Усаин Болт оны шилдгээр тодорлоо

Хуучирсан мэдээ: 2012.11.26-нд нийтлэгдсэн

Усаин Болт оны шилдгээр тодорлоо

IAAF буюу Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос оны шилдгүүдээ нэрлэлээ. Усаин Болт болоод Аллисон Феликс.

Испанийн Барселона хотноо бямба гаригийн үдэш болсон шилдгүүдийг тодруулах гала ёслолын үеэр Болт, Феликс нарт шагналыг нь гардуулжээ. Оны шилдгийн шагналыг 100 мянган ам.доллар дагалдсан байна. Болтын хувьд ийнхүү дөрөв дэх удаагаа оны шилдэг тамирчнаар тодорч буй бол Феликсийн анхны шагнал юм.

Ямайкийн домог болсон Усаин Болт өдгөө 26 настай. Тэрбээр өмнө нь 2008, 2009, 2011 онд дэлхийн шилдэг тамирчны шагнал хүртэж байсан. Харин энэ жил “Лондон-2012” зуны XXX олимпийн наадамд 100 метр, 200 метрийн зайд аваргаа хамгаалсан нь түүхэн амжилт болсон билээ. Мөн дээрх хоёр зайд Болт 9,63 ба 19,32 секундын амжилт гаргасан нь энэ жилийн хувьд хамгийн өндөр үзүүлэлт байсан юм. Тэрбээр мөн Ямайкийн бусад гүйгчдийн хамт 4х100 метрийн буухиа уралдаанд олимпийн аварга цолоо хамгаалсан, түүнчлэн он гарсаар Болт долоон тэмцээнд 100 метрт уралдсанаас зургаад нь түрүүлсэн, харин 200 метрийн уралдаанд дөрвөөс гуравт нь тэргүүлсэн амжилтын эзэн.

Аллисон Феликсийн хувьд 2005, 2007 болон 2009 дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эмэгтэйчүүдийн 200 метрийн уралдаанд түрүүлж байсан. Харин энэ жил Лондонгийн олимпод дээрх зайд түрүүлснээс гадна 4х100 метр, 4х400 метрийн уралдаанд аваргалж, 1988 оноос хойш нэг олимпиос гурван алтан медаль хүртсэн анхны эмэгтэй тамирчин болсон юм. Лондонд 4х100 метрт түрүүлэхдээ 40.82 секундын амжилт гаргасан нь дэлхийн дээд амжилт байв.


С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж