Барилгын чанар, стандарт хаана байна вэ?

Хуучирсан мэдээ: 2012.11.24-нд нийтлэгдсэн

Барилгын чанар, стандарт хаана байна вэ?

Амар тайван унтаж байтал гэнэт л паар задарч, их хэмжээний даралттай ус олгойдож оршин суугчид усанд автсан гэнэтийн осол пүрэв гаригийн шөнө гарчээ.  Тодруулбал, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, ХӨСҮТ-ийн хашаанд байрлах “Визард констракшн” компанийн 120 айлын орон сууцанд энэхүү осол гарснаас болж нэгээс гурван давхрын хэд хэдэн айл, мөн  грашид байсан арав гаруй автомашин усанд автсан байна. Чухам ямар шалтгаанаар айлууд усанд автсан тухай холбогдох хүмүүсээс тодрууллаа.

Байрны сантехникч нэг цагийн дараа иржээ

Шөнийн 04.00 цагийн үед гурван айлын паар гэнэт хагарсан бөгөөд байрны сантехникчийг дуудсан боловч нэг цагийн дараа буюу 05.00 цаг өнгөрч байхад ирсэн байна. Сантехникч шуурхай арга хэмжээ авч, байрны цэвэр, бохир усыг хаажээ. Гэвч паар нь хагарсан гурван айлын хоёр нь эзэнгүй байсан тул хуримтлагдсан ус доод давхруудын айл руу нэвчсээр байсан аж. Эзэнгүй байсан нэг айлын хаалгыг 08.00 цагийн орчимд эвдэлж орсон гэнэ. Усанд автсан айлуудын таазны шохой хууларч, ханын цаас ховхрон унаж, паркетан шал нь тэр чигтээ хууларсан тул өрөөнийхөө нэг буланд хурааж тавьсан айл ч харагдлаа. Ус зайлуулах систем нь машины грашид байдаг тул шугамны усыг граш руу буулгасан байна.

“Бид өнгөрсөн хугацаанд бүхий л хураамжаа төлсөөр ирсэн. Гэтэл байрны гаднах болон орцны цэвэрлэгээ гэж огтхон ч байдаггүй. Харин ус алдаад, асуудал үүсэхээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл ирэхээс өмнө гээд олон хүн ирээд бүх хогийг цэвэрлэж харагдана лээ. Сууц өмчлөгдийн холбооны хуучин гишүүн нь бүх данс тооцоогоо аваад сураггүй болсон гэсэн. Одоогоор оршин суугчдын эрхийг хамгаалах СӨХ гэж байхгүй. Хаврын улиралд гайгүй байсан ч одоо хүйтрэх тусам гэрт салхи сийгэж байна. Мэргэжлийн хүмүүст харуулахад цонхны амлагаа буруу хийгдсэн юм байх. Усны даралт хүчтэй ирлээ гээд паар задарна гэж юу байхав дээ” хэмээн оршин суугчид ярьж байв. 

Оршин суугчдын хохирлыг барагдуулна гэв

Ямар учраас паар хагарч, айлууд усанд автах болсныг “Визард констракшн” компанийн тухайн орон сууц хариуцсан ажилтан н.Сандагаас тодруулахад “Өнгөрсөн шөнө нийслэлийн хэмжээнд халуун усны даралт хэт их байснаас энэ осол үүдсэн. Зарим айлууд нь эзэнгүй байснаас бага зэрэг хүндрэл учирсан. Хүчтэй даралтын улмаас дээрх айлуудын паарны цэгэн гагнуур салсан байгаа юм. Хоёр гурван хоногоос айлуудын хана, тааз, шал бүрэн хатах байх. Хатсаных нь дараа хохирсон айлуудад засвар хийж, хохирлыг нь бүрэн барагдуулах болно. Бид шаардлагатай бүх арга хэмжээг авч чадсан гэж бодож байгаа. Грашид байсан машинууд эвдэрч гэмтээгүй” гэв.

Ямартай ч сүүлийн үед ашиглалтад орж байгаа байр, орон сууцнууд чанарын стандарт, шаардлага хангаагүй, сантехникийн холболт угсралт тааруу байгаагийн ээлжит нэгэн жишээ энэ боллоо.

Д.ЖАРГАЛСҮРЭН







NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж