашиг сонирхлын зөрчлийн тухай бүлгийг оруулах гэж байгаад “арай эрт байна” хэмээн хойшлуулж байсан. Тухайн үед Авлигын эсрэг хууль нь өөрөө нэлээн удаж байгаад, их том хууль гарсан. Тэр дунд ашиг сонирхлын зөрчлийг оруулчихаар хүмүүс ойлгохгүй байсан. Сая гарсан Ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль их нарийн гарсан байгаа. Тухайлбал Байгаль орчны яамд ажилладаг хүний эхнэр, эсвэл хүүхэд нь байгаль орчны үнэлгээ хийдэг компанитай байхыг хуулиар хориглодоггүй байсан. Одоо бол “уучлаарай, та ашиг сонирхлын зөрчилтэй байна. Нэг бол энэ компаниа орхи, эсвэл албан тушаалаа өг” гэдэг байдлаар ханддаг болсон. Энэ утгаараа манай яам ашиг сонирхлын зөрчлийн асуудалд хатуу байна. Гэхдээ чадалтай, туршлагатай, төрийн төлөө гэсэн чин сэтгэлтэй хүмүүсийг халж “бид засаг барьж байгаа учир өөрийнхөө хүмүүсийг оруулна” гэсэн хандлагыг дэмжихгүй. Шинэчлэл хэрэгтэй, мөн төрийн залгамж чанар зайлшгүй байх ёстой юм.
-Эвслийн Засгийн газар яам, газрууд, төрийн өмчит компаниудын удирдлагаар харилцан тохиролцсоны хүрээнд хүмүүсээ тавьж буй. Танай яамны дэд сайд нь МАХН-ын гишүүн бол, Төрийн нарийн бичгийн дарга нь Ардчилсан намын угшилтай. Та яамныхаа дэд сайд Б.Тулга болон Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл нартай хэр ойлголцож чадаж байна?
-Заавал ойлголцож ажиллахгүй бол болохгүй. Энэ яам чинь бидний хувийн өмч биш. Мөн намын биш төрийн ажил. Ялангуяа нэлээн томоохон шинэчлэл хийхээр зорьж буй энэ үед ойлголцож ажиллахаас өөр аргагүй. Би өөрөө бусадтайгаа зохицож, итгэж ажиллах арга барилыг эрхэмлэдэг. Аль ч яаман дээр удирдлага, мэргэжилтнүүдийн түвшинд ойлголцохгүй асуудал гарна. Түүнийг даван туулж гарах ёстой гэж боддог.
-Өнгөрсөн баасан гаригт Ерөнхий сайд Н.Алтанхуяг ураны асуудлаарх гишүүдийн асуултад хариуллаа. Энэ үеэр ураныг шар нунтаг хэлбэрээр олборлоно гэдгийг мэдэгдсэн байгаа. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ураныг шар нунтаг хэлбэрээр олборлоно гэж оруулсныг ИЗНН дэмжиж байсан уу?
-ИЗНН сонгуулийн өмнө байгаль орчны иргэний зөвлөлүүдтэй ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Ямар ч байсан одоогийн хүчин төгөлдөр хуулиар Монгол Улс шар нунтаг үйлдвэрлэнэ гэж бий. Харин бидний санамж бичиг дээр цөмийн цахилгаан станцыг дэмжихгүй гэсэн. Мөн цөмийн түлш үйлдвэрлэх, дахин боловсруулах, цөмийн хог хаягдлыг Монгол Улсад булшлахыг манайх мөн дэмжихгүй. Харин ураны хайгуул хийх үү үгүй юу гэдэг дээр нэлээн маргаан гардаг. 2009 онд болсон Фүкүшимагийн дэлбэрэлтээс өмнө энэ асуудал дээр манайх нэг их мэтгэлцээн явуулдаггүй байсан. Тухайн үед уран олборлох нь зүгээр л ашиг малтмал олборлохтой адил зүйл байв. Харин Цөмийн энергийн тухай бодлого, хууль тогтоомжууд 2009 онд батлагдсан. Энэ хуулийн хүрээнд л ураныг олборлоод явж болох юм байна гэж үздэг.
-Уран олборлосон орон нь тухайн түүхий эдээр бүтээсэн цөмийн түлшний хог хаягдлыг авах үүргийг хүлээдэг гэж байгаль орчны төлөөх ТББ-ууд мэдэгддэг?
-Уран олборлолоо гээд хүмүүсийн санаа зовоод, яриад байдаг цөмийн хаягдлыг буцааж авах үүргийг хэн ч, хэзээ ч хүлээдэггүй. Иргэдийн хувьд уран олборлож, шар нунтаг үйлдвэрлэх л юм бол тухайн улс нь заавал хог хаягдлаа өөрсдөө авах ёстой гэсэн буруу ойлголт байдаг. Уран олборлодог олон орон бий. Харин цөмийн түлшнээс гарсан хаягдлыг хаана хадгалах вэ гэдэг нь атомын цахилгаан станц ажиллуулдаг орнуудын толгойны өвчин болохоос биш анх олборлож байгаа оронд хамаагүй зүйл. Шар нунтагийн хувьд зэсийг баяжуулж байгаатай адил нэмүү өртөг нэмж байгаа хэрэг. Нэгэнт хайгуул хийгээд олборлосон чулууг тэр чигээр нь гаргахгүйгээр баяжмал болгож байна гэсэн үг. Ингэснийхээ төлөө цахилгаан станцын түлшний хог хаягдлыг буцааж авах үүрэг хүлээхгүй. Ер нь уран олборлохыг дэлхийн Ногоон намууд дэмждэггүй. Манай намын хувьд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг боловсруулж байхад энэ талаар нэлээн ярилцсан. Иргэний зориг нам Ногоон намтай нэгдэж ИЗНН-ыг байгуулсан. Ногоон намаас орж ирсэн хэсэг уран олборлохыг нь хүртэл дэмжихгүй байх нь зөв гэж байсан. Бид олонхиороо ярьж байгаад уран олборлох нь өөрөө одоогийн хүчин төгөлдөр хуулиар нээлттэй байгаа. Тиймээс олборлох асуудлыг нь орхиод байгаль орчны иргэний зөвлөлүүдтэй гарын үсэг зурсан атомын цахилгаан станц, цөмийн түлш, хог хаягдлыг булах асуудлыг дэмжихгүй гэдгээ тодорхой тавихаар болсон.
-Уран олборлосноор хог хаягдлын асуудлыг нь хариуцдаггүй юм байна. Гэхдээ олборлох явцад байгаль орчны эко системийн доройтол хүчтэй явагдахгүй гэж үү?
-Аливаа зүйл дээр байгаль орчны нөлөөллийн үнэлгээг сайн хийх хэрэгтэй. Байгаль орчинд уран олборлолт ямар нөлөө үзүүлж байгааг судлах Ажлын хэсэг гаргасан. Уран олборлодог олон орон байдаг. Тухайлбал Канад, Австрали, Орост олборлодог. Мөн сүүлийн үед Казакстан ураны салбарт том тоглогч болоод байгаа. Олборлолт нь өөрөө байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж, хүн амын эрүүл мэндийг хохироож байгаа талаар нэг их сонсогддоггүй. Японд ч гэсэн Фүкүшимагийн ослоос өмнө 50 гаруй атомын цахилгаан станц ажиллаад болоод л байсан. Манайд бол атомын цахилгаан станц шаардлагагүй гэж боддог. Яагаад гэвэл манай улсын эрчим хүчний хэрэглээ тийм их биш. Дээрээс нь атомын цахилгаан станцын өндөр технологийг зөв зохистой авч явах чадавхи байхгүй. Мөн нүүрсний нөөц ихтэй. Тиймээс нүүрсний цахилгаан станцуудаа байгаль орчинд ээлтэй горим руу шилжих ёстой. Мөн сэргээгдэх эрчим хүчний асар их нөөц бий. Ер нь ураны асуудал дээр зөрчил ихтэй, дээрээс нь иргэдийн дэмжлэг байхгүй нөхцөлд заавал түүгээр оролдоод байх шаардлага байхгүй гэж би хувьдаа боддог. Өөр ашигт малтмалын олон орд газар байна.
Холбоотой мэдээ