Бизнесийн судалгааны тэргүүлэгч Mongolian Marketing Consulting Group“MMCG” компанийy үүсгэн байгуулагч, CEO Д.Бум-Эрдэнэтэй зах зээлийн судалгааны ОУ-ын стандарт, өнөөгийн хүрсэн түвшин, брэндийн хөгжил, компани хэрэглэгч хоорондын урт хугацааны үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд орчин үеийн судалгааны арга хэрэгслүүд хэрхэн ач тусаа өгч болох талаар сонирхолтой ярилцлагыг толилуулж байна.
-Юуны өмнө танай компанийн хамт олонд 10 жилийн ойн мэнд хүргэе, та бидэнд ОУ-д судалгаа шинжилгээ, зөвлөх үйлчилгээний зах зээл ямар байдаг, Монголын хөрсөнд хэрхэн бууж байгаа талаар ярьж өгнө үү?
-Баярлалаа сайхан асуулт байна. Дэлхий хавтгай, хил хязгааргүй болж ОУ-ын үндэстэн дамнасан компаниуд өөрсдийн брэндийг дэлхийн өнцөг булан бүрт нийлүүлж, дэлхий даяар хэрэглэгчтэй болж байна. Үүнийг дагаад дэлхийн өнцөг булан бүрт явагдаж буй бизнесийг үнэлэх, хэрэглэгчийг судлах ОУ-ын судалгааны бизнесүүд хөгжсөн байдаг. 2010 оны байдлаар нийт 33 тэрбум долларын судалгаа шинжилгээний зах зээл байгаагийн 16 хувийг Nielsen, 12 хувийг Кантар, 6 хувийг IPSOS компани эзэлж эхний 3 байрт орсон байна.
Манай компанийн хувьд дэлхийд 2, 3-т орж байгаа Kantar Групп, Ipsos компаниуд болон өөр олон ОУ-ын судалгааны компаниудтай сүүлийн 5 жилийн туршид түншлэлийн хүрээнд хамтарсан судалгааны ажлуудыг явуулж, ОУ-ын дэвшилтэд зах зээлийн судалгааны арга техник, үнэлгээний загваруудыг өөрийн орны хөрсөнд буулгах ажлыг тасралтгүй хийсээр ирсэн. Үүнээс гадна ОУ-ийн судалгааны ёс зүйн болон арга техникийн стандартыг гаргаж мөрдүүлэгч ESOMAR, ISO байгууллагуудын гишүүнээр MMCG компани нь Монгол улсаас анхлан элсэж, ОУ стандартыг мөрдлөг болгож байгаа. Эндээс дүгнэхэд Монголын зах зээлийн судалгааны түвшин ОУ-ын стандартад хүрч байна гэж ойлгож болно.
-Зах зээлийн судалгааны ямар дэвшилтэт аргуудыг Монголд нэвтрүүлсэн, тэрхүү аргууд нь бизнест хэрхэн үр өгөөжөө өгөх талаар хуваалцана уу?
-Үндсэн гол брэндийг үнэлэх загвар, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг хэмжих, үйлчилгээний стандартыг хэмжих, ажиллагсдын санал бодлыг судлах гээд судалгааны бүтээгдэхүүнүүд бол ОУ-н жишигт хүрчихээд байгаа юм. Манай одоо нэвтрүүлээд байгаа брэндийн судалгааны загвар гэхэд л COLA, BMW, SONY, APPLE гээд дэлхийд тэргүүлэгч 40 гаруй брэндүүд өөрсдийн зах зээлд өрсөлдөх чадвар, хэрэглэгчийн худалдан авалтын төлөв байдлыг тодорхойлоход ашигладаг. Уламжлалт зах зээлийн судалгааны нуршуу тайлантай харьцуулах аргагүй, тухайн барааны зах зээлийн хэрэглээнд эзлэх хувь, хэрэглэгчийн брэнд хооронд шилжиж буй байдал, үнэнч хэрэглээ, тогтсон имидж гээд бүхий л үзүүлэлтүүдийг загвар, коеффициент, хувь хэмжээгээр харуулдаг.
-Хэрэглэгчийн үнэнч байдал гэдэг маш чухал үзүүлэлт юм шиг санагддаг, брэндийн судалгаагаар энэ үзүүлэлтийг хэрхэн хэмждэг вэ?
-Чухал байлгүй яахав орчин үеийн маркетингийн гол зорилго шинэ хэрэглэгч бий болгохоос илүүтэй байгаа хэрэглэгчээ яаж удаан хадгалах вэ гэдэгт чиглэх болсон. Хэдий олон хүн тухайн барааг үнэнч хэрэглэнэ, төдий чинээ л хүчтэй брэнд гэсэн үг. Тухайн брэндэд хэр ханамжтай байна, бусдад санал болгох уу, цаашид хэрэглэх үү зэрэг олон асуудлыг тооцсоны дүнд үнэнч байдлыг тодорхойлдог.Зах зээл дээрх голлох брэндүүдийг хэрэглэгчийнх нь үнэнч байдал, цаашид худалдан авалт хийх хандлагад нь суурилаад матрицад байршуулж өрсөлдөөний төлөв байдлыг харуулдагаараа энэ загвар давуу талтай. Уг матрицаас хэн таны брэндийг үнэнчээр хэрэглэж, хэн нь үнэнч хэрэглэдэг мөртлөө сэтгэл ханамжгүй өөр компани уруу явахад бэлэн байгаа, хэн нь таны барааг хэрэглэдэггүй мөртлөө хэрэглэх сонирхолтой байна гээд бизнесийн цаашдын стратеги шийдвэр гаргалтад нэн хэрэгтэй олон мэдээллүүдийг харах боломжтой байдаг.
-Үнэнч хэрэглээг бий болгоход сэтгэл ханамжийн түвшин хамгийн чухал юм байна гэж ойлголоо зөв үү?
-Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааг СVM /costumer value management/-тэй холбох оролдлого хийж байна. Сэтгэл ханамжтай хэрэглэгч л урт хугацаанд дахин дахин худалдан авалт хийж компанид гол ашиг орлого, зах зээлийн тогтвортой байдлыг хангахад тусладаг тиймээс хэрэглэгчийн сэтгэл ханамжийг бодитоор, байнга хэмжиж, хангаж явах ёстой. Хүн өөрөө өөртөө дүн тавьж болохгүй энэ судалгааг хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар үнэлүүлэх ёстой байдаг.
Мөн сэтгэл ханамжийг өндөр байлгахад бараа үйлчилгээний чанар стандарт ямар түвшинд байгааг тогтмол өрсөлдөгчийнхтэй харьцуулж хэмжих ёстой. Mystery shopping буюу Нууц худалдан авалтын судалгааг бид яг олон улсын стандарт, зарчимын дагуу хийж томоохон үүрэн телефон, банкуудын үйлчилгээний түвшинг салбар бүрийнх нь хувьд болон өрсөлдөгчтэй нь харьцуулсан байдлаар хэмжиж судалж байгаа.
-Компаниудын олон нийтэд хандсан ажлуудын зарим нь их үр дүнгүй байх шиг харагддаг. Зар сурталчилгааны үр өгөөжийг нэмэгдүүлэх тал дээр ямар судалгаа хийх ёстой юм бэ.
-Ер нь олон нийтэд хандаж сурталчилгаа хийнэ гэдэг маш хариуцлагатай ажил шүү дээ. Хэрэглэгчдэд реклам цацсан л бол тухайн компани тодорхой амлалт өгч байна гэсэн үг юм. Тэгээд рекламанд татагдаад хэрэглэж үзэхэд амласантай нь адил байвал худалдан авагч ханамжтай байж дахин авдаг. EMO тест гэж нүдний шил зүүлгээд хүүхэн харааны хөдлөлөөр тухайн рекламанд хандах хандлага ямар байгааг хэмждэг судалгаа хүртэл байдаг. Тэгэж нарийн хэмждэггүй юмаа гэхэд PR, сурталчилгааны ажлаа хэрэглэгчийн бүлгийн хэдэн хувьд хүрч байна, зорилгоо биелүүлсэн үү, санаагаа хүргэж чадсан эсэхийг судалж, үнэлгээ хийх хэрэгтэй. Саяхан олон нийтэд нилээд сурталчилгаа цацдаг томоохон Уул уурхайн компанийн PR ажлыг зорилтот бүлэг дээр судлаад үзэхэд их мөнгө зарсан ч хүнд хүрсэн нь тун бага байгаа нь судалгаагаар харагдсан.Тэгэхээр олон сая төгрөг зарцуулж хийх гэж байгаа томоохон компанит ажлуудыг үндсэн агуулга, сурталчилгааны материалууд, видео рекламыг эхлээд зорилтот бүлэг дээр туршаад дараа нь сайжруулсны дүнд цацалтыг хийвэл рекламны компанит ажил маш үр дүнтэй болно. Энэ судалгааны аргыг ADHOC гэдэг. Энэ талаар манай 10 жилийн ойд зориулсан “Дэлхийн судалгааны стандартыг Монголд” бизнес зөвлөгөөн дээр дэлхийн 3 дахь том ОУ-н судалгааны IPSOS компанийн захирал илтгэл тавих гэж байгаа.
-Бизнес зөвлөгөөнийхөө талаар мэдээлэл өгөөч, хаана хэзээ болох вэ, хэнд зориулсан арга хэмжээ вэ гээд?
-Компанийн удирдлагуудын хүрээнд зориулсан арга хэмжээ юм. 11 сарын 30нд Кемпинскид болно. 100 компани оролцуулахаар төлөвлөсөн боловч энэ чиглэлээр ОУ түвшиний хурал хийгдэж байгаагүй учраас компаниуд оролцох сонирхол их байна. Бүгдийг нь мэдээж оролцуулах арга байхгүй, тэгэхдээ хэрвээ энэ арга хэмжээ үр өгөөжтэй болвол цаашид ийм зөвлөгөөнүүдийг зохион байгуулах бодол байгаа. Бидэнд дэлхийн судалгааны арга стандартаас сурч мэдэх зүйл асар их байгааг саяхан Германий Мюнхэн хотод зохиогдсон Research&Result гээд судалгааны байгууллагуудын ОУ-н үзэсгэлэнгээс ойлгосон. Ялангуяа судалгаа шинжилгээнд ашиглагдаж буй техник, технологийн хувьд маш өндөр хөгжсөн байгаа юм. Дэлхийн томоохон судалгааны компанийн мэргэжилтнүүдийг урьсан байгаа, мөн бид Монголд нэвтэрчихсэн байгаа судалгааны дэвшилтэт аргуудын талаар илтгэл хэлэлцүүлнэ. Энэ бизнес зөвлөгөөн маань манай компаниуд зах зээлээ удирдах тал дээр ОУ-ийн түвшинд хүрэхэд тус дөхөм болно үзэж байна.