
М-Си-Эс групп нийгмийн сайн сайхан үйлсэд чиглэсэн олон үйл ажиллагааг дэмжиж, тэдгээр үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог. Үүний нэг тод жишээ нь Монгол улсын ирээдүйн эзэд болсон оюутан залуусын боловсролыг дэмжих, чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх үүднээс 2004 оноос эхлэн ОЮУТНЫГ ИВЭЭН ТЭТГЭХ ХӨТӨЛБӨР-ийг өнөөг хүртэл амжилттай хэрэгжүүлсэнээр нийт 180 гаруй оюутан тэтгэлэгт хамрагдан, олон шилдэг залуус ажлын байртай болсон байна. Тус хөтөлбөрт Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж буй бүх их, дээд сургуулийн төгсөх болон төгсөхийн өмнөх курсын бүх оюутнууд хамрагдах өргөн боломжтой байдгаараа онцлог. Өндөр амжилттай суралцагч, бусдыгаа манлайлагч, амжилтын оргил өөд тэмүүлэгч оюутаныг дэмжих, амьдралын гараанд нь түшиг болох ОЮУТНЫГ ИВЭЭН ТЭТГЭХ ХӨТӨЛБӨР – 2010 оны шилдэг оюутнууд өчигдөр шалгарч, М-Си-Эс Кока Кола ХХК-ийн байранд шагналаа гардан авлаа. Нийт 27 их, дээд сургуулийн 550 гаруй оюутнаас шалгарсан 30 оюутанд сар бүр 50 мянга, жилийн турш нийт 500 мянган төгрөгийн тэтгэлэг олгохоос гадна М-Си-Эс группын харьяа аль нэг компанид үйлдвэрлэлийн буюу дипломын дадлага хийх, сургуулиа төгсөөд тус группт ажиллах боломжийг давхар олгож байгаа юм. Энэ жилийн хувьд МУИС, ШУТИС, КТМС, СЭЗДС зэрэг сургуулиудаас Д.Энхзаяа, Б.Халиунаа, Н.Эрдэнэтуяа, Б.Эрдэнэтуул, С.Энхтуяа, А.Ангар нар шалгарч, М-Си-Эс группын харьяа компаниудад өөрсдийн эзэмшсэн мэргэжлийн дагуу ажиллахаар болсон байна.