Тунхаглаагүй тусгаар тогтнол

Хуучирсан мэдээ: 2012.11.26-нд нийтлэгдсэн

Тунхаглаагүй тусгаар тогтнол

Шинэ жил, ардын хувьсгалын ой, цагаан сар, олон улсын эмэгтэйтэйчүүдийн баяр, эх үрсийн баярын өдөр, монгол цэргийн өдөр… Эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй гэсэндээ бид энэ баярын жагсаалтыг наймдугаар сарын 8-ныг аавуудын өдөр болгон зарлаж, даяаршилтай хөл нийлүүлэн алхаж буйгаа мэдрүүлэх гэж Гэгээн хайрын өдөр, Сүнсний баяр, Зул сарын буюу Христийн шашинтнуудын үздэгээр Есүсийн төрсөн өдрийг ч алгасалгүй тэмдэглэх болсон. Үүн дээр үндэсний бахархлаа зарлан тунхаглах Чингис хааны мэндэлсний ойн баяр нэмэгдэх нь тэр. Хачирхалтай нь, харийн болон үндэсний, хамтын болоод цөөнхийн эл олон баярын жагсаалтаас тунхаглан, бахдан зарлах учиртай Тусгаар тогтнолын баяр гээгдээд хоцорчихов уу даа.

Жил бүрийн аравдугаар сарын эхний долоо хоногт БНХАУ бүх нийтээр долоо хоног амарч, хил гаалиа хаадаг. Элдэв төрлийн барааны хомсдлын тухайд “Хятадууд долоо хоног амарч, хилээ хаасан” хэмээн наймаачид тайлбар тавихыг та сонсож л байсан байлгүй. Харин тэд юунд ийн ажлаа алдан найрлаж цэнгэдэг юм бол гэсэн асуулт төрж байв уу? 1949 оны аравдугаар сарын 1-нд тус улс Бүгд найрамдах хятад ард улс байгуулагдаж, Тиань ань мений талбайдаа ёслол төгөлдөр баяраа тэмдэглэж байж. Түүнээс хойш эл өдрийг тусгаар тогтнолын баярын өдөр хэмээн тунхаглаж, жил бүрийн энэ өдрийг бүх Хятад даяар (Хонконг, Макауд ч тэр) ёслолын буудлага хийж, тоглолт зохион байгуулан баяр ёслол, хүндэтгэлийн байдалтай тэмдэглэн өнгөрүүлэх болжээ. Яг л энэ жишгээр бид орчин цагийн нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн бие даасан төрт улсын илэрхийлэл болсон анхдугаар үндсэн хуулиа 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр баталснаа “Тусгаар тогтнол”-ын өдөр хэмээн нэрийдэж, тэмдэглэлт баярын өдөр хэмээн хуанлийн хуудаснаа улаанаар будаж, баярлах болсоор цөөнгүй жилийг ардаа үдсэн. Өвөө эмээ нарын бага залууд төв талбайд баярын жагсаал, хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулж, үнэ цэнэтэй эл баярыг сүр дуулиантайгаар тэмдэглэн өнгөрүүлдэг байсан бол сүүлийн жилүүдэд бүх нийтийн амралтын өдөр, үндэсний бөхийн барилдаанаар л төсөөлөгддөг болсон нь өдгөө бүр үгүй болж байгаа юм биш биз. Тусгаар тогтнолын баярын тухайд үндэсний хувцасны өдөрлөг, бөхийн барилдаанаас өөр төсөөлөл ойлголт маруухан шинэ цагийн залуус Зул сарын баяр, Валентиний өдөр, Сүнсний баярын талаар харин уртаас урт мэдээлэл хүргэж чадна. Тэд эдгээр баярыг хуруу даран хүлээж, бэлэг сэлт, хувцас хунараа хэдэн сарын өмнөөс бэлдэж төхөөрөх атал Тусгаар тогтнолын өдрийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаар тоймтой ойлголт ч үгүй. Угаас бид залуу үедээ тусгаар тогтнолын үнэ цэнийг тунхаглан таниулаагүйгээс, эл баярын ач холбогдлыг үлгэрлэн үзүүлээгүйн үр дүн нь тэр. Нөгөөтэйгүүр бид баярлах дуртай атал баярынхаа ач холбогдол үнэ цэнийг бус, зугаа цэнгэл, найрлаж наргихыг л илүүд үздэгийн хор уршиг энэ.
 

Тиймдээ ч манайхаас бусад бараг бүхий л оронд нэн тэргүүнд тавьж, ёслол төгөлдөр тэмдэглэдэг, товчхондоо хамгийн чухал баяр нь монголчуудын хувьд их ажлаас түр холдож, амсхийх энгийн нэгэн амралтын өдөр төдий болон хувираад байсан. Эл ээдрээт байдлыг бүр ч төөрөгдүүлж орхисон бас нэгэн зүйл бол арваннэгдүгээр сарын 26-ныг тусгаар тогтнолын өдөр хэмээн тодорхойлох нь зөв үү гэх асуудал. Үнэхээр ч түүхчдийн өгүүлж буйгаар 1924 оны арваннэгдүгээр сарын 26-нд анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улс болсон хэдий ч түүнээс өмнө буюу 1911 онд тусгаар улс болсноо тунхаглан зарлаж байсан түүх бидэнд бий. “Богд Живзундамба хутагтын санаачилга, удирдлага дор Манж Чин улсаас тусгаарлах монголчуудын тэмцэл үр дүнд хүрч, 1911 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдөр тусгаар тогтнолоо албан ёсоор тунхаглан зарласан төрийн ёслол болсон. Энэ үеэр Богд Живзундамба хутагтыг Монгол улсын наран гэрэлт, түмэн наст Эзэн хаанаар, Цагаан дарийг “Улсын эх” хэмээн өргөмжлөн, оны цолыг “Олноо өргөгдсөн” хэмээн нэрийдэж, Их хүрээг улсын төв “Нийслэл хүрээ” болгон Монгол улсыг байгуулж, дэлгэр их ёслолыг хийжээ” гэх өгүүлбэрүүдийг та түүхийн ном товхимол, сурах бичгүүдээс уншиж л байсан биз.  Түүхчид ч эл төөрөгдлийг арилган, Бүгд найрамдах хэмээх засаглалтай улс болсноо биш, туурга тусгаарласан өдрөө албан ёсоор баярлан өнгөрүүлэх тухай асуудлыг хөндөн хэдэн жилийн өмнөөс хэлэлцэж, Ерөнхийлөгчид Тусгаар тогтнолын баярын өдрийг эл өдөрт шилжүүлэх талаар хүсэлт гаргаж байжээ. Тиймдээ ч өнгөрөгч онд эл өдрийг “Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой” хэмээн онцолж, орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх тухай Ерөнхийлөгчийн зарлиг гарч, Засгийн газрын шийдвэрээр эл өдөр бүх нийтээр амарч байж.

Үргэлжлэлийг "Үндэстний Тойм" сэтгүүлээс уншина уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж