Тээврийн салбартаа БНСУ-ын туршлагыг нэвтрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.11.25-нд нийтлэгдсэн

Тээврийн салбартаа БНСУ-ын туршлагыг нэвтрүүлнэ

Манай улс тээврийн салбараа богино хугацаанд дэлхийд тэргүүлэх төвшинд хүртэл хөгжүүлж чадсан БНСУ-ын арга туршлагаас суралцаж байна. Шинэчлэлийн Засгийн газар зам тээврийн салбарыг хөгжлийн тэргүүлэх зорилтынхоо нэг болгон, тусад нь шинээр яам байгуулж, энэ салбарт тэргүүний техник технологитой улсуудын туршлагыг нэвтрүүлэхээр зорьж байгаа. Тиймээс Монгол Улсын Зам тээврийн яам улс орныхоо тээврийн салбарын бодлогыг зангидан, хөгжлийг нь тодорхойлж байдаг БНСУ-ын Тээврийн институтээс төлөөлөгчид урьж, хамтарсан семинарыг зохион байгуулан, тус улстай тээврийн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан байна.

Манай улсын хувьд ч Төв Азийн чухал байршилд байдаг учир дамжин өнгөрөх тээвэрлэлт, зорчигч тээвэрлэлт нэмэгдсээр байгаа. “Чингис хаан” олон улсын нисэх буудал гэхэд л 2011 онд нэг сая зорчигч хүлээн авчээ. Мөн нисэх онгоцны шинэ буудал барих ажлыг эхлээд байгаагийн зэрэгцээ өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахын тулд шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орох хүртэл  одоогийн “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг хэрхэн өргөтгөх, сайжруулах ажлын төлөвлөлөөг ч солонгос мэргэжилтнүүдтэй хамтран боловсруулах юм. Санамж бичигт тусгаснаар талууд эхний ээлжинд тээврийн хөгжлийн асуудлаар хамтарсан судалгаа, шинжилгээ хийх, БНСУ-д ажилтнуудаа сургах ажлыг зохион байгуулахаар болжээ.

Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын жишгээр зам тээврийн хөгжил нь улс орон, эдийн засгийн хөгжлөө авч явдаг. Хөгжлийн туршлагаасаа хуваалцаж буй БНСУ-д гэхэд 1971 оноос хурдны замыг далайцтай барьж эхэлсэн агаад түүнээс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд дотоодын нийт бүтээгдэхүүн нь 118 дахин өссөн байна. Мөн дэлхийн агаарын тээврийн эрчмийг судалж тооцон, аливаа улс орны нүүр царай болж байдаг нисэх буудалдаа томоохон хөрөнгө оруулалт хийн дэлхийд тэргүүлэх шинэ нисэх буудлыг барьж ашиглалтад оруулснаас хойшхи 10 жилийн хугацаанд олон улсын нислэг нь 60-70 хувь нэмэгдэж, эдүгээ дэлхийн 40 гаруй орнуудад нислэг үйлддэг, Зүүн хойд Азийн гол нисэх буудлын нэг болж чаджээ. Өнгөрсөн онд гэхэд л Инчоны олон улсын нисэх буудал 35 сая зорчигч хүлээн авсан байна.

Г.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж