Урлагийн акулууд цөм цуглажээ. Монголын хөгжмийн зохиолчдыг төлөөлөн П.Хаянхярваа, Н.Чулуунхүү, С.Соронзонболд, Д.Цэцэрлэг тэргүүтэй хөгжмийн зохиолчид, Т.Ариунаа, Ж.Алтанцэцэг, Б.Лхагвасүрэн нарын дуучид ширээний нэг хэсгийг чимж байсан бол нөгөө талд нь Х.Чилаажаваар ахлуулсан утга зохиолын хүрээнийхэн ханхайж харагдана. Тэднийг өчигдөр нэг доор ийн цуглуулсан газар бол Оюуны өмчийнхөн байлаа. Олон улсын Оюуны өмчийн байгууллага болох CISAC-ийн Ази Номхон далайн бүсийн захирал Анг Квий Тианг Монгол Улсад ирсэн учир оюуны өмчийн хулгайд хамгийн ихээр өртдөг урлагийнхныг уулзуулахаар цуглуулсан нь энэ юм. Нэгэн үе нийтийн өмч мэт байсан урлагийн бүтээлийг хувь уран бүтээлч нь өмчлөх болсоор удаж байгаа ч өнөө хэр үнэгүйдсэн хэвээр байна. Оюуны өмчийг хамгаалах талаар мянгантаа яриад ч, бүр тусгай өдөртэй болоод ч цэгцэлж чадаагүй энэ асуудлыг олон улсын төвшинд хэрхэн шийддэг нь манайханд сонин байсан бол зочинд маань манай нөхцөл байдал тун сонирхолтой байсан нь мэдээж.Өнөөдөр өөрийнхөө эрх ашгийг хамгаалахаар хэнтэй нэгдэж, ямар байгууллага байгуулах нь хувь хүний эрх. Гэвч Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв, Монголын хөгжмийн зохиолчдын эрхийг хамгаалах төв холбоо, Хөгжмийн зохиолч, яруу найрагч, дуучны эрхийг хамгаалах Монголын үндэсний нийгэмлэг гээд тоочоод байвал зөвхөн дууны уран бүтээлчдийг төлөөлсөн байгууллага цөөнгүй. Цаана нь утга зохиолынхныг нэмбэл гар хөлийн хуруу нийлээд ч тоолж хүрэхээргүй олон нийгэмлэг, төвүүд бий. Байгууллага тус бүр зуу гаруй гишүүдтэй гэж танилцуулж байгаа ч дотроо гишүүд нь давхардсан, орсон гарсан нь олон байдгийн дээр байгууллагууд нь өвөр зуураа хөлөө жийлцдэгээс зарим үед юун оюуны бүтээл хамгаалахтай мантай болдог нь нууц биш. Тэдний ийн учраа олохгүй будилж байх нь оюуны өмчийг хууль бусаар хуулбарлагч, бүтээлийг нь хулгайлагчдад олз болдог нь мэдээж. Дотооддоо бүтээлээ алдаад зогсохгүй сүүлийн үед БНХАУ-д Монголын уран бүтээлчдийн бүтээл туурвилыг өөрийн юм шиг ашиглаж эхэлсэн. Үүнийг л цэгцлэх үүднээс дугуй ширээний ярилцлагыг зохион байгуулж буй ажээ. Урлагийн бүтээлийг хамгийн ихээр ашигладаг газар нь гар утасны оператор компаниуд. Тэд дуу, хөгжим, зураг, уран зохиол, тоглоом, видео гээд бүхий л төрлийн урлагийн бүтээлийг хэрэглэгчдийнхээ гар утсанд суулгах бизнесийг эрхэлдэг. Тийн ашиг орлогоо нэмэгдүүлснийхээ төлөөсөнд уран бүтээлчдэд багахаан “хувь хишиг” өгдөг гэж уран бүтээлчид гомдоллосон бол ярилцлагад ирсэн оператор компанийн мэргэжилтнүүд “Бид дуу хөгжим, тоглоом, видеогоор үйлчилснээрээ ашиг олдоггүй. Гагцхүү хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг л нэмэгдүүлэхээс хэтэрдэггүй” гэсэн тайлбарыг өгч байлаа. Үүрэн телефоны компаниудаас хамгийн түрүүн байгуулагдсан, хамгийн олон хэрэглэгчтэй нь мэдээж Мобиком. Тус компани дэргэдээ “Монгол контент” компанийг 2005 онд байгуулжээ. Монгол контентоос өгч буй мэдээллээр байгуулагдсанаасаа хойш 500 гаруй сая төгрөгийг уран бүтээлчдэд урамшуулал болгон өгөөд байгаа гэнэ. Тус компанийн хувьд уран зохиол, уран зураг, гэрэл зургийг хувь уран бүтээлчтэй нь тохиролцоод авчихдаг бол хамгийн хүндрэлтэй нь дуу байдаг гэнэ. Дууны урлагийг хөгжмийн зохиолч, яруу найрагч, дуучны хэн хэн нь өмчлөх хүсэлтэй байдгийн дээр мэргэжлийн холбоодын тоо олон байгаа нь ч оператор компаниудыг төөрөгдөлд оруулахад хүрдэг ажээ. Уулзалт ярилцлагын үеэр уран бүтээлчдийн зүгээс тавьсан санал хүсэлтээс дурдалгүй өнгөрч боломгүй.
Хөгжмийн зохиолч, яруу найрагч, дуучны эрхийг хамгаалах Монголын үндэсний нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Д.Цэцэрлэг:-Үүрэн телефоны оператор компаниудаас уран бүтээлчдийн бүтээлийг ашигласны төлбөрт тодорхой хэмжээний төлбөр өгдөг. Гэвч үүнийг бодит тооцоон дээр тулгуурлан өгч буй эсэх нь эргэлзээтэй. Хувь уран бүтээлчдийн зүгээс тооцоо хийсэн хүн мэр сэр байдаг ч мөн л түүнийг батлах болмжгүй. Тиймээс эдгээр компаниуд уран бүтээлийн хөлс мөнгийг бодит хэрэглээнд нийцүүлэн олгож буй эсэхийг хянадаг систем хэрэгтэй байна.
“Pro sound studio”-ийн захирал, дуучин Ж.Алтанцэцэг:
-Бид нэг дуу, нэг клип гаргах гэж маш их цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулдаг. Гэтэл дуу бичлэгийн студи, интернет сайтууд энэхүү бүтээлийг маань маш богино хугацаанд хуулбарлан тавьснаар бидний бүтээл үнэгүйдэж байна. Үнэндээ ч хэрэглэгчдийн хувьд цомог худалдан авснаас хуулаад авчих нь хамаагүй хялбар, өртөг багатай болчихоод байна. Уран бүтээлийг үнэгүйдүүлдэг бас нэгэн газар бол караоке юм. Нийслэлд өнөөдөр 100 гаруй караоке ажилладаг ч тэдний хэн нь ч биднээс зөвшөөрөл авалгүйгээр уран бүтээлийг ашиглаж байна.
Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төвийн тэргүүн Б.Лхагвасүрэн:
-Өнөөдөр манай уран бүтээлчдийн байгуулсан холбоо нийгэмлэгүүд олон бий. Эдгээр нийгэмлэгүүдийг нэгтгэнэ гэвэл худлаа. Иймд нийгэмлэг холбоодын төлөөллөөс бүрдсэн удирдах зөвлөл байгуулж, тэр нь Олон улсын Оюуны өмчийн байгууллагад нэгдэн орж, уран бүтээлчдийнхээ эрх ашгийг хамгаалах цаг болоод байна. Биднийг өвөр зуураа ойлголцохгүй байтал бидний бүтээлийг гадаадад ашиглах боллоо. Зөвхөн үүрэн телефоны операторууд гэлтгүй телевиз, ФМ радиогийнхны хувьд ч шийдэлд хүрсэн зүйлгүй өнөөг хүрээд байна. Уран бүтээл гэдэг тухайн хүнийхээ ахуй амьдралд нэмэр тус болдог байхын дээр түүнээсээ урам авч, цааш цаашдын уран бүтээл төрж байх учиртай гэсэн юм.
Мэргэжлийн холбоодын ажлын тайлангаас харахад зөвхөн нэг холбоо 2006 оноос хойш давхардсан тоогоор 120 гаруй уран бүтээлчдэд 50 гаруй сая төгрөгийг үүрэн телефоны компаниудаас авч тараасан байна. Тэдний олонх нь зохиолын дуучид бөгөөд хамгийн өндөр хэмжээний урамшуулал хүртсэн нь 3,2 сая төгрөг болжээ. Тэгвэл рок попынхноос “Татар” хамтлаг нэг жилд дөрвөн сая төгрөгийн урамшуулал хүртсэн бол “Гайз”-ын “Сайн уу амьдрал минь” дуу 2,6 сая төгрөгийн хувь хишгийг эзэндээ авчирчээ. Гэвч энэ бол тун өчүүхэн хэсэг нь гэдгийг уран бүтээлчид онцолж байлаа. Хэрвээ нарийн тооцвол нэг уран бүтээлч 100 сая төгрөг ч хүртэх хэмжээний ашгийг телевиз, радио, оператор компаниуд, интернет сайтынхан олж байгаа гэнэ. Түүнчлэн гадаад улс оронд олон арван сайтад монголын уран бүтээлчдийн дуу хөгжмийг ашиглаж байгаа ч нэг нь ч албан ёсны гэрээ хэлэлцээр хийгээгүй өнөөдөртэй золгожээ. Энэ бүхнийг цэгцлэн журамлахад уран бүтээлчдийн өөрсдийнх нь санаачлага, эв нэгдэл хамгаас хэрэгтэй гэдэг нь өчигдрийн уулзалтаас харагдаж байлаа.
Д.Цээпил