Үндэсний их найрал хөгжим 50 жил ойгоо тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2012.11.23-нд нийтлэгдсэн

Үндэсний их найрал хөгжим 50 жил ойгоо тэмдэглэнэ

Төрийн их найрал түүхт 50 жилийн ойгоо тэмдэглэж, “Рок, поп оддын хуралдай”-гаар баяраа эхлүүлсэн. Тэгвэл тэд энэ сарын 25-нд 15.00 цагт  ҮДБЭЧ-ын тайзнаа 50 жилийн ойн арга хэмжээний хаалт болгон нэгдсэн тоглолт хийхээр болжээ. Монголын сор болсон хөгжмийн зохиолчдын бүтээлээс дээжилсэн тус тоглолтод үндэсний найрал хөгжмийн анхны удирдаач П.Дагважамц болон Ардын жүжигчин, морин хуурч Ч.Батсайхан, Ардын жүжигчин Д.Самбуу, УДБЭТ-ын дуучин, Гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг нар оролцоно. Мөн Л.Мөрдоржийн “Тэнгэрийн эгшиг”, Ж.Мэнд-Амарын “Татлагын холбоо”, Д.Лувсаншаравын “Хурдан зээрд” зэрэг бүтээлийг тоглохоор найрал хөгжимчид бэлтгэж байна.

Үндэсний их найрал хөгжим 1962 оны арванхоёрдугаар сарын 26-нд бүрэн хэмжээний хөтөлбөр боловсруулан бие даасан тоглолтоо бүтээсэн хугацаанаас шинэ цагийн түүхийн хуудсаа тоолсоор 50 дахь жилтэйгээ золгох гэж байгаа билээ.  Ойн гала тоглолтод ҮДБЭЧ-ын хамт олон шилдгийн шилдэг уран бүтээлээ үзэгч түмэндээ хүргэхээр зэхжээ. Үндэсний их найрал хөгжим эдүгээ ”Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал”-ын үндэс суурь болтлоо их замыг туулж, дуунаас дуулалт жүжиг, жижиг аязаас жүжгийн бүтээлийг туурвин дотооддоо төдийгүй олон улсын тавцнаа үндэсний болоод дэлхийн сонгодог хөгжмийн зохиолчдын олон арван бүтээлээр уран сангаа баяжуулан сонсогч олныхоо сонорыг мялаасар ирсэн юм. 50 жилийн түүхт чуулгын шилдгийн шилдгийн сонсох ховорхон боломж ганцхан удаа тохиох нь ээ.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж