Таны түмэн амгаланг айлтган мэндчилье.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг таны ахалсан хэсэг УИХ-д өргөн барих гэж буйг “Өдрийн сонин”-ы 2012 оны 9 дүгээр сарын 9-ний 267 дугаарт таньтай хийсэн ярилцлагаас уншиж мэдэв.
Урьд өмнө нь гарсан хуулиуд Монгол Улсын иргэн бүрт газар өмчлүүлэх эрхийг нээж өгсөн хэрнээ хэрэгжүүлэх арга механизм нь байхгүйгээс хууль газар дээр бууж өгөхгүй иргэдийн газар өмчлөх эрх зөрчигдсөөр иржээ.
Та бүхний санаачилсан хуулийн шинэчилсэн төсөл шинэчлэлийн засгийн газрын шинэ дүр төрхийг харуулаад зогсохгүй, Монголынхоо нийт ард түмний урам зоригийг сэргээж амьдралыг нь огцом урагшлуулах хөшүүрэг болгох юм шиг байна. Миний хувьд таныг Монгол Улсдаа өмч хувьчлалын 2 дахь хувьсгалыг хийлгэж байна гэж ойлгож байна. Манайх Ш.Нэргүйнх гэдэг айл. 2 хүү, 2 охинтой нэгээс бусад нь айл гэр болсон. Дөрвөн өрхийн 14 хүний өрхийн тэргүүлэгчээс бусад нь /10 хүн/ газраа өмчилж аваагүй өдий хүрсэн. Одоо гарах шинэчилсэн хуулиар 10 хүний газрыг хамгийн зөв зохистойгоор үл барам хэдэн үеэрээ бахархан бардамнаж байх хөрөнгөтэй болох нь ээ гэж ойлгож байгаа.
Та бүхний санаачилж сэдэж байгаачлан 1,5 сая кв/км өргөн уудам нутаг дэвсгэр дээр 2,8 хан сая хүнд газрыг нь зөв зохистой өмчлүүлчихээр улсын маань хөгжил огцом урагшлаад явчихна даа. Энэ ажлыг манай орон шиг дэлгэр уудам энэ их нутаг дэвсгэр дээр 3 сая хүрэхгүй хүнд өч төчнөөн хувилбараар дэндүү чөлөөтэй хийж болох мэт ээ. Улаанбаатрын иргэн тэртээ Увс, Баян-Өлгийд, Өвөрхангайд амьдран суугаа Сүхбаатарын иргэн өөрийн төрсөн аймаг, сумандаа газраа өмчилж болох мэт. Сэлэнгэ аймгын нэг сум сумынхаа төвөөс хаа хол өөр газарт өмчлөлийн газрыг нь олгосноор сумынхан бүхэлдээ тариа ногоо тарьж нутгийн иргэдийн амьдрал огцом өөрчлөгдөж байгаа мэдээллийг би олж үзсэн. Өвөрхангай аймгийн төвд суугаа Арвайхээрийг иргэн төрсөн сумандаа очоод газар эзэмших эрхийг нь олговол энэ ажил амархан бүтнэ.
Танд би өөрийн амьдралаа жишээ болгож ярихыг хүсч байна. Би энэ аймгийн Зүүнбаян-Улаан сумын уугуул, өдгөө Арвайхээр сумын суугуул иргэн. Урьдах нийгмийн төр захиргааны байгууллагын ажилтан асан, өдгөө тэтгэвэрт.
Зүүнбаян-Улаан сумын Цагаан бургасан тохой гэдэг домог түүхтэй, байгалийн нэн үзэсгэлэнтэй газар урьдын цагт аймгийн удирдах байгууллагуудын амралт зугаалгын газар байсаар ерээд онд устаж үгүй болоод үүнийгээ дагаад Монгол оронд нэн ховорт тооцогдох бургасан төгөл нь /20 гаруй га/ устахад хүрснийг төрж өссөн нутгийн хүний сэтгэлээр аймаг сумын ИТХ, Засаг дарга нартаа асуудал тавьж байгаад хямгадан авч тэндхийн байгалийг бүхэлд хамгаалах “Батномин суварга” хэмээх малчны нөхөрлөл байгуулаад ажиллаж байна. Энд манай 10 хүний өмчийн газрыг өгчихөд л тэнд бас өөр сэтгэлгээгээр хандаж таарнаа даа. Ганц энэ ч бус өөр олон олон ийм газар байгаа нь мэдээж ээ.
Монгол Улсын “Газрын тухай” /2002 он/ хуулийн 5-р бүлгийн 27.5 хүний үйл ажиллагааны улмаас “Элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч хөрөнгөөр сэргээсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн газрыг эзэмшүүлж болно” гэж өөрчилж болмоор. Монгол Улсын “Газрын төлбөрийн тухай” /1997 он/ хуулийн 8-р зүйлийн 2-т “Газар хамгаалах нөхөн сэргээхэд чиглэсэн болон байгаль орчинд ивээлтэй технологиор ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газрын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх асуудлыг засгийн газар шийдвэрлэнэ” гэсэн байгаа. Үүнийг тань заавал ч засгийн газар бус орон нутгийн хурал, захиргаа ч шийдвэрлэж байж болно шүү дээ.
Ер нь байгаль орчинд онцгой ээл ивээлтэй хандаж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг онцгойлон үзэж, хөхиүлэн дэмжсэн заалтуудыг тодруулах хэрэгтэй мэт. Энэчлэн олон олон асуудлыг хөндөж болох боловч та бүхэн мэргэн оюундаа болгооно биз ээ. Ер нь та бүхний санаачилсан хуулиар төв рүү тэмүүлэх бус, төвөөс зугтах нүүдлийг газар өмчлөлөөр хийж болох магадлалтай нь харагдаж байна. “Өдрийн сонин”-д өгсөн таны ярилцлагыг би үндсэндээ хуулийнхаа төслийг ард түмэндээ ил болгон хэлэлцүүлж байгаа нэгэн хэлбэр гэж ойлгож энэхүү саналыг бичив.
Таныг гүнээ хүндэтгэсэн:
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын иргэн Шонхорын НЭРГҮЙ