Тайландын нийслэл Бангкок хотод өчигдөр тус улсын анхны хатагтай Ерөнхий сайд Йинлак Чиннаватыг эсэргүүцсэн томоохон жагсаал хөдөлгөөн өрнөжээ. Тайландаас дүрвэсэн ерөнхий сайд асан Таксин Чиннаватын дүү Йинлак Чиннаватыг огцрохыг шаардсан 10 мянга гаруй эсэргүүцэгчдийн жагсаалыг цагдаа нар нулимс асгаруулагч хэрэглэн тараасан байна. Йинлак Чиннаватыг эсэргүүцэгчид түүнийг ахынхаа утсан хүүхэлдэй хэмээх болсон аж. Жагсагчид болон цагдаа нарын хоорондох мөргөлдөөний үеэр цагдаагийн долоон ажилтан гэмтэж бэртжээ. Жагсагчид Бангкок хот дахь парламентын ордны ойролцоох Хааны ордон руу нэвтрэхийг завдаж, хана руу авирахад цагдаа нар тэднийг зогсоосон байна. Тайландад эсэргүүцлийн жагсаал цуглааныг хориглодоггүй боловч цагдаа нар өчигдрийн эсэргүүцлийн жагсаалын үеэр Засгийн газрын эргэн тойрон дахь гудамжуудыг хаахаас өөр аргагүйд хүрчээ.
Цагдаа нар жагсагчдаас хутга, сум зэргийг хураан авсан байна.
Эсэргүүцлийн жагсаалыг “Тайландыг хамгаалъя” нэртэй шинэ бүлэг зохион байгуулжээ. Тайландын чөлөөнд гарсан армийн генералаар удирдуулсан дээрх бүлэг Йинлак Чиннаватын Засгийн газрыг хээл хахууль идэгдсэн, хуучинсаг үзэлт хааны гэр бүлийнхний гэмт хэргийг үл ойшоосон хэмээн шүүмжилж байгаа гэнэ. 2011 онд ардчилсан сонгуульд олонхийн саналаар ялалт байгуулсан Йинлак Чиннават эсэргүүцлийн жагсаалын үеэр 17 000 цагдаагийн ажилтныг хамгаалалтад гаргах шийдвэр гаргаж, нийтийн хэв журмыг сахиулах тухай шинэ хуулийн төслийн өнгөрсөн долоо хоногт өргөн барьсан байна.
Жагсагчдын нэг "Йинлак Чиннават сонгуульд 15 сая хүний санал авсан гэж ярьдаг. Харин би түүнийг сонгоогүй. Тиймээс тэр 15 сая хүний нэг биш гэдгээ харуулахаар энд жагсч байна” хэмээн ярьжээ.
Н.ЭНХ