Эр хүний гоёл, аксессуар нь түүний зан чанар, мэдрэмж, үзэл бодлын илэрхийлэл нь болж байх ёстой. Түүнээс гадна ямар нэгэн бодит үйлдэлтэй тохирч байх нь зохимжтой. Хэрэв та үнэт эдлэл, гоёл сэлтийг эдэлж хэрэглэнэ гэвэл багагүй зоригтой байх хэрэгтэйгээс гадна эрүүл сонирхолтой байх нь чухал. Орчин үеийн дизайнерүүд “Та өөртөө итгэлгүй хувцасласан бол цагнаас бусдыг нь тайлаад хая” хэмээн зөвлөх дуртай. Энэ ч бас нэг стиль шүү.
Хэрвээ та эхнэртэй атал хуримын бөгжөө /0.5 мм өргөн байх нь сайхан харагддаггүй/ зүүгээгүй бол бусдад адал явдал хайгч, ажил хэрэгч биш нэгэн болж харагдана. Бас том бөгөөд элдэв этгээд хэлбэр дүрстэй бөгж, бугуйвч, гинж сэлтээр гангарвал нийгмийн цөөнхийн шинж тэмдэг. Жишээ нь, ижил хүйстэн, тэрсүү үзэлтэн г.м.
Арабын баян шейхүүдийг дагах дуурайх бүр ч хэрэггүй. Тэдэн шиг асар үнэтэй бөгж, гинж зүүвэл, таны гайхуулах онцгойрох сонирхлыг тань гэрчлэхээс гадна хуурамч, сагсуу занг чинь бас илэрхийлнэ. Үнэтэй, хэт хараа булаасан содон гоёлын зүйлсийг өдөр тутам зүүж явах нь тун зохимжгүй. Түүнийг зөвхөн баяр ёслолын томоохон хүлээн авалтан дээр л гэхээс…
Асар өндөр үнэ бүхий бөгж, бугуйвч нь бас эн тэнцэх хувцас, смокинг, фрак дээр л тохирдог боловч та хар тамхины том босс, хүн худалдаалагч болж харагдах гээгүй л бол ингэх хэрэггүйг санаарай.
Харин залуусын хувьд өөрсдийн тусгай “сэдэвчилсэн” шоунд элдэв хангинаж жингэнэсэн төмөр чимэглэл зүүх бол өөр хэрэг .Тэнд уур амьсгал, утга агуулга эрс өөр байх болно.
Эрчүүдийн бас нэг гоёо бол запонк буюу цамцны ханцуйны тээглүүр Хуучин зөвхөн баяр ёслолоор зүүдэг байсан бол өнөөдөр өдөр тутмын хэрэглээ болсон байх юм. Зурхайн ордуудын дүрс хэлбэртэй, эсвэл фирмийн бэлгэ тэмдэгтэй запонк хэрэглэх нь тун тохиромжгүй байдаг. Энгийн бөгөөд нүдэнд өртөхөөргүй өнгө хэлбэртэйг нь сонгох нь чухал.
Бизнесмэн эрчүүд зангиандаа хавчаар хэрэглэх нь их хоцрогдсон хүн гэсэн мессеж илгээх болно. Танд гэж хэлэхэд хавчаар зүүх хэрэггүй, харин зүгээр л хадгал. Зүүх шаардлага гарвал запонктайгаа ижил өнгө дүрстэйг хэрэглэх албагүй. Нарийн мэдрэмжтэй хүмүүс имижийн ийм энгийн шийдлийг хэзээ ч хийдэггүй.
Нэр төртэй бизнесмен хүн пиджак дээрээ ямар ч тохиолдолд тэмдэг зүүдэггүй. Өөрийн компаны нэр лого бүхий тэмдэгийг зөвхөн үзэсгэлэнгийн нээлтэн дээр л зүүнэ. Харин уулзалт хэлэлцээр, хэвлэлийн хурал дээр зүүвэл тун тохиромжгүй харагдах болно.
Эрчүүдийн пиджакны халаасанд 150–аас доошгүй алчуур байх ёстой гэж Английн нэрт зохиолч Жорж Байрон хэлсэн удаатай. Харамсалтай нь өнөөгийн эрчүүд ийм биш л дээ. Интернэтээр явуулсан санал асуулгад эрчүүдийн дөнгөж 14 хувь нь л алчуур хэрэглэдэг гэх юм. Хятад улсад олон нийтийн газар шүлс нусаа хаяхыг ч хатуу хориглож торгохоор болоод байгаа. Тэгэхээр соёлтой хэмээн өөрийгөө бодож явдаг хүнд заавал ам хамрын алчуур байх ёстой хэмээх дэгийг одоогоос 400 жилийн өмнө Европт тогтоож өнөөг хүрсэн байх юм. Эртний Венецийн язгууртнууд анх моодонд оруулсан ч гэдэг. Түүхэн хөгжлийн явцад алчуурын хэлбэр хэмжээ, өнгө, хээ угалз зураг янз бүрээр хувирч ирж. Гэвч хамгийн энгийн бөгөөд хэрэглэхэд хялбар нь дөрвөлжин алчуур болжээ. Түүх сөхвөл нэг ийм.
