Даамчид Азийн аваргад үнэмлэхүй ялалт байгуулав

Хуучирсан мэдээ: 2012.11.24-нд нийтлэгдсэн

Даамчид Азийн аваргад үнэмлэхүй ялалт байгуулав

Малайзын нийслэл Куала Лумпур хотноо энэ сарын 20-нд эхэлсэн Ази тивийн даамын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөх шатандаа орж, үндсэн хоёр төрөл болох насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэй ангилалд Монголын даамчид тэргүүллээ. Монгол, Хятад, Япон, Тайланд, Сингапур, Малайз, Узбекистан, Казахстан зэрэг найман орны тамирчид өрсөлдөж буй тус тэмцээн өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн гэсэн ангиллаар болж буй бөгөөд тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр, маргааш рапид болон блиц төрлийн аваргууд тодорсноор өндөрлөх ажээ.

Тэмцээнд Монголын 36 даамчин өрсөлдсөнөөс өсвөр үе, залуучууд болон насанд хүрэгчдийн ангилалд нийт таван алтан медаль хүртэж, багийн амжилтаар манлайлсан бол өмнөд хөршийн даамчид дөрвөн алтан медалиар удаалжээ.

Насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн ангилалд Монголын даамчид үнэмлэхүй ялалт байгуулав. 2003 оны Азийн аваргын мөнгөн медальт, их мастер Г.Ганжаргал түрүүлсэн бол тивийн дөрвөн удаагийн аварга, их мастер Д.Эрдэнэбилэг мөнгө, олон улсын мастер О.Түвшинболд хүрэл медаль хүртлээ.

Харин эмэгтэйчүүдийн төрөлд спортын мастер М.Нямжаргал тэргүүлж, Азийн аварга боллоо. Тэрбээр өдгөө 16 настай залуу тамирчин билээ. Харин мөнгөн медалийн Хятадын тамирчин Жой Ханчин, хүрэл медалийг Монголын даамчин Э.Мандахнаран хүртсэн байна.

Залуучууд болон өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн нь анхны удаа зохиогдож байгаа бөгөөд манай тамирчдаас анхны Ази тивийн залуу аварга нэг, өсвөрт гурван аварга төрлөө. Үүнд: ШУТИС-ийн оюутан О.Энхбат залуучуудын аварга болсон бол хөвгүүдийн 14-16 насанд Аж корпорацийн тамирчин, "Эхлэл" сургуулийн сурагч Ц.Отгонбилэг, охидын 14-16 насанд Дорноговь аймгийн I сургуулийн сурагч Д.Одонтуяа, охидын 11-13 насанд БЗД-ийн Шавь цогцолбор сургуулийн сурагч Б.Сугаррагчаа нар азийн аварга боллоо. Мөн 14-16 насны ангилалд А.Дашбаяр мөнгөн медаль, Б.Мөнхжин хүрэл медаль (хоёул БТСДунд сургууль), Шавь цогцолбор сургуулийн сурагч М.Одгэрэл хүрэл медаль хүртсэн бол охидын 11-13 насны ангилалд Г.Хэрлэнмөрөн мөнгөн медаль, охидын 7-10 нас буюу ирээдүйн найдвар ангилалд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын сургуулийн сурагч Т.Ганчимэг хүрэл медаль хүртжээ.

Тэмцээний хуваарь ёсоор өнөөдөр рапид (15 минут), маргааш блиц (5 минут) төрлийн аваргууд тодрох юм.

Манай тамирчид энэ сарын 28-нд эх орондоо ирнэ.



Тэмцээний фото агшинг ЭНД дарж үзнэ үү.

Ч.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж