Сонголт хийсэн долоо хоног

Хуучирсан мэдээ: 2012.11.25-нд нийтлэгдсэн

Сонголт хийсэн долоо хоног

Өнгөрсөн долоо хоног Орон нутгийн төлөөллөө сонгож, УИХ бүл нэмж, Оюутолгойн гэрээний асуудлаар халз мэтгэлцэж, “ширүүхэн” өдрүүд байлаа.

Хүлээлт үүсгэсэн сонгуулийн дүн

Дөрвөн жилд нэг удаа сонгодог Орон нутгийн сонгууль өнгөрсөн долоо хоногийн хамгийн том үйл явдал байлаа. Энэ удаагийн сонгуульд 21 аймаг, 330 сум, 9 дүүргийн сонгуулийн хороо, 2010 хэсгийн хороо, нийт 2370 сонгуулийн хороо зохион байгуулагдан ажилласан юм.  Орон нутгийн сонгуульд долоо нам,  хоёр эвсэл оролцон, тэдгээр нам, эвслээс болон бие даан нийт 19400 гаруй нэр дэвшигчид өрсөлдлөө. Орон нутгийн сонгууль олон олон онцлогтой. Тухайлбал, анх удаа цахим үнэмлэхээр санал өгсөн. УИХ-ын сонгуултд ашигласан автотмашины тооллого будилаангүй болсон гэж үзэж орон нутгийн сонгуулийг ч мөн автомат машинаар тоолсон. Мөн анх удаагаа уламжлал ёсоор намар болдог байсан санал хураалтыг арваннэгдүгээр сарын 23-нд буюу өвөл зохион байгуулсан

Орон нутгийн сонгуулийн хуулийн дагуу сонгуулийн эцсийн үр дүнг тойргийн хороо, ИТХ-д танилцуулах ёстой, үүний дараа СЕХ-нд нэгтгэн дүнг эцэслэнэ гэсэн байгаа. Гэхдээ сонгуулийн дүнг хуулийн хугацаа нь долоо хоног юм. Хуулийн дагуу сонгуулийн үр дүнг ирэх долоо хоногт тухайн орон нутгийнхаа ИТХ-д өргөн барьж танилцуулах.

Гэхдээ одоо хүртэл орон нутгийн сонгуулийн ирцийн дүн мэдээг олон нийтэд албан ёсоор танилцуулаагүй байна. Хуулийн дагуу сонгогчдын 50-аас дээш хувь санал хураалтад оролцсон бол ирц хүрсэнд тооцогдох юм. СЕХ-оос гаргасан хамгийн сүүлийн ирцийн мэдээгээр нийслэл сонгогчдын ирц 45 хувь, орон нутаг 50 хувь байсан. Санал хураалт дуусахаас хоёр цагийн өмнө СЕХ-ны мэдэгдсэн мэдээллээр нийслэл ирц хүрэхгүй, дахин санал хураалт явуулж магадгүй гэсэн нь олон хүнийг бухимдуулаад авсан. Гэвч одоог хүртэл ирцийн мэдээг албан ёсоор танилцуулаагүй байгаагаас “СЕХ-оос ирц хүргэх тал дээр ямар нэг “арга” сүвэгчлэхээр ажиллаж байна” гэсэн сэрдлэгийг төрүүлсэн. Харин тэдний ямар “арга” сүвэгчлэх нь тодорхой бус байна.

Намуудын гаргасан урьдчилсан дүнгээр АН ялалт байгуулж, харин МАН  ялагдсан гэх мэдээллийг өгсөн. АН 14 аймагт ялалт байгуулсан бол МАН есөн аймагт ялалт байгуулсан урьдчилсан дүнг танилцуулсан. Есөн аймаг гэдэг ялагдал уу гэх асуултад “УИХ-ын сонгуулийг бодвол илүү байсан. Ялагдал бүхэн өөрийн үнэ цэнэтэй байдаг” гэх намын даргын үг МАН-ын орон нутгийн сонгуульд ялагдал хүлээсэн гэдгийг бараг л нотолчихсон. Одоо тойргийн хороод нэгдсэн дүнгээ гаргах л үлдээд буй.

71-1+4…

Өнгөрсөн долоо хоногт “эвлэдэггүй 76” дахин гурван хүнээр бүл нэмэх байсан. Гэвч Баянзүрх буюу УИХ-ын 22-р тойргийн дахин санал хураалтын дүнг эцэслэн гартал “бүл нэмэх” асуудлаа ирэх долоо хоногт болгон хойшлуулсан. УИХ-ын сонгуулийн будлианаас болж УИХ-ын 71 гишүүнтэйгээр өдийг хүрсэн. Гэвч замын дундаасаа нэгийгээ “гээж” 70-уулаа болсон. Учир нь МАН-ын гишүүн У.Хүрэлсэх гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж, түүний оронд Д.Сарангэрэл тангараг өргөхөөр болсон. Мөн Өвөрхангай аймагт АН-аас нэр дэвшигч Г.Батхүү, М.Зоригт нар тангараг өргөх байсан ч МАН-ын гишүүдийн “буйдантай жагсаал” мөн л гишүүн болоход нь “саад” учруулсан юм. Эсэргүүцэлтэй тулгарч, хойшилсоор өнгөрсөн долоо хоногт Өвөрхангайн хоёр тангараг өргөх болсон ч бас л хойшлуулсан. УИХ-ын 22-р тойргийн дахин санал хураалт ирц хүрээгүй ч нөхөн сонгууль явуулахгүй, СЕХ-ын хурлаар шийдвэрлэхээр болсон гэсэн мэдээлэл байна. Ирэх долоо хоногт дөрвөн гишүүн тангараг өргөж, УИХ 74-үүлээ болно. Хэрвээ 22-р тойргийн дахин санал хураалтаас ялсан гэх Д.Арвин, Өвөрхангайн хоёр болон жагсаалтаар У. Хүрэлсүхийн оронд нөхөгдөх Д.Сарангэрэл нар тангаргаа өргөчихвөл  “Эвлэдэггүй 76” эвлэхэд хоёр гишүүн буюу Сонгинохайрхан дүүрэгт дахин сонгуулиар сонгогдох нэг мандатын эзэн, МАХН-аас намын жагсаалтаар нэр дэвшигч Ц.Оюунбаатар нар дутуу үлдэж буй. МАХН-ыхны хувьд Ц.Оюунбаатарыг тангараг өргүүлэх эсэх дээр эргэлзэж эсвэл тохиролцоонд хүрч чадахгүй байгаа бололтой. Ямартай ч 76-уулаа байх ёстой З.Энхболд даргын анги эхнээсээ эвлэрч эхэллээ.

С.Ганбаатар VS С.Баярцогт

Гурван удаа хойшилсон халз мэтгэлцээн өнгөрсөн долоо хоногийн төгсгөлд болсон. Оюутолгой ашигтай, ашиггүй нотлох байсан халз мэтгэлцээнд С.Баярцогт “бэлтгэл” сайтай байснаа харуулсан. С.Ганбаатарын хувьд бэлтгэл муутай байсан уу эсвэл гэрээний талаархи мэдээлэл бага байсан уу өөрийг нь дэмжиж байсан олон хүний урмыг хугалах шиг болов. С.Баярцогт “чи мэдлэггүй” гэх үгийг 17 удаа хэлсэн гэсэн твитерчдийн шог яриа ч гарчихсан байна лээ.

Хоёр цаг гаруй хугацаанд С.Баярцогт илүү мэдээлэл хүргэж чадсан. Халз мэтгэлцээн эхлэхэд л өөрт ашигтайгаар оноо авч чадсаныг хэлэх хүн олон байгаа байх. Гэвч орон даяар цацагдсан халз мэтгэлцээнийг иргэд өөр өөрсдийнхөөрөө дүгнэх биз.

Гавьяатаас татгалзсан гавьяат

Улстөр, нийгмийн амьдрал ийн өрнөж байх үед урлаг соёлд ч мөн дуучин С.Жавхлан шуугиан тарив. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх цол хүртэж, ард түмний хишиг хайр гэж хүлээн авсан С.Жавхлан гавьяат цол тэмдгээсээ татгалзаж, уран бүтээлийн тайлан тоглолтоо хийж байсан Хөгжмийн зохиолч Б.Магсаржавд хүлээлгэн өгсөн.  Тэрээр өөрийн гавьяатын тэмдгээ Б.Магсаржавт зүүж өгөхдөө “Надад хүндэдсэн цол учраас өгөх ёстой хүнд нь өгөх хэрэгтэй” гэсэн тайлбар дагалдуулав.  Төр түмний хайр хишгийг даасангүй гэх нэгэн байхад гавьяа шагнал хүрэх эзэндээ хүрч байх нь зүйтэй гэх нэгэн ч  байсан юм. Ямартай ч гавьяат цолноос татгалзсан гавьяат маань өөрийгөө СТА гэж нэрлэж байхыг зарлав. Ном журмандаа гавьяатаа сольж, хольж болохгүй гэх зүйл байхгүй ч гавьяат цолыг Б.Жавхлан “тараадаг” нь биш гэсэн шүүмжлэлийг дагуулаад байгаа. Ямартаа ч түүний сонголт долоо хоногийн төгсгөл дэх содон шуугиан байсан юм.

Өнгөрсөн долоо хоног сонголтоор дүүрэн байлаа. Ард түмэн орон нутгийн удирдлагаа сонгож, УИХ-ын сонгуульд Өвөрхангай, Баянзүрх дүүргийн иргэдийн сонголтыг бататгаж, сонгосон гишүүд нь тангараг өргөх байсан ч түр хойшлуулсан бол Монгол Улсын гавьяат жүжигчин цолноосоо татгалзаж Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээ сонгож, сонголтоор дүүрэн өдрүүд өнгөрлөө. Магадгүй дараагийн сонголтууд ч ирэх долоо хоногт биднийг хүлээж байгаа биз ээ.

Ш.ОЮУНЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж