“Монгол сонгодог” тоглолтыг дуучин Г.Ариунбаатар цаашид уламжлал болгон цувралаар хүргэхээр төлөвлөөд байгаа юм. Дэлхийн тавцанд өрсөлдөх монгол сонгодог ийнхүү нээлтээ хийн ганц үдэш үзэгчдийн сонорыг мялаах юм. Уг тоглолтод урилгаар монголын сонгодог урлагийн төлөөлөл болсон Ардын жүжигчин А.Долгор, ДБЭТ-ын гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Ө.Уянга, Улсын филармоны гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан, “Voice” хамтлагийн Д.Отгонжаргал нар оролцох бөгөөд Ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармоны симфони найрал, удирдаач Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Бүтэнбаяр, Морин хуурын чуулгын хөгжимчид удирдаач, Соёлын тэргүүний ажилтан Д.Түвшинсайхан нар хөг аялгууг эгшиглүүлж байгаа нь тус концертын чансааг илэрхийлж буй юм.
”Монгол сонгодог”-ын тасалбар эрэлттэй байна
“Монгол сонгодог” хэмээх тоглолт тун удахгүй эгшиглэхээр товоо зарлаад байгаа билээ. Монголын нэрт хөгжмийн зохиолч, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Н.Жанцанноровын сонгодог бүтээлүүдээр “Монгол сонгодог” хэмээх талархлын тоглолтыг М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын тэмцээний тэргүүн байрын шагналыг эх орондоо авчирсан Цагдаагийн “Сүлд” чуулгын гоцлол дуучин, Гавьяат жүжигичн Г.Ариунбаатар ирэх арванхоёрдугаар сарын 1-нд Тусгаар тогтнолын ордны концертын их танхимд хийх гэж байгаа юм. "Монгол сонгодог" тоглолтын тасалбар худалдаанд гараад удаагүй ч эрэлт ихтэй байгаа талаар зохион байгуулагчид ярьж байлаа. Монголын үзэгчид тэр дундаа сонгодог урлагийн үнэнч шүтэн бишрэгчид тус концертыг үзэхээр тэсэн ядан хүлээж, тасалбараа эртнээс бэлдээд байгаа аж.
Г.ДАША