Жүдочид гурван алт хүртлээ

Хуучирсан мэдээ: 2012.11.25-нд нийтлэгдсэн

Жүдочид гурван алт хүртлээ

Хятадын Чиндао хотод уламжлал болгон зохион байгуулдаг Гран-при тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Энэ тэмцээнд манай улсаас 18 жүдоч хүч чадлаа сорьж байгаа юм. Нэлээд залуу бүрэлдэхүүнтэй Чиндаог зориход эхний өдөр гурван алтан медалийг манай тамирчид хүртэв. Эмэтэйчүүдийн хамгийн хөнгөн жинд Монголоос нэг ч тамирчин оролцоогүй. Тэгвэл эрэгтэйчүүдийн 60 кг-д олон улсын хэмжээний мастер Г.Хэрлэн, Д.Амартүвшин нар хүч үзсэн. Г.Хэрлэнгийн хувьд эхлээд Их Британи, улмаар Хятад, цаашлаад Солонгосын жүдочийг буулган авснаар алтан медалийн төлөөх барилдаанд нутагт нэгт Д.Амартүвшинг хоёр юүкогоор дийлж алтан медалийн тавцанд зогсов. Ингэснээр түүний хувьд Гран-при тэмцээнээс анхны алтан медалиа хүртэж байгаа нь энэ. Түүнийг жүдо сонирхогчид залуучуудын анхны Азийн аварга гэдгээр нь андахгүй мэдэх биз. Г.Хэрлэнд дийлдэж мөнгөн медаль хүртсэн Д.Амартүвшин эхний тойрогтоо хийлж, улмаар Энэтхэг, Хятад, Оросын жүдочдыг дараалан сөхрүүлсэнээр мөнгөн медалийн эзэн болсон. Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер М.Уранцэцэг хүрэл медаль хүртэв. Тэрээр Хятад, Энэтхэгийн тамирчдыг ялсан ч Бразилийн Миринда Эрикад ялагдсан юм. Эрэгтэйчүүдийн 66 кг-д олон улсын хэмжээний матсер Б.Хишигбаяр нэлээд чанга өрсөлдөгч нартай таарсан. Тэрээр Энэтхэг, Бразил, Японы жүдочдыг ялж алтан медалийн төлөө барилдах эрхтэй болов. Харин нөгөө талаас олон улсын хэмжээний мастер Д.Төмөрхүлэг аваргын төлөө барилдахаар шалгарсан. Тэрээр Чад, Хонконг, Их Британи, Оросын жүдочдыг ялсан юм. Ингээд дахин Монголын хоёр тамирчин аваргын төлөө барилдахад Д.Төмөрхүлэг алт, Б.Хишигбаяр мөнгөн медалиар энгэрээ мялаалаа. Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Д.Сумъяа барилдсан бөгөөд олимпод оролцсоноос хойш нэлээд туршлагатай болсон нь харагдаж байв. Тэрээр Солонгос, Хятад, Словен, Бразилийн жүдочдыг ялснаар Монголын төрийн дууллыг Чиндаогийн Гран-прид гурав дахиа эгшиглүүлсэн. Харин эрэгтэйчүүдийн 73 кг-д Г.Одбаяр Хятад, Солонгосын бөхчүүдийг ялсан ч Словенийн Рок Драксичид дийлдэж хүрэл медальтай үлдэв. Түүнтэй нэг жинд барилдсан залуу тамирчин Д.Даваасүрэн хоёрдугаар тойргоос тэмцээнийг орхисон. 63 кг-д залуу тамирчин Б.Мөнгөнчимэг өрсөлдөж тавдугаар байр эзлэв. Эхний өдөр манай Чиндаогийн татамид гарсан манай есөн жүдочоос долоо нь медалийн тавцанд зогслоо. Гурван алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль. Тэгвэл хоёр дахь өдрийн барилдаанд манай зургаан тамирчин барилдав. Тэднээс эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер О.Ууганбаатар хүрэл медалийн болзол хангаад байлаа. Тэрээр медалийн өнгө хувиргах барилдаанаа Оросын Хабачиров Мураттай хийнэ. Түүний ялбал алтан медалийн төлөө Бразил, Хятадын тамирчны хэн ялсантай нь барилдах юм. Бусад нь медалийн тавцанд гарч чадсангүй.

Дашрамд сонирхуулахад, уг тэмцээнд түрүүлсэн жүдоч 3000, дэд байр 2000, хүрэл медалийг 1000 ам.доллар дагалдаж байгаа юм.






С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж