Азийн супер фото модель Д.Энхсүрэн

Хуучирсан мэдээ: 2010.05.20-нд нийтлэгдсэн

Азийн супер фото модель Д.Энхсүрэн

“Монгол модель” агентлагын загвар өмсөгч, Азийн супер фото модель Д.Энхсүрэн англи хэлний орчуулагч мэргэжилтэй. BBQ, Dell, Giordano зэрэг брэндүүдийн рекламд тоглож байсан тэрбээр өнгөрсөн жил www.gogo.mn вэбсайтын нүүр царай болсон юм. Азийн бүх орнуудад түүний авахуулсан зураг бий. Энэ жилээс Sony Bravia-гийн нүүр царай болж байгаа түүнийг бид “10 асуулт” буландаа урилаа.

-Сүүлийн үед юу амжуулж байна даа?
-Хамгийн сүүлд өнгөрсөн оны 10 сард Аса циркэд болсон “Говь” ноолуурын шоунд оролцлоо. Бас саяхан гадаадад Gucci, Dior брэндийн шоунд оролцсон юм байна.

-Бүсгүйчүүд гоо сайхандаа ихэд анхаардаг. Ер нь гоо сайхан амьдралд ямар үүрэгтэй гэж боддог вэ?
-Гоо сайхан эмэгтэй хүнд төдийгүй эрэгтэй хүнд ч өөртөө итгэх итгэл өгч, эрч хүчээ хадгалах, энерги авах маш чухал эх үүсвэр болдог гэж боддог.

-Заяаны ханьтайгаа учирсан уу?
-Найз залуу бий. Хүний сайныг ханилан байж мэднэ гэж үгийг та ч зөвшөөрөх байх. Бид бие биедээ заяаны хань байж чадах эсэхийг цаг хугацаа шалгах байх даа.

-Ямар эрчүүд таалагддаг вэ?
-Шийдэмгий, өөртөө итгэлтэй, шударга эрчүүд илүү таалагддаг.  Гадна төрхийн хувьд мэдээж, бие бялдрын хөгжил, царай зүс сайтай залуус таалагдалгүй яахав.

-Ирээдүйгээ хэрхэн төсөөлж байна вэ? Ажил мэргэжил болоод гэр бүлийн талаар?
-Хүн хүссэн зүйлээ хийж амьдрах нь чухал гэж үздэг учраас би загварын ертөнцдөө ойр байх болов уу. Ирээдүйгээ гоё, сайхнаар л төсөөлөх дуртай. Мэргэжлийн make up artist-ийн хувьд энэ чиглэлээр ажиллаж ч магадгүй. Гэр бүлийн хувьд намайг ойлгодог сайн ханьтай болно гэж итгэж байгаа.

-Өөрийнхөө биеийн юуг өөрчилмөөр санагддаг вэ? Ер нь гоо сайхны мэс заслын талаар бодлоо хуваалцаач.

-Хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй гэж хэлж болно. Ээж маань намайг сайхан төрүүлсэн. Гоо сайхны мэс засал хийлгэх шаардлага надад байхгүй.

-“Олны харцыг булаасан” бүсгүй болжээ гэдгээ анх хэзээ мэдэрсэн бэ?
-Анх загвар өмсөж эхэлсэн цагаасаа л болов уу. (инээв)

-Яагаад та “Гоёл” мэтийн дотоодын шоунд төдийлөн оролцдоггүй юм бэ?
-Би олон улсын модель гэж тооцогддог. Эх орондоо тэр бүр урт хугацаагаар байгаад байж чаддаггүй. Нэг ирэхдээ хоёроос дээшгүй сар л болдог доо. Тэр үеэрээ ямар нэгэн томоохон шоу Монголд зохиогдвол оролцох дуртай. Оролцох тоолондоо сэтгэл хангалуун үлддэг.

-Манай Монголын моделиуд тив, дэлхийд хэр үнэлэгддэг вэ?
-Монголын моделиуд олон улсын хэмжээнд маш дээгүүр үнэлэгддэг, тийм ч учраас гадагшаа гарах боломж бүсгүйчүүдэд маань нээлттэй.

-Монголоос олон улсын томоохон байгууллагуудын нүүр царай болсон бүсгүйчүүд олон бий юу?

-Алдартай том том брэндүүдийн рекламд тоглосон монгол охид цөөнгүй бий.  Загвар өмсөгч бүрийн мөрөөддөг нэг зүйл бол яах аргагүй дэлхийд алдартай сэтгүүлийн нүүрэнд гарах л даа. Миний энэ хүсэл биелсэн. Дэлхийн шилдэг Vogue, Bazaar, Crew, Herworld, Indigo зэрэг загварын сэтгүүлүүдийн нүүрэнд гарч байсан. Бас Dior, Burberry мэтийн томоохон брэндүүд, үнэ, чанараараа дэлхийд танигдсан Piaget цаг мөн алт, алмаазны компаний нүүр царай болсон.

Үндэсний тойм №1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж