
Нийслэлийн удирдлагууд өчигдөр 2013 оны төсвийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр нийслэлийн 2013 оны төсөвтэй уялдуулан Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт зарим томоохон ажлыг тусгасан талаар танилцуулсан юм. Тухайлбал, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дээврийг битүү болгож, Хүй долоон худагт “Монгол наадам цогцолбор” байгуулахаар болжээ. Мөн усан болон амьтны парк байгуулахаар төсөвт хөрөнгө тусгах аж. Төсвийн орлогын энэ онд хүлээгдэж буй гүйцэтгэлээр 324.8 тэрбум төгрөг болохоор байгаа юм. Энэ нь өнгөрсөн 2010 оны төсвийн орлогын гүйцэтгэлийг ирэх оны төлөвлөгөөний урьдчилсан төсөлтэй харьцуулахад 2.2 дахин өсөж, 358.3 тэрбум төгрөгт хүрсэн. Мөн орлогын хэмжээ 70 тэрбум төгрөг болох тооцоо гарчээ. Нийт зарлагын хэмжээ 354.6 тэрбум төгрөг болж 3.4 дахин өссөн байна. Харин дээрх орлого нь нийтдээ 22 төрлийн татварын болон татварын бус орлогын нэр төрлөөс бүрдэх бөгөөд үүнээс 15 нэр төрөл нь татварын орлогоос, зургаа нь татварын бус орлогоос үлдэх нэг нь хөрