Хэд хоногийн өмнө буюу 11 сарын 15-ны Пүрэв гарагийн орой, биш ээ 16 болчихсон ид шөнө дунд байсан юм байна, би бээр ажлаасаа гараад явж байлаа. Тэгээд түцнээс тамхи авах гээд Спортын Төв ордоны өөдөөс харсан ТҮЦ-н дээр очтол жоохон хүүхэд сууж байв. Тэгээд ийм орой шөнийн 3 цагт, ийм жоохон хүүхэд ганцаараа ТҮЦ-нд суугаад наймаа хийж байдаг, айж байгаа болов уу? уйдаж байгаа болов уу? гэсэн бодол төрлөө. Тэгээд гэнэт ажил руугаа буцаж ороод манай "Номтой Нөхөрлөе" клубт Dulamsuren Serchinjav эгчийн хандивласан номнуудаас /108 Хүүхдийн Шилмэл Зохиолын Эрдэнэсийн Сан/ К.С.Льюисийн "Үүрээр Аялагч Нарниа"-г аваад дүүд авчирч өгье гэж бодлоо. Ухаандаа харих замдаа нэг ч гэсэн сайн үйл хийе, номын гэгээг түгээе гэсэн санаатай. Тэгээд залхууралгүй буцаж гүйж ороод номоо аваад гарлаа. Буцаад түцэн дээр очоод "Дүү уйдаж байна уу?, май энэ номыг уншаарай ахын дүү, ном уншиж байх хэрэгтэй шүү" гэтэл "Ах аа, би угаасаа хүн байхгүй үеэр ном уншдаг. Тэгэхдээ баярлалаа ах аа, өнөөдөр энийг уншиж байна." гээд надад Ц. Оюунгэрэлийн бичсэн "Ногоон Нүдэн Лам"-ыг жижиг цонхны цаанаас харуулдаг юм даа. Би бүр баярлах, гайхах зэрэгцэв. Нээрээ шүү. 20 гарсан миний уншаагүй номыг /шударга нь дээр биз дээ/ арван хэдтэй энэ дүү уншиж байна гэхээр бас бага зэрэг ичих мэдрэмж төрөв хэхэ. Тэгэхдээ гадаа хүйтэн байсан болохоор миний хацар улайхыг дүү анзаараагүй ээ хэхэ. Бид 2 бага зэрэг яриа өрнүүллээ. Дүү ч номонд дуртайгаа, би ч бас "Номтой Нөхөрлөе" гээд клуб нээснээ ярилаа бас дүү Ням гариг бүр болдог уулзалтандаа урьлаа. Гэтэл дүү би энд 7 хоногт 2 хоног ажилладаг, харамсалтай нь яг миний гардаг өдөр юм байна гэв…. Гадаа их хүйтэн байсан ч бид 2-ын яриа нэлээд удаан үргэлжилсэн. Би ч даарахаа мэдэхгүй хойч үеийнхээ ийм оюунлаг, номонд дуртай төлөөлөлтэй таарсандаа баахан хөөрөв. Тэгэхдээ эцэст нь эндээс миний гол хэлэх гээд байгаа зүйл юу вэ гэхээр шинэ үеийнхэн маань, өсвөр хойч үеийнхэн маань бүгдээрээ тамхичин, PC-чинь биш бас зарим нь номонд дуртай, номонд хайртай юм байна гэдгийг л мэдлээ, мэдэрлээ бас их бахархлаа, баярлалаа. Том болцон ном уншдаггүй данхайсан залуучуудаа, гунхсан хүүхнүүд ээ та нарт энэ дүүгээс сурах юм их байна шүү.
Монголын минь ирээдүй гэрэлтэй, гэгээтэй, дулаахан бас оюунлаг байх болтугай.