Зураг сайн байвал барилга сайн, хот үзэмжтэй байна

Хуучирсан мэдээ: 2012.11.23-нд нийтлэгдсэн

Зураг сайн байвал барилга сайн, хот үзэмжтэй байна

Барилгын зураг, зураг төслийн байгууллагуудын төлөөлөлтэй Барилга, хот байгуулалтын сайд хоёр  дахь удаагаа нүүр тулан уулзлаа. Энэ удаагийн уулзалтаар барилга, хот байгуулалтын салбарт таван багц хууль УИХ-д өргөн барих гэж байгааг хэлэв.

Эдгээр хуулийн төслүүд дээр албан ёсоор саналаа өгч, хамтарч ажиллахыг тэднээс хүссэн юм.  Мөн ойрын үед аймгуудын хэсэгчилсэн төлөвлөлт хийх баг гаргана. 18 аймагт очиж ажиллах энэхүү багт орж улмаар  аймгуудад инженерийн байгууламжийг яаж хийх вэ, хот байгуулалтыг хэрхэн өөрчлөх вэ гэдэгт мэргэжлийн ур чадвараа харуулахыг зураг төслийнхнөөс хүслээ.

Аймгийн төвүүдийг яаж хот байна гэж харагдуулах түвшинд хүргэх вэ, мөн Засгийн газраас аймгийн төвүүдэд барихаар төлөвлөсөн 1000 айлын орон сууцыг  барихад та бүхний оролцоо чухал. Ерөөсөө зураг сайн байвал барилга сайн, зураг сайн байвал хот үзэмжтэй байна. Тиймээс зураг төслийнхөн та бүхний дэмжлэг, оролцоо юу юунаас хэрэгтэй гэж Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан хэлж байв.

Ирэх жилийн хувьд хот байгуулалт, хот төлөвлөлтийн их ажил ундарна. Сая батлагдсан төсвөөр 130 тэрбум төгрөгийн ажил энэ салбарт хийгдэхээр болсон. Энэ санхүүжилтээр хүн амын нутагшил суурьшлын ерөнхий схемийг хоёр аймагт, 21 аймагт хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлт, Дархан хотын ерөнхий төлөвлөгөөг орчин үеийн шаардлагад нийцүүлж аж үйлдвэрийн цогцолбор байгуулах, шинээр баригдах төмөр замын дагуу GPS-ийн сүлжээ байгуулах  гэх мэт олон ажил бий. 

Түүнчлэн Эдийн засгийн хөгжлийн яам, БСШУЯ, Эрүүл мэндийн яам, Засгийн газрын түвшинд зураг төслийн ажлууд байгаа. Энэ ажлуудыг хийхдээ хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангасан, эрчим хүч дулааны хэмнэлттэй технологи оруулах хэрэгтэй байна.  Ялангуяа  сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн барилгын зураг төсөлд онцгой анхаарах хэрэгтэй. Эмнэлэг нь төөрдөг байшин шиг, сургууль нь  мөсний хонгил байж таарахгүйг салбарын сайд нь онцлов.

Зураг төслийн байгууллагуудад тавигдах шаардлага, мэргэжлийн ур чадварыг өндөржүүлэх болно гэдгийг ч анхаарууллаа. Учир нь шинэчлэлийн Засгийн газрын Барилга, хот байгуулалтын яам зураг төслийн байгууллагуудад тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа юм. Харин стандарт хангаж ажиллах ёстой. Зураг төсөл дээр авторын үүрэг, хариуцлага эрс өндөржинө гэдгийг дуулгалаа.

Мөн энэхүү уулзалтын үеэр салбарын боловсон хүчний асуудал хөндөгдсөн юм. Ялангуяа хот төлөвлөлт, хот байгуулалтын чиглэлээр дагнан мэргэшсэн боловсон хүчин манайд тун  цөөн байна. Сүүлийн жилүүдэд энэ мэргэжлээр төгссөн  төгсөгч  алга. Түүнчлэн цөөн төрлийн лицензтэй лицензгүй программ хангамж ашиглаж байна. Зураг төслийн байгууллагуудын тухайд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, гадна дотноос мэргэшсэн хүмүүс авчран хамтарч ажиллах, туршлага солилцох шаардлага тавигдаж байгааг сайд онцоллоо.

Засгийн газрын тогтоолоор Барилгын зургийн институт байгуулагдаж байгаа. Энэ байгууллагын хувьд зураг төслийн байгуулагынхан та бүхний чадавхийг нэмэгдүүлэхэд хамтарч ажиллах юм гэв.  Энэ мэтээр зураг төслийн байгууллагуудад тавигдах шаардлага, энэ салбарт хийх ажил, мөн хамтарч ажиллах ажлуудаа ярилцсан уулзалтанд Барилга хот, байгуулалтын яамны удирдлагууд, зураг төслийн 40 гаруй компанийн төлөөлөл оролцлоо.

Б.МАРАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж