Хуучирсан мэдээ: 2012.11.24-нд нийтлэгдсэн

Намтар дуулах дацан

"Үзмэр амилах цагаар" буландаа Монголын театрын музейн сан хөмрөгт хадгалагдаж буй Говийн догшин хутагт Д.Данзанравжаагийн байгуулсан "Саран Хөхөөний намтар" жүжиг тоглогдож байсан "Намтар дуулах дацан" театрын талаар хүргэж байна.

Д.Данзанравжаа нь шашны зүтгэлтэн бус соён гэгээрүүлэгч, яруу найрагч, зураач, найруулагч хүн байжээ. Тэрбээр 1830-аад оны эхээр Алшаагийн газар очиж Милайрайба, Алшаагийн намтрыг сонсч ирээд Дорноговь аймгийн Хамрын хийдэд жүжиг тоглох бүхий "Намтар дуулах дацан"-г бариулсан байна. "Саран Хөхөөний намтар"-ыг тоглож байсан энэхүү "Намтар дуулах дацан"-г тун нарийн бүтэц зохион байгуулалттай, театрын гол онцлог шинжүүдийг агуулсан байжээ.

Сүм хэлбэрийн уг дацан нь гурван давхар байсан аж. Нэгдүгээр давхарт нь жүжгийн гол үйл явдал, хоёрдугаар давхарт жүжгийн завсарлагаанаар бодит амьдралаас сэдэвлэсэн хошин шог үзэгдлүүд, гуравдугаар давхарт Данзанравжаа өөрөө сууж толины тусламжтайгаар тоглолтыг хянадаг байжээ. Театрын барилгыг салхины урсгал дагуу барьсан байсан учир үзэгчдийн зүгээс ямар ч чимээ шуугиан сонсогддоггүй байсан байна. Д.Данзанравжаагийн зохион байгуулсан жүжгийн хүрээлэн нь зохион байгуулалт, тайз, техникийн хувьд нэлээд өндөр түвшинд байсан аж.

Энэхүү дацанд тоглогддог байсан уран бүтээлийн хувьд яриан жүжиглэл, дуу, хөгжим, бүжиг, циркийн хэлбэрийн үзүүлбэр зэргийг багтаасан театрын нийлмэл үзмэр байжээ. Мөн уг дацан нь тоглолт хийх дээд доод хоёр тайз нь тусдаа нээгдэж, хаагддаг хөшигтэй, тайзны ар талын хананд уул, ус, тал нутгийн зураг бүхий арын хөшигтэй байсан аж.

Тоглолтын үеийн тайз засал, чимэглэл уран нарийн хийцтэй байжээ. Энэхүү театрт тоглогддог жүжигт гол үүрэг гүйцэтгэдэг байсан хөгжимчид тоглолт хийх үед тусгай байрлах байртай байдаг байжээ. Тэр байр нь тайзны ард байрлалтай, салхины урсгалын чигийг ашигладаг байсан учир хөгжмийн аялгуу тод сонсогддог байсан гэнэ. Бараг 80-аад жил тоглолтоо хийсэн энэхүү "Намтар дуулах дацан" нь ХIХ зууны эх гэхэд манай оронд театрын үзмэрийн зүйл өндөр түвшинд хөгжиж байсны нотолгоо юм.

МАНАЙ АРД ТҮМНИЙ ГОО САЙХНЫ СЭТГЭЛГЭЭ АЛЬ Ч ҮЕД ШИРГЭШГҮЙ БАЯН УНДАРГАТАЙ БАЙЖЭЭ

Монгол, оронд хоёр зууны зааг дээр эрх баригчдын зүгээс үзүүлж байсан шахалт, дарамтыг үл тоон өвөрмөц, сонин хэлбэрийн театрчилсан тоглолтууд үүсэн хөгжиж, ард түмэн гоо сайхны хэрэгцээгээ хангаж .байсан байна. Энэхүү монгол ахуйгаас үүсэлтэй сонгодог бүтээл бол "Саран Хөхөөний намтар" жүжиг юм. Энэхүү жүжиг нь "Намтар дуулах дацан"-д өдөр бүр тоглогддог байсан байна. Уг жүжгийг бүтнээр нь тогловол нэг cap, товчилж тогловол 3-15 хоног болдог байжээ. "Саран Хөхөөний намтар" жүжгийг хэд хоногт багтан тоглох нь хутагтын тааллаас болдог байсан аж. Жүжигт тоглолтын авьяас чадвартай жирийн ардууд, эмэгтэйчүүд. доод лам нарыг тоглуулдаг байсан аж. Жүжгийн хөгжмийг Д.Данзанравжаа өөрөө зохиодог байсан бөгөөд тоглолтыг үнэмшилтэй болгохын тулд уран сайхны дүрслэл бүхий аргуудыг ашигладаг байсан.

"Намтар дуулах дацан"-ы тайзнаа харагдах уул, мод ургаа хад цэцэг, навч зэргийг зузаан цаас, жонхуу ашиглан шуумалаар дуурайлган хийж, өнгийн будгаар ялган будаж ашигладаг байсан. Мөн бар, хөхөө шувуу, хэрээ, агт морь гэх мэт амьтныг чихмэлийн аргаар хийж хэрэглэдэг байсан байна. Жүжгийг аль болох үнэмшилтэй харагдуулах аргуудыг хэрэглэж байжээ.

Жишээлбэл дайн тулааны байдлыг харуулахад тайзны өмнө хэсэгт том хүний бүсэлхийгээр татсан, чулуун хашлагатай суваг шуудуу хийж, хөндлөн зайгаар нь баатрын хуяг дуулга өмсч, морины хиймэл дүрс "унасан" жүжигчид явж, дайтах байдлыг тоглон үзүүлдэг байж. Тоглолтод оролцогчид бүгд тоглож буй дүрийн онцлогт тохирсон тус тусдаа өмсгөл хувцас хэрэглэдэг, түүнийг хадгалдаг тусгай няравтай байсан байна.

Б.МАРАЛ
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж