“Говь” брэндийн нүүр царай гэдгээр бидний сайн мэдэх загвар өмсөгч Э.Энхболд хүүтэй болжээ. Английн Кент хотноо арваннэгдүгээр сарын 9-24-нд болсон “Mister World-2013”-т эх орноо төлөөлөн оролцсон тэрбээр хүүтэй болсон тухай баярт мэдээгээ Facebook хуудсандаа хуваалцсан байна. Э.Энхболд “Хүү маань аавыгаа хүлээж хүлээж, арай л тэвчсэнгүй төрчихлөө. Би үнэхээр маш их баяртай байна. Ханиараа маш их бахархаж байна. Энэ дэлхий дээрх бүх ээжүүд үнэхээр мундаг шүү!!!” хэмээн бичжээ.
Э.Энхболдын гэргийг Д.Отгонжаргал гэдэг. Мэргэжилдээ авьяастай, нэр хүндтэй, нарийн торгон мэдрэмжтэй гэгддэг дизайнер бүсгүй “Урлах эрдэм” дээд сургуулийн багшаар ажилладаг. Хосууд нэг охинтой бөгөөд ийнхүү удам залгах хүүтэй болжээ. Тэдний гэр бүлд аз жаргал хүсье.
Дашрамд дуулгахад, өнгөрөгч бямба гаригт өндөрлөсөн “Mister World-2013” уралдаанд Колумбын сайхан залуу Франциско Хавьер Эскобар Парра түрүүлсэн байна.
С.ЦЭЛМЭГ