Эр хүнд гурван ширхэг алчуур байх нь тун тохиромжтой гэлцдэг. Дөрөв дэх нь пиджакны энгэрийн жижиг халаасанд чимэг болох зориулалттай. Гурван алчуурын хоёрыг өмдний халаасанд байнга хийж явах хэрэгтэй. Алчуурын өнгийг өмссөн хувцасныхтайгаа хослуулах албагүй. Зөөлөн, завсрын өнгөнөөс эхлээд тод цагаан, тас хар байж болох бөгөөд ямар нэг рекламны зурагтай алчуур харин зохисгүй харагдана. Орчин үеийн үйлдвэрлэл харшлын эсрэг, эмчилгээний гээд маш олон төрлийн алчуурыг хэрэглэгчдэд санал болгох болсон. Алчууртаа үнэртэн ус шингээх нь таны тухай тэнэг ойлголт төрүүлдэг.
Эр хүний эдэлж хэрэглэж буй эд зүйлс хуурамч биш төстэй ч биш харин жинхэнэ “ориг “ байх нь маш чухал. Яагаад гэвэл бизнесменүүд “ориг” эд зүйлсийг хуурамч дуураймлаас ялгаж чадах хэмжээнд хүрсэн юм шүү. Тэгэхээр эрчүүдээ “Бараг адилхан” гэдэг ойлголт хэрхэвч байж болохгүй нь байна даа.
Та нөхцөл байдалдаа тохирсон цаг зүүх хэрэгтэй. Ажил хэрэгч хүний цагны тоо нь тод хуучны хэв маягтай байвал зохино. Ямар нэгэн хуанли, он сар зэрэг нэмэлт зүйлүүд илүүц харагддаг. Хэлбэр хэмжээ нь таны гарын бугуйнд яг таарсан байх ёстой. Үнэтэй ширэн оосор тун дажгүй. Цагны тань оосорны төмөр түгжээ нь цагны тань тооны өнгөтэй таарч байвал их зүгээр. Дуу шуутай төмөр оосор тээврийн жолооч нарт их зохидог юм.
Нүдний шилний хувьд мэдээж юуны өмнө нүүрний тань хэлбэр хэмжээнд тохирсон шил байх хэрэгтэй. Хувь хүн болгонд ямар шил зүүхийг зөвлөж болохгүй учир ерөнхий хэдэн зүйл хэлье. Нүдний шилний доод зах нь хамрийн угалзнаас доош байж болохгүй. Бууралттай шил нь гангараа бөгөөд ажил хэрэгт тохиромжгүй. Ер нь эрхэлдэг ажилдаа тохирсон шил, хүрээг сонгох хэрэгтэй. Хэрэв та номын санч бол дугуй хэлбэртэй хүрээнд цагаан шил тохирох жишээтэй. Хэрвээ та өөрийн компанийн ашиг орлогоос хэтэрсэн үнэтэй эд зүйл эдэлж хэрэглэх юм бол бусдад буруу ойлголт төрүүлэх болно. Таныг шударга зөв бизнес эрхэлдэг гэдэгт хүмүүс эргэлзэж эхэлнэ. Эсвэл таныг шуналтай мэтээр харагдуулах болно. Бүх зүйлийг ухаалга, өөр хоорондоо авцалдсан байхаар сайтар бодож зохицуулах хэрэгтэй.
Хэрвээ та оюутны хэмжээний хямд төсөр зүйл хэрэглэж харагдах юм бол бас л ажил хэрэгт муугаар нөлөөлж таагүй сэтгэгдэл төрүүлнэ.
Түрийвч. Хамгийн сайн чанарын арьсан хийцтэй байх хэрэгтэй. Түүнээс гадна таны хэрэглэдэг бусад арьсан эдлэл, тухайлбал цүнхтэй зохицсон байх нь чухал. Ер нь дунд зэргийн хэмжээний олон жижиг халаастай, хоёроос гурван том тасалгаатай байх нь их зүгээр. Олон тооны нэрийн хуудас, зээлийн карт хийж явах нь муу зуршил гэдгийг та ойлгоорой. Түүнд зориулсан өөр зүйл байдаг биз дээ.
Цүнхний хувьд ямар нэгэн гялалзсан гоёл чимэггүй зөвхөн хар ба хар хүрэн өнгөтэй арьсан цүнх л ажил хэрэгч хүнийг “гоёдог” юм даа.