Хятадын коксжих нүүрсний импорт огцом өсөв

Хуучирсан мэдээ: 2012.11.23-нд нийтлэгдсэн

Хятадын коксжих нүүрсний импорт огцом өсөв

Хятадын коксжих нүүрсний импорт өнгөрсөн есдүгээр сард 2.42 сая тоннд хүрч буурсан нь энэ оны хамгийн доод хэмжээ байсан юм. Харин өнгөрсөн аравдугаар сард тус улсын коксжих нүүрсний импорт өмнөх есдүгээр сарынхаас 49 хувиар өсч 3.61 сая тоннд хүрчээ. Гэхдээ энэхүү хэмжээ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад мөн л бууралттай буюу 12.9 хувиар бага гарч байгааг тус улсын Гаалийн ерөнхий газар өчигдөр мэдээлжээ. Энэ дүнгийн 36 орчим хувь буюу 1.29 сая тонныг Монголын экспортын коксжих нүүрс эзэлж байна.

Өмнөх есдүгээр сард Хятад улс Монголоос 1 сая тонн коксжих нүүрс импортолжээ. Коксжих нүүрс нийлүүлэлтээрээ Монголын дараа Австрали, Орос, Канад, АНУ зэрэг орон орж байна. Тухайлбал Австрали 1.19 сая тонн, Орос 0.41 сая тонн, Канад 0.36 сая тонн, АНУ 0.3 сая тонн нүүрс Хятад руу нийлүүлсэн дүн мэдээ гарчээ. Үүнээс үзэхэд Хятад улс Австрали, АНУ, Канадын гэхээсээ Монголын хямд үнэтэй нүүрсийг  худалдан авахыг илүүд үзэх болжээ. Хятадын коксжих нүүрсний импорт өсч эхэлсэн нь тус улсын гангийн үйлдвэрлэл болон ган бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотой юм. Шинжээчид Хятадын коксжих нүүрсний импорт өсч буй нь сайн хэрэг боловч уг эрдсийн импорт бага хэвээр байгааг онцолж байна.

Б.Төгс

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж