Үүнээс гадна нэр дэвшигч С.Чинзориг Сонгуулийн ерөнхий хороо хууль зөрчлөө хэмээн Үндсэн хуулийн Цэцэд хандсан бөгөөд Цэц асуудлыг нягталж хэлэлцээд нэхэмжлэгчийн гомдлыг “үндэслэлгүй” гэж үзсэн байна. Нэг үгээр, Сонгуулийн ерөнхий хороо нь хууль зөрчөөгүй, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулжээ гэсэн хариуг нэхэмжлэгч иргэн С.Чинзоригт Үндсэн хуулийн Цэц өгчээ. Энд нэг зүйл дурдахад, Үндсэн хуулийн Цэцэд хандсан гомдолд нэр дэвшигч Н.Төмөрхүү гарын үсэг зураагүй юм байна.
Ийнхүү удтал маргаан дэгдээсэн Өвөрхангайн сонгуулийн асуудал дуусгавар боллоо. Тэгэхээр УИХ тун удахгүй элэг бүтэн болох нь. Уг нь өнгөрөгч баасан гаригт Өвөрхангай аймагт АН-аас нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт нар тангараг өргөх байсан ч МАН-ын зүгээс нийслэлийн Баянзүрх дүүргийн сонгуулийн дүн эцэслэгдсэний дараа гишүүдийг нэгмөр тангараг өргүүлье гэдэг хүсэлтийг УИХ-ын даргад гаргасан аж. УИХ-ын дарга эл хүсэлтийг хүлээн авснаар тангараг өргөх ажиллагаа түр хойшилжээ.