
Орон нутгийн хурлын сонгуульд Ардчилсан намынхан бүр олуулаа болсон. Ардын намынхан УИХ-ын сонгуульд Ардчилсан намынханд ялагдсан шиг орон нутгийн хурлын сонгуульд мөн хүнд байдалд орлоо. Аймаг, дүүргийн эрх мэдэл өнгөрсөн жилүүдэд Ардын намынхны мэдэлд байсан бол энэ байдал өөрчлөгдөж байна. Ардчиллынхан Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Дорноговь, Орхон, Өмнөговь, Хэнтий, Төв, Увс, Ховд, Сүхбаатар зэрэг аймгийг удирдахаар болоод байгаа.
"Ардчилсан намын удирдсан аймгаас жишиг аймаг болсон нь Сүхбаатар. Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь аймагтаа гэр хорооллын өрхүүдийг дэд бүтцэд холбуулсан"
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Дорноговь, Завхан, Сүхбаатар, Өмнөговь аймгийг Ардчилсан намынхан удирдсан бол бусад аймагт Ардын намынхан төр барьж байлаа. Хэдийгээр сонгуулийн дүнг албан ёсоор зарлаагүй ч ялалт байгуулсан аймгийг хэн удирдах талаар ярьж эхэлсэн сурагтай. Архангай аймгийг УИХ-ын гишүүн С.Ламбаагаар удирдуулна гэх яриа бий. Тэрбээр орон нутгийн хурлын сонгуулийн үеэр Архангайн сонгуулийн менежерээр ажилласан юм. Ийнхүү тус аймагт ялалт байгуулсан учир түүнийг Засаг дарга болно гэдэг яриа гарсан бололтой. Харин УИХ-ын гишүүн асан С.Ламбаа өөрөө Архангайн засаг ноёноор очихгүй гэнэ. Тэрбээр хэдийгээр гишүүн болж чадаагүй ч, сонгуулийн дараа “Миний улс төрийн карьер дуусаагүй” хэмээн хэлж байсан. Үүнтэй холбож харвал тэрбээр албан тушаал горилж яваа юм байна гэж бодогдохоор байгаа юм.
Ардчилсан намын удирдсан аймгаас жишиг аймаг болсон нь Сүхбаатар. Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь аймагтаа гэр хорооллын өрхүүдийг дэд бүтцэд холбуулсан. Мөн нэг өрх 3.2 сая төгрөгөөр газар худалдан авч канад технологийн амины орон сууц барьсан гээд дурьдвал олон ажил бий. Ардчилсан намын удирдлагууд тус аймагт очоод “Аймгийг хэрхэн хөгжүүлж болдгийг сүхбаатарчууд харуулсан” хэмээн магтдаг. Тиймээс Ж.Батсуурийн хувьд ирэх дөрвөн жил аймгаа удирдаж явах нь тодорхой болоод байгаа юм. Түүнийг аймгийн Засаг дарга хийж байхдаа Авлигатай тэмцэх газарт шалгуулсан, хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн гэх яриа байдаг. Ямартай ч тэр бол Ардчилсан намынхны үлгэр жишээ дарга нарын нэг юм.
Өмнөговь аймгийн Ардчилсан намын дарга Д.Бадраа өнгөрсөн дөрвөн жилд тус аймгийг удирдсан. Тэрбээр Өмнөговийг удирдахдаа “Нутгийн хишиг” хөтөлбөрийг боловсруулж иргэн бүртээ 500 мянган төгрөгийг олгосон. Ийнхүү амлалтаа биелүүлсэн нь өмнөговьчууд Ардчилсан намынхныг сонгох үндэс болж өгсөн байна. Харин Д.Бадраагийн хувьд Өмнөговийн Засаг даргаар хэвээр үлдэнэ гэж буй. Ховд аймгийн тухайд Засаг даргаар нь Ардын намын гишүүн Г.Нямдаваа ажилласан. Харин одоо байдал өөрчлөгдөж Ардчилсан намынхан удирдана. Ховд аймгийн Ардчилсан намын даргаар Б.Пүрэвдорж бий. Ардчиллынхан ялсан учир түүнийг Засаг дарга болно гэх яриа дуулдаж байгаа. Нөгөөтэйгүүр, түүнд итгэл хүлээлгэж чадахгүй хүмүүс Ховдод бий. Өөрөөр хэлбэл, Б.Пүрэвдоржийг Засаг дарга Г.Нямдаваатай нийлж, Ардчилсан намд итгэх итгэлийг хөсөрдүүлсэн гэдэг. Ховдын сонгогчид сонгуулиар Ардчилсан намынханд итгэл үзүүлэхгүй байсаар УИХ-ын 2008 оны сонгуулиар гурван мандатын нэгийг нь УИХ-ын гишүүн Р.Амаржаргалд өгч байсан. Харин энэ удаа орон нутгийн хурлын сонгуульд тус намыг сонгосон нь том амжилт юм. Ерөнхийдөө “улаан” аймгийг АН-ынхан удирдах гэж буй учир тэд дорвитойхон хүнээр Засаг дарга болгоно гэж өөр хоорондоо ярилцаж байгаа гэнэ билээ.
Хөвсгөл аймгийн Засаг дарга Ц.Цэрэнжав суудал дээрээ үлдэх үү гэдэг нь маргаантай байна. Орон нутгийн хурлын сонгуулиар Хөвсгөл аймагт Ардын намынхан илүү суудал авсан (албан бус мэдээллээр). Гэхдээ тус аймгийн Ардчилсан намынхан “Ардын намын гурван гишүүн хууль зөрчсөн хэмээн” үзэж буй аж. Хэрэв Ардын намын гурван нэр дэвшигч хууль зөрчсөн нь батлагдвал Ардчилсан намынхан тус аймагт олонхи болох нь.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
