”Сонгуулийн дараа манай намд 60 сая төгрөг өгсөн”

Хуучирсан мэдээ: 2012.11.26-нд нийтлэгдсэн

”Сонгуулийн дараа манай намд 60 сая төгрөг өгсөн”

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюуныг “Ярилцах танхим”-даа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Орон нутгийн хурлын сонгуулийн урьдчилсан үр дүнг та хэрхэн харж байна вэ. Танай намаас орон нутгийн хурлын сонгуульд ямар амжилт үзүүлэв?

-Орон нутгийн хурлын сонгуулийн урьдчилсан дүн­гээр манай нам  Дорнод, Хэн­тий, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт төлөөлөлтэй болсон гэсэн мэдээлэл ирүүлсэн байгаа.Энэ удаагийн орон нутгийн хур­лын сонгуульд манай намаас 400 орчим хүн нэр дэвшсэн. Тодорхой хэм­жээнд амжилт үзүүлсэн. Ер нь орон нутагт нэг төлөөлөгч байсан ч цөөддөггүй шүү дээ.

-Танай нам санхүүгийн асууд­лаа хэрхэн шийдсэн юм бэ?

-УИХ-ын сонгуульд гар­гасан намуудын амжил­тыг хар­гал­заж үзсэний үндсэн дээр төсвөөс нэг удаагийн санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр бол­сон. Ту­хайлбал, тухайн намын УИХ дахь суудлын тоог 10 сая төгрөгөөр үнэлэн жилд нэг удаа сан­хүүгийн дэмжлэг үзүүл­дэг байх жишээтэй. УИХ-ын сонгуулиар манай нам чам­лахааргүй амжилт үзүүлж, 60 мянган хүний санал авсан. Энэ үндсэн дээр нэг хүний саналыг 1000 төг­рөгөөр үнэлж, 60 сая төг­рөгийн дэмжлэгийг орон нут­гийн хурлын сонгуулийн өмнө үзүүлсэн. Энэхүү дэмжлэг энэ удаагийн орон нутгийн хурлын сонгуульд тодорхой хэм­жээний хувь нэмэр болсон шүү. Гэх­дээ манай нам энэ удаагийн орон нутгийн хурлын сонгуульд маш бага зардал зарцуулсан гэж болно. Нэр дэвшигчид маань сан­хүүгийн асуудлаа ерөнхийдөө өөрсдөө шийдсэн. Томоохон намууд сон­гуулийн үеэр төлбөртэй нийтлэл, нэвтрүүлгээр олон нийтийн тархийг хангалттай угаасан. Харин бид хэвлэл мэдээллийн хэрэгслээр төл­бөртэй нийтлэл, нэвтрүүлэг бараг хийлгээгүй.

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт уран олборлох тухай асуудал орсон нь олон хүний эсэр­гүүцэлтэй тул­гарч байна. Энэ нь танай намын ний­цэхгүй байх. Засгийн газ­рын гишүүний хувьд энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Иргэний зориг нам анх Ногоон намтай нэгдэх үед тус намын хэсэг гишүүн уран олборлохыг дэмжихгүй гэсэн байр суурийг баримталж бай­сан. Харин бид ярилцсаны үндсэн дээр одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуу­лийн хүрээнд уран ол-бор­лохыг хориглоогүй учир уран олборлох тухай асуудлыг хөн­дөх­гүй орхихоор шийдсэн юм.

"Энэ үндсэн дээр нэг хүний саналыг 1000 төг­рөгөөр үнэлж, 60 сая төг­рөгийн дэмжлэгийг орон нут­гийн хурлын сонгуулийн өмнө үзүүлсэн. Энэхүү дэмжлэг энэ удаагийн орон нутгийн хурлын сонгуульд тодорхой хэм­жээний хувь нэмэр болсон шүү"

Харин Иргэний зориг-Ногоон нам бий болсныхоо дараа буюу УИХ-ын сонгуулийн өмнө байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний зөвлөлүүдтэй хамтарч цөмийн цахилгаан станц байгуулахыг дэмжихгүй гэсэн ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм. Тухайн үед манай намыг төлөөлж  Д.Энхбат дарга тэрхүү бичигт гарын үсэг зурж байсан. Харин тухайн үед ураны хайгуул хийх үү, үгүй юу гэдэг асуудлаар нэлээд маргаан өрнөж байсан юм. Манай улс 2009 онд Цөмийн энергийн тухай хуулийг баталсан байдаг юм. Үүнээс өмнө уран олборлох асуудлыг бусад төр­лийн ашигт малтмал олборлохтой л адилтгаж үздэг байсан. Ер нь японд болсон атомын цахилгаан станцын дэлбэрэлтээс өмнө энэ асуудлаар нэг их маргаан үүсгэдэггүй байсан шүү дээ.

-Уран олборлосон тохиолдолд цөмийн хаягдлыг нь эргүүлэн авах гэсэн том асуудал тулгараад байгаа гэдэг шүү дээ?

-Уран олборлосон тохиолдолд цөмийн хаягдлыг буцааж авах үүрэг хэн ч хүлээдэггүй. Гэтэл хүмүүсийн дунд уран олборлосон л бол тухайн уранаас гарсан цөмийн хаягдлыг уран олборлосон улс хариуцдаг гэсэн буруу ойлголт байдаг юм билээ. Тиймээс энэ талаар зөв ойлголтыг ард иргэдэд өгөх ёстой. Энэ үйл ажиллагаатай холбоотойгоор хүрээлэн буй байгаль орчинд ямар нөлөөлөл үзүүлэхийг нь судлах үүднээс ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Ер нь манай улсад заавал атомын цахилгаан станц байх шаардлагагүй гэж боддог л доо. Харин нүүрс хэрэглэдэг станциудаа байгаль орчинд илүү ээлтэй болгох тал дээр анхаарах ёстой. Нөгөөтэйгүүр,  сэр­гээгдэх эрчим хүч үйлдвэрлэх асар их нөөцтэй орнуудын тоонд манай улс зүй ёсоор багтдаг шүү дээ. Гурван долоо хоногийн өмнө Зүүн хойд Азийн орнууд сэргээгдэх эрчим хүчний асуудлаар манай улсад чуулсан. Энэхүү хурал дээр Монгол Улсын Ерөнхийлөгч, Га­даад харилцааны сайд болон миний бие оролцож, үг хэлсэн. Тэр үед манай улсад нар, салхинаас эрчим хүч гаргах хангалттай нөөц байгаа гэдгийг олон улс хүлээн зөвшөөрч байсан. Бид энэхүү эрчим хүчний нөөцийг ашиглах нь зүйтэй гэсэн байр суурийг баримталч байгаа. Тиймээс иргэдийн дунд болгоомжлол, айдас үүсгэсэн уран олборлох тухай асуудал томоохон эсэргүүцэлтэй тулгарвал заавал энэ бүхнийг хийх гэж зүтгээд байх шаардлагагүй гэж бодож байгаа.

-Шинэчлэлийн Засгийн газрын гишүүдийг намын харьяаллаар нь ажилтнуудаа ялгаварлан гадуурхаж, халаа сэлгээ хийсэн гэх шүүмжлэл дагах болсон. Таны хувьд иймэрхүү шүүмжлэлд хэр өртөв?

-Манай яамны харьяанд байдаг байсан хоёр агентлагийг татан буулгасныг эс тооцвол бүтцийн өөрчлөлт нэг их хийгээгүй гэж хэлж бол­но. Тухайн хоёр агентлагийн хариуцаж байсан гол бодлогын асуудлыг хариуцаж ажиллах газрыг яа­мандаа байгуулсан. Ер нь би мэдлэг, чадвар, туршлагатай, төрийн ажлыг хийгээд сурчихсан хүмүүсийг шалтгаангүйгээр ажлаас халах нь буруу гэсэн байр суурьтай байгаа.

-Шинэчлэлийн Засгийн газар нам, эвслийн нэгдэл дээр бүрдэж байгаа гэдэг утгаараа нэг яамны удирдах албан тушаалд Засгийн газрыг бүрдүүлж буй нам, эвслийн хүмүүсийг сөөлжлөн томилсон. Үүнийг амьдрал дээр мэдэрч байгаа хүмүүсийн нэг нь та. Тухайлбал, танай яамны дэд сайдаар МАХН-аас Б.Тулгыг томилсон. Та хоёр хэр ойлголцож байна вэ. Ойлголцолд хүрч чадахгүй байгаа хүмүүс цөөнгүй л байна гэх юм?

-Яам гэдэг хувийн өмч, аливаа нэг намын өмч биш учир удирдлагууд нь заавал ойлголцож ажиллах шаард­лагатай. Ингэж байж л ажил урагшаа ахина шүү дээ. Ялангуяа цоо шинэ чиг үүрэг, чиглэл бүхий, ногоон хөгжлийн үндсийг тавихаар зорьж байгаа манай яаманд дээр ярьсан шиг асуудал байх ёсгүй. Үл ойлголцох асуудал гарах тохиолдол байх ч тэр бүхнийг давах туулж гарах чадвартай байх ёстой. Миний хувьд нэг, нэгэндээ итгэх, ойлголцох зарчмыг баримталдаг учир тийм асуудал гарсан тохиолдолд даван туулж чадна гэж бодож байна.

Р.САРАНГОО
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж