Хуучирсан мэдээ: 2012.11.26-нд нийтлэгдсэн

“Ардчилсан нам, ИЗНН-ыг нэг үзэл санаа, нэг чиг баримжаатай” хэмээн тодорхойлж байсан хүн бол М.Зоригт. Тийм ч учраас тэрбээр энэ хоёр намыг нэгдэх ёстой хэмээн Иргэний зориг намын ерөнхий нарийн бичгийн дарга байх үеэсээ дуугарч байв. Байгуулагдсанаасаа хойш чамгүй их хугацааг ардаа үдсэн боловч олигтой чанга дуугардаг, хүчтэй сөрөг хүчин болж чадаагүй хэмээн тэрбээр намаа шүүмжилж ч байлаа. Гэхдээ түүний сануулж хэлсэн үг, уриалгыг намын удирдлагууд нь хүлээж аваагүй учир өөрийн итгэл үнэмшилдээ хөтлөгдөн Ардчилсан намын гишүүн болсон түүхтэй. Нэг нам биш, харин нэг итгэл үнэмшлээр хэмжүүр хийдэг М.Зоригтын энэ алхам Ардчилсан намд бас нэг өнгө нэмсэн гэхэд болно. Үүний нотолгоо нь УИХ-ын ээлжит сонгууль байв. Уг нь Сүхбаатар аймгийнхан хэзээнээсээ улаан өнгөнд таатай хандаж, Ардын намын гишүүдийг дэмжсээр ирсэн. Тэнд Ардчилсан намынхан олигтой дэмжлэг авч чаддаггүй байв. Гэтэл М.Зоригт энэ бүхнийг эргүүлж орхисон гэж болно. Тэрбээр УИХ-ын арванхоёрдугаар тойрог буюу Сүхбаатар аймагт үнэмлэхүй ялалт байгуулсан. Тиймээс түүнийг Ардчилсан намын шинэ өнгө төрх гэж ч тодорхойлж болмоор. “Бодь” группын ерөнхийлөгч, “Зүүн хойд Ази” нийгэмлэгийн гишүүн, МоАХ-ын дэд тэргүүн байсан гэх зэрэг олон тодорхойлолт түүнийг дагадаг. Гэхдээ тэр дундаас эрх барьж буй Ардчилсан намыг өөр нэг талаас нь харуулж байгаа нь л хамгийн онцолмоор нь билээ.

Т.ЭЛИСА
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж