Даатгал тойрсон асуудал

Хуучирсан мэдээ: 2012.11.24-нд нийтлэгдсэн

Даатгал тойрсон асуудал

Жихүүн салхитай бүүдгэр өдөр. Гандангийн тагтаа будаа тоншиж, эрх эргүүлсэн лам, хүрд эргүүлсэн хүмүүс өөрийн болоод өрөөлийн зовлонг бурхан гэгч биегүй орон зайд даатгаж, сэтгэлдээ залбирна. Гэнэтийн золгүй явдлаас учирсан гай зовлонг гэтлэх хийгээд болзошгүй гачлангаас сэргийлэхийн тулд монголчууд хийд хэмээгч бурхадын “гэрт” зочилдог. Харин дэлхийн нөгөө өнцөгт эрсдэл  буюу хохирол учруулж болзошгүй үйл        явдлаас урьдчилан сэргийлэхээр даатгал гэх санхүүгийн арга хэрэгслээр өөрийгөө “хамгаалдаг” байна. Даатгалд хамрагдсанаар та эрсдэлийг шилжүүлэх, бууруулах, зугатах, хүлээх  аргаар удирдаж болдог аж.

Ойролцоогоор зургаан зууны тэртээ далайчдын дунд үүссэн даатгалын систем нь анхнаасаа л эрсдэлийг үнэлж, өөртөө шилжүүлэн авдаг санхүүгийн үйлчилгээ үзүүлэх шилдэг арга байжээ. Тиймээс ч эдийн засаг хөгжих тусам даатгалын хэрэгцээ ихэсдэг бөгөөд өндөр хөгжилтэй гаднын орнуудад даатгал нь тухайн улсын эдийн засгийн тулах баганын нэг болж байдаг аж. Харин манай улсын хувьд даатгалын түүх 70 жилийн өмнөөс эхтэй бөгөөд энэ талын хууль анх 1997 онд батлагдаж, 2004 онд шинэчлэгдсэн байна. Хэдэн зуун дамжин хөгжиж ирсэн даатгалын салбар манай улсад хожуу “мэндэлсэн” нь харамсалтай. Тэр бүү хэл, 70 жилийн түүхийг ардаа орхисон манай даатгалын салбар иргэдийн тархинд буруу ойлголт үлдээсэн гэдгийг холбогдох хүмүүс хэлдэг. Түүнчлэн даатгалын салбарт нэн тэргүүнд сайжруулах хэд хэдэн асуудал байгаа аж.

АСУУДАЛ: ДААТГАЛ ТАТВАР БИШ

 
Нийлүүлэгч тал олон байгаа үед үйлчлүүлэгчид хождог нь зах зээлийн энгийн дүрэм. Тиймээс энэ нь салбарын зах зээл эрүүлжих нэг хэлбэр. Хэдийгээр зах зээлд нийлүүлэгч талын өрсөлдөөн сайжирч байгаа боловч эрэлтийн талд асуудал байгааг холбогдох хүмүүс хэлж байсан юм.

Эрэлт, нийлүүлэлт хамт  оршин байж зах зээл үүсдэг жамтай. Тэгвэл манай даатгалын салбарын хөгжилд чөдөр болж байгаа зүйл бол эрэлтийн талын буюу иргэдийн дунд тархсан буруу ойлголт аж. Уг нь даатгалын салбарын хөгжил иргэдийн сайн дурын хүсэл сонирхол дээр тогтдог гэдэг. Гэтэл манайд эсэргээрээ. Үүний шалтгааныг  Санхүүгийн зохицуулах хорооны Даатгалын газрын дарга С.Ганболд “Манайд даатгалын салбар анх үүссэн цагаасаа л нийгмийн, эрүүл мэндийн гээд албан журмын даатгалаар ард иргэдээ бөмбөгдөж, баахан мөнгө татчихаад нөхөн олговор олгохдоо хойрго ханддаг байсан нь иргэдийг даатгалын талаар буруу ойлгоход хүргэсэн. Тиймээс иргэд даатгалыг татвар мэтээр буруу ойлгодог” гэсэн юм. Гэхдээ сүүлийн жилүүдэд даатгалын салбарын нөхөн төлөлтийн хэмжээ харьцангуй өссөн нь доорх (график 2)-оос харагдана.

Хэдийгээр нөхөн төлөлтийн хэмжээ жил ирэх бүр өсөж байгаа ч иргэдийн дунд сайн дурын даатгалын талаарх мэдлэг тааруу хэвээр. Тухайлбал, Хан-Уул дүүргийн иргэн Б.Золбоо “Үнэнийг хэлэхэд даатгалын талаар тийм ч сайн мэдлэг байхгүй. Ер нь бол даатгалыг ХАОАТ, НДШ, Жолоочийн хариуцлагын гэх мэт төрөөс албан журмаар хамруулдаг даатгалаар л ойлгож байгаа” гэсэн юм. Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал угаасаа даатгалын талаар ойлголт, мэдлэг тааруу иргэдийг бүр төөрөгдүүлж орхив. Жолооч нарын дунд “Жолоочийн хариуцлагын даатгал чинь тэгээд жолоочоо даатгаад байгаа юм уу, машинаа даатгаад байгаа юм уу”, “Энэ бол Хүний хөгжлийн 21 мянган төгрөгөө буцааж авах төрийн муу санаа”, “Даатгалын компаниуд төрийн томчуудад авлига өгч хийлгэж байгаа ард иргэдээ мөлжих гэсэн явуулга” гэх мэт хардаж сэрдсэн, эргэлзэж тээнэглзсэн яриа хаа сайгүй гарч байна. “Мандал Женерал” даатгалын компанийн гүйцэтгэх захирал М.Давааням “Даатгалын салбарт амжилттай үйл ажиллагаа явуулахын тулд эхлээд ард түмэнд даатгалын боловсрол олгох ёстой. Тэгж байж л сайн дурын даатгал хөгжинө. Гэтэл манайхан өмнө нь ч, одоо ч гэсэн даатгал гэдэг юу вэ гэдгээ иргэдэд ойлгуулаагүй байж даатгуул гээд албадаад байдаг. Жолоочийн хариуцлагын даатгал хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Ямар учраас хэрэгтэй гэдгийг нь ойлгуулах ёстой” гэсэн юм. Дээрээс нь манай жолооч нар хэнд, яах гэж тодорхой хэмжээний хураамж төлж байгаа гэдгээ сайтар нягталж шалгадаггүй гэдгийг холбогдох хүмүүс анхааруулсан юм. Хуульд  зааснаар, “Жолооч нь  замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учруулж болзошгүй хохирлыг нөхөн төлөх зорилгоор Жолоочийн даатгалын тухай хуульд заасан нөхцлийн дагуу даатгагчтай даатгалын гэрээ байгуулна” гэжээ. Энэ талаар Давааням “Уг даатгал хөндлөнгийн этгээд буюу зорчигчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс хийж байгаа. Тодруулбал, жолооч нь бусдын амь нас, эрүүл мэнд болон эд хөрөнгийн төлөө хүлээх хариуцлагыг өндөржүүлэх зорилготой юм” гэв.

Гаднын хөгжингүй орнуудад албан журмын даатгалаар даатгалын салбарын хөгжлийг дэмжих, нийгэмд эмх цэгц тогтоох үүднээс төрөөс нэгдсэн журмаар явуулдаг санхүүгийн шилдэг арга байдаг. Гэхдээ манайх шиг албан журмын даатгалын ойлголт буруу, сайн дурын даатгалын талаарх мэдлэг тааруу, салбарын хөгжил сул зах зээлд даатгуул хэмээн дээрээс “зарлигдах” нь тийм ч зөв арга биш. Харин эхнээс нь иргэдийн даатгалын боловсролыг дээшлүүлэх буюу “Даатгал гэдэг нь танд болоод таны ойр дотнынхонд ирээдүйд учирч болзошгүй эрсдэлийг хамгаалах хөрөнгийн хуримтлал” гэдгийг ойлгуулах тал дээр хаа хаанаа анхаарах ёстойг салбарын хүмүүс хэлж байна.

Манай даатгалын салбар хөгжихгүй байгаа өөр нэг шалтгаан бол компаниудын нийт эргэлтийн хөрөнгө байдаг аж. Эргэлтийн хөрөнгө багатай учраас томоохон компаниуд дотоодын даатгалын компанид итгэдэггүй  байна. Даатгалын компаниудын эргэлтийн хөрөнгө энэ оны хоёрдугаар улиралд өмнөх оны мөн үеийнхээс 1.35 дахин өссөн нь дүрмийн сангийн доод хэмжээг нэмсэнтэй холбоотой аж. Хэдийгээр салбарын үзүүлэлт өсөлттэй явж байгаа ч энэ нь тийм ч хангалттай дүн биш гэнэ. Ганболд “Манай даатгалын компаниуд хөрөнгийн хувьд ч үйл ажиллагааны хувьд ч жижигхэн байна. Өнөөдөр даатгалын компаниудын үндсэн хөрөнгө хэдхэн тэрбум төгрөгийн дотор эргэлдэж байна. Харин уул уурхайн компаниудын эрсдэл хэдэн тэрбум ам.доллараар үнэлэгдэнэ” гэв. Тиймээс манай даатгалын компаниудын үндсэн хөрөнгийн хэмжээг томоохон уул уурхайн компаниуд “голдог” гэнэ. Уг нь хуульд зааснаар Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн ямар ч компани СЗХ-нд бүртгэлтэй даатгалын компанид зайлшгүй даатгуулсан байх шаардлагатай талаар заалт байдаг ажээ. Гэтэл ихэнх уул уурхайн компани, тэр дундаа гаднын хөрөнгө оруулалтай компани даатгуулдаггүй байна. СЗХ-ныхон “Бид уул уурхайн компани дээр очоод шаардлага тавихаар ихэнх нь том дарга гадаадад байгаа гээд халгаадаггүй. Мөн томоохон уул уурхайн компаниуд нь манай даатгалын компаниудын нөөц санг голоод гадаадад даатгуулчихдаг. Манайхаас даатгуул гэж шаардах л эрхтэй болохоос үйл ажиллагааг нь зогсоох эрх мэдэл байхгүй. Тиймээс төрөөс  хуулийн хэрэгжилтэд анхаарах хэрэгтэй. Хэдийгаар манай хороо хууль хэрэгжүүлэх үүрэгтэй ч бидний хүн хүч, эрх мэдэл үнэхээр хүрэлцэхгүй байна” гэсэн юм. Эндээс харахад манай даатгалын компаниудын хөгжил, тэднийг дэмжсэн хуулийн хэрэгжилт ямар түвшинд байгаа нь тодорхой харагдана.

ДААТГАЛД ХАТУУРХАХЫН ХЭРЭГ БАЙНА УУ

Энэ оны хоёрдугаар улиралд даатгалын компаниуд учирч магадгүй их хэмжээний эрсдэлээ гадаадын давхар даатгалын компаниудад даатгуулж, 11.2 тэрбум төгрөгийн хураамж төлсөн нь өнгөрөгч оны мөн үетэй харьцуулахад 5.9 тэрбум төгрөгөөр буюу 2.09 дахин өссөн дүнтэй гарсан байна.

Давааням “Манай даатгалын компаниуд хөгжлийнхөө гараан дээр яваа нь үнэн.  Гэхдээ салбарын хөгжилд хуулийн зарим заалт саад болж байна. Тухайлбал, даатгалын компани хөрөнгийн зах зээл дээр тоглолт хийхийг хориглодог. Тэгсэн мөртлөө дотоодын компаниудаа дэмжихээр гаргасан хууль дүрмээ сахиулах тал дээр учир дутагдалтай ханддаг” гэсэн юм. Дэлхийн улс орнуудын жишгээс харахад даатгалын компаниуд ихэвчлэн ХК буюу олон нийтэд нээлттэй хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг байна. Өөрөөр хэлбэл даатгалын компаниуд нь хөрөнгийн зах зээл дээр мөнгө босгож, хөрөнгө, санхүүгийн чадавхиа сайжруулах боломжтой байдаг аж. Харин манай улсад мөрдөгдөж буй даатгалын тухай хуулиар хөрөнгийн зах зээлд орох нь хориотой байгаа. Харин даатгалын компани нь хөрөнгийнхөө тодорхой хувийг үл хөдлөх хөрөнгөд оруулах мөн арилжааны банкинд хадгалуулахыг зөвшөөрдөг гэнэ. Энэхүү хуулийн заалтад өөрчлөлт оруулж, даатгалын компаниудыг хөрөнгийн зах зээлд орох боломжийг нээх асуудал өнгөрсөн оноос яригдсан ч өнөөг хүртэл сураг чимээгүй.

ТӨГСГӨЛИЙН ОРОНД

Уг нь даатгалын салбар аливаа улс орны санхүүгийн хамгийн хүчирхэг зэвсэг байдаг гэдэг. Гэтэл манайд иргэд нь итгэдэггүй, төр нь дэмждэггүй, өөрсдөө ч зүтгэдэггүй “залхуу” салбар гэхэд хэлсдэхгүй. Тиймээс энэ салбарын хөгжлийг хаа хаанаа дэмжих хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байсан. Нийгэм, эдийн засгийн чадавх сайжирч байгаа өнөө үед хувийн хэвшлийнхэн овсгоотой байж даатгалын шинэ бүтээгдэхүүн гаргах замаар иргэдийн буруу ойлголтыг засах, шинээр эрэлт үүсгэх боломж байгаа аж. Түүнчлэн төр, засгийн бодлого тодорхойлогчид даатгалын зах зээлийн нөөц боломжийг зөв үнэлж, бодлогоор дэмжих хэрэгтэй. Ингэж чадвал манай даатгалын салбар ойрын хэдэн жилийн дотор дотооддоо төдийгүй гадагшаа өрсөлдөх боломжтой гэдгийг салбарынхан дуу нэгтэй хүлээн зөвшөөрч байсан юм.

Э.ЗОРИГТ
Эх сурвалж: www.mongolianeconomy.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж