Явган хүний замаа аваръя-2

Хуучирсан мэдээ: 2012.11.23-нд нийтлэгдсэн

Явган хүний замаа аваръя-2

News.mn сайт нийслэлийн тулгамдсан асуудлуудын талаар цуврал болгон хөндөж байгаа. Өмнө бид “Цэмцгэр Улаанбаатар” аян өрнүүлж, мөн энд тэнд баригдаад орхисон, эзэн, зориулалт нь тодорхойгүй байгаа хашаануудын эзэд, зориулалтын талаар мэдээллийг хүргэсэн. Тэгвэл бид энэ удаад явган зорчигчдын асуудалд анхаарал хандуулж байна.  Нийслэл хотын хаа сайгүй л явган хүн явах гарц байхгүй, байгаа зарим нь овон товон, эсвэл нүх онгойгоостой. Иргэд явган хүний замаар явж байгаад гэмтэх, гарцыг хаан явах аргагүй болгосноос машин зам дагаж яваад осолд орох нөхцөл хаа сайгүй байгаа. Тиймээс манай уншигчдын зүгээс явган хүний замын асуудлыг ийнхүү хөндөж байгаад талархал илэрхийлэн дэмжиж, мэдээлэл ирүүлж байгаа билээ.

“Явган хүний замаа аваръя” нийтлэлд Баянгол дүүргийн хотын төвийн явган хүний замыг хөндөж бичсэн бол энэ удаад Баянзүрх дүүргийн явган хүний замыг “онилов”.

Нийслэлчүүд бид өвөл болохоор “уртын харайлт”-аар хичээллэж эхэлдэг уламжлал бараг  л тогтчихсон. Хүссэн хүсээгүй хаа сайгүй бидний “бэлтгэлийн талбай” болсон нүх, овоолсон шороо, эвдэрсэн зам бэлэн байж байдаг. Тэр дундаа харанхуй шөнө иймэрхүү “бэлтгэлийн талбай”-гаар явах бүр ч их эрсдэлтэй. Явган хүний зам байхгүйгээс автомашины зам даган алхаж жолооч нарт гоочлуулна. Ууртай жолооч нар нь хялалзаж, сигналаа чарлуулаад дайрчих шахна. Байгаа цөөхөн явган хүний зам нь зам засч байгаа гээд нил овоолоод орхисон шороо, нүх дүүрэн дайны талбар шиг газраар явах арга үгүй. Энэ бол нийслэлчүүдийн явган зорчигчдын “зовлон”.

Зүүн дөрвөн замаас Офицеруудын ордон чиглэлд явган яваад үздэг болоосой энэ дарга нар гэж бодогдох юм, хааяа. Гэртээ харих замдаа хэд хэд бүдчиж, нүх рүү унахгүйн тулд харайж, бэдэрч явсаар олон сарыг үдлээ. За яахав, удахгүй засчих байх гэсээр аль хэдийнэ өвөлтэй золгочив. Өвөл газар шорооны ажил хийх боломжгүй. Зун намрын улиралд хийж чадаагүй юм өвлийн хүйтэнд  газар шорооны ажил хийнэ бол бүр ч худлаа гэнэ. Тэгэхээр Баянзүрх дүүргийн иргэд “бэлтгэлийн талбай”-даа  урт, өндрийн “харайлт” хийсээр л өвөлжих нь. Энд нэг харайж, тэнд нэг бүдрээд л…

Энэ хэсгийн замыг шинээр тавьж, шугам сүлжээний ажлыг хийхийн тулд явган хүний замыг сэндийчсэн. Гэтэл дүн өвөл эхлэн цаг болсон ч овоолсон шороо, нүх хэвээрээ л. Автомашиныхаа замаа сайжруулж байгаа нь сайшаалтай ч нуухыг нь авах гээд нүдийг нь сохолно гэгчээр явган зорчигчдоо мартчимгүй юмсан. Ялангуяа  Зүүн дөрвөн замын цаана "Эрэл"-ийн байр, “Американ дэнж” хороолол руу өгсдөг замын баруун талд замд нь бараг тулгаад хашаа барьчихсан, явган хүний нарийхан замыг ухаад хүн явах аргагүй болгосон нь Баянзүрх дүүргийн иргэдийг бухимдуулж буй. Энэ мэт Баянзүрх дүүрэгт явган зорчигчдыг зовоох олон бэрхшээл бий.

Нийслэлд өнгөрсөн гурван сарын турш бүтээн байгуулалт өрнүүлсэн. Энэ бүтээн байгуулалтын үр дүн нь нүх, овоолсон шороо болон үлдэж. Энэ бол аль ч дүүрэгт бий. Жил болгон олон хэдэн тэрбум төгрөгөөр автомашины замаа засч, засварладаг. Гэвч явган хүний замаа орхичихдог, эсвэл “матрчихдаг” хэвээрээ л байх уу.

Энэ жил нийслэлээс зам завсарт 114 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүний дагуу хийх ёстой ажлуудаа хийсэн гэсэн мэдээллийг нийслэлийн Авто замын газраа өгч буй. Цаг агаарын саатлаас зарим нэг замын ажил хойшилсон гэлээ. Тодруулбал, “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкны санхүүжилтээр 17 төсөл боловсруулсан. Үүнд шинээр 17.6 км, өргөтгөн шинэчлэх 31.1 км, гүүрийн барилга засвар 151 метр гэх мэтээр засварлаж байна. Харин улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 5.58 км замыг шинээр барьж, 2.6 км замыг өргөтгөн шинэчилээн гэх тоо бий.  Жил бүр ийм тооны  мөнгө төсөвлөдөг ч явган хүний зам жилээс жилд багасч, эвдэрсээр.

Зам засварын ажил хийхдээ гүйцэтгэгч компани гэрэлтүүлэг, явган хүний замыг иж бүрнээр нь тохижуулах ёстой байдаг ч явган хүний замыг засдаг нь тун ховор. Нийслэлчүүд бидэнд эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах эрх байгаа эсэхэд эргэлзэх хүн олон болж. Явган явж байгаад барилгын төхөөрөмжид дарагдана, явган хүний замаар явж байгаад нүхэнд унана. За тэгээд бүтнээрээ үлдсэн замууд цөөхөн хэд. Гэтэл бүтэн байгаа цөөхөн явган хүний дээр нь машинаа тавьчихдаг “буруу зуршилтнууд”-ын гайгаар бүтэн зам үлдэхгүй нь бололтой.

Жил бүр автомашины замаа засья гээд явган хүний замаар орхичихдог, эсвэл бүр сүйдлээд хаячихдаг жишиг тогтоод байгаа учир зорчигчид ч гэсэн аюулгүй замаар зорчмоор байгааг бид ийнхүү хөндөж байгаа юм. Явган хүний замгүйгээс үүдэж олон асуудал үүсдэгийн нэг нь автомашины осол.  Тухайлбал, автомашины ослын олонхи нь явган хүний замгүйгээс болдог гэдгийг мэргэжитнүүд үздэг.

Иргэн бүр аюулгүй, эрүүл, тав тухтай орчинд амьдрах ёстой. Үүнийг нь хотын удирдлагууд хангах ёстой ч нийслэлийхэнд зөвхөн автомашины зам л чухал бололтой.  Иргэн бүрийн тэгш эрх  гудамжин  дахь аюулгүй орчноос эхлэх ёстой гэдэг үүднээс бид энэхүү цувралыг хүргэж буй. Цаашид бид явган зорчигч таны эрх зөрчигдөж буй явган хүний замын талаархи сурвалжлагыг үргэлжлүүлэх болно. Та бүхэн бас бидэнд мэдээллээ ирүүлээрэй. 

Жич: Мөн "NEWS PRODUCTION" нь тус сэдвээр телевизийн нэвтрүүлэг бэлтгэж буй тул та энэ мэт явган хүний замын талаарх мэдээллийг 88870639 дугаарын утсаар өгч, хамтран ажиллахыг хүсч байна.

Ш.ОЮУНЧИМЭГ
Гэрэл зургийг О.МӨНХНАСАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж