арилгах үүднээс цас хайлуулах бодис, давсны нөөцийн талаар Улаанбаатар
хотын захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн
хэлтсийн мэргэжилтэн Э.Батбилэгээс тодрууллаа.
-Нийслэлийн авто замын хальтиргаа, гулгааг арилгах бодис, давсыг хэр их нөөцөлсөн бэ?
-Нийслэлийн өвлийн бэлтгэлийн ажлын хүрээнд автозамын хальтиргаа гулгааг
арилгах, цас хайлуулах бодис, давс хангалттай хэмжээнд нөөцөлсөн
байгаа. Тодруулбал, 513 тонн давс, 45 тонн бодис нөөцлөөд байна.
-Давс, бодис дахин нэмж нөөцлөхгүй юм уу?
-Ирэх сарын эхээр нэмж 270 тонн бодис авна. Тэгээд одоо байгаа
бодистойгоо нийт 300 гаруй тонн бодис болно. Тиймээс давс, бодис энэ
өвөлд хангалттай хүрэлцэнэ гэж тооцоолж байгаа. Хэрэв цас их ороод,
зайлшгүй шаардлага гарвал давс, бодис нэмж татаж магадгүй.
-Шинээр оруулж ирж байгаа давс, бодис цацах тоног төхөөрөмжийг дүүргүүдэд тарааж өгсөн үү?
-Нийслэлийн өвлийн бэлтгэлийн ажлын хүрээнд Нийслэлийн хот тохижилтын
газарт туршилтын журмаар эхний ээлжинд давс, бодис цацдаг төхөөрөмж
нэгийг авсан. Уг тоног төхөөрөмжөө туршиж үзсэний үндсэн дээр төвийн
зургаан дүүрэгт тус бүрт нэг нэгийг авч өгөхөөр болсон. Харин туршилтын
журмаар авсан нэг төхөөрөмжөөр одоо нарны гүүр, их тойруу, бага тойруу
гэх зэрэг өгсүүр, өөд замуудад бодис, давс цацаж байгаа.
-Нарны гүүрэн дээр давс цацаж болохгүй гэж байсан. Хэрвээ цацвал гүүрний төмрийг идэж, гэмтээнэ гэж байсан шүү дээ?
-Тийм яриа байгаа. Гэхдээ гүүрний дээд талын явах хэсэг нь төмөр биш.
Тэгээд ч давсыг дангаар нь цацалгүй идэмхий чанарыг нь буруулдаг
бодистой хольж цацаж байгаа.
-Давс цацах тоног төхөөрөмжийг авах санхүүжилт нь шийдэгдсэн юм болов уу?
-Төхөөрөмжүүдийг нэмж авах хөрөнгө мөнгө нь шийдэгдчихсэн байгаа. Тоног
төхөөрөмжийг худалдаж авах захиалагч байгууллага нь Нийслэлийн
захирагчийн алба, харин хүлээж авах газар нь Нийслэлийн хот тохижилтын
газар, гүйцэтгэгч компани гэсэн гурвалсан гэрээ хийж гэрээний дагуу уг
тоног төхөөрөмжийг Нийслэлийн мэдэлд шилжүүлэн нийслэлийн хөрөнгөөр
худалдан авна. Уг төхөөрөмж нь Япон улсад үйлдвэрлэгдсэн.
Цэвэр ган төмрөөр хийгдсэн учир зэврэхгүй, хөнгөн нийт жин нь 150 кг,
хүчин чадлын хувьд авто замын хэмжээнд 3-6 м-ийн радиустай 12-24
вольтоор ажилладаг. Нэг тонн бодис, давсны багтаамжтай.
-Дүүргүүдэд өмнө нь давс цацдаг машин байдаггүй байсан юм уу?
-Дүүрэг бүрт нэг машин байгаа. Уг машин нь өвлийн улиралд доогуураа цас
шүүрдээд, бодис, давс цацдаг. Зун нь усалгааны системд явдаг юм. Одоо
бодис, давс цацдаг тоног төхөөрөмжийг нэмж өгөхөөр үндсэндээ дүүрэг бүр
давс цацах хоёр хэрэгсэлтэй болно.
Ж.ОТГОНМЯГМАР
Эх сурвалж: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин