Ясир Арафатын цогцсыг шинжилнэ

Хуучирсан мэдээ: 2012.11.25-нд нийтлэгдсэн

Ясир Арафатын цогцсыг шинжилнэ

Палестины чөлөөлөх байгууллагын удирдагч агсан Ясир Арафатын цогцсыг шинжлэхээр цогцсыг нь ирэх мягмар гаригт бунхнаас нь гаргахаар болсон тухай Палестины албаны нэгэн хүн өчигдөр мэдээлжээ. Ясир Арафат 2004 оны арваннэгдүгээр сарын 11-нд 75 насандаа Парисын Перси цэргийн эмнэлэгт амьсгал хураасан билээ. Түүнийг 2004 оны аравдугаар сарын 29-нд Йордан голын Баруун эргийн Рамалла хот дахь өргөөнөөс нь Парисын эмнэлэгт шилжүүлсэн бөгөөд комд орсноосоо хойш найм хоногийн дараа нас барсан юм. Түүний ухлийн шалтгаан өнөө болтол тодорхойгүй байдаг. Францын эмч нар Арафатыг цус харвалтын улмаас дотуур цус алдаж нас барсан хэмээн оношилсон байдаг бол ойр дотныхон нь түүнийг Израилийн тусгай албаныхан хөнөөсөн гэж сэжиглэдэг юм. Ясир Арафатын цогцсоос Франц, Швейцари, ОХУ-ын бие даасан шинжээчид дээж авч, шинжилгээ хийх ажээ. Цогцост шинжилгээ хийсний дараа тэр өдөрт нь багтаан Йорданы баруун эрэг дээрх Рамалла хотын бунханд ёслол хүндэтгэлтэйгээр дахин оршуулна гэж Палестины Тагнуулын албаны дарга өчигдөр хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ. Арафатын цогцсыг дахин оршуулахад цэргийн хүндэт ёслол  болох аж.

Палестины албаны хүмүүс шинжилгээний хариу найман жилийн өмнө нас барсан удирдагч Ясир Арафатыг цацраг идэвхит полонид хордсон гэдэг сэжиг таамгийг эцэс болгоно гэж найдаж байгаа гэнэ. Палестины чөлөөлөх хөдөлгөөний бэлэг тэмдэг болсон Ясир Арафатын үхлийн тухай “Аль Жазира” теле суваг өнгөрсөн долдугаар сард шинэ баримтат нэвтрүүлгийг бэлтгэн олон нийтэд хүргэсэн. Уг нэвтрүүлэгт Палестины  чөлөөлөх байгууллагын удирдагч агсны бэлэвсэн гэргий Coxa Арафат талийгаач нөхрийнхөө эд зүйлсийг Швейцарийн Лозанна дахь Европын шилдэг лабораториудын нэгэнд шинжлүүлсэн тухай өгүүлдэг. Харин Швейцарийн цацрагийн хүрээлэнгийн захирал Франсуа Бошуд Ясир Арафатын байнга зүүдэг байсан толгойн алчуур, шүдний сойз зэргээс цацраг идэвхит полони-2010 хэмээх бодис илэрсэн болохыг уг нэвтрүүлэгт оролцохдоо барим тавин ярьсан байдаг аж. Гэхдээ илүү баттай нотолгоо гаргахын тулд цогцост нь задлан шинжилгээ хийх хэрэгтэй хэмээсэн нь түүний үхэлд Израилийн тусгай албаныхан буруутай хэмээн сэжиглэж байсан Палестинчуудын эргэлзээг дэврээсэн билээ. Израилийн тал энэ асуудал дээр ямар нэгэн тайлбар хийгээгүй.

Арафатын бэлэвсэн эхнэр нөхөр нь цацраг идэвхит полонид хордож нас барсан эсэхэд 100 хувь итгэхийг хүсч уг шинжилгээг явуулахыг хүсчээ.

Цацраг идэвхит полонитой холбоотой хэвлэлээр шуугиж байсан өөр нэг аллага бол ОХУ-ын КГБ-ын нууц ажилтан Александр Литвиенкогийн үхэл билээ.

Цацраг идэвхит полонид хордож үхсэн түүний цогцсыг 2006 онд Лондон дахь нэгэн зочид буудлаас олсны  дараа ОХУ, Их Британийн харилцаа муудсан юм.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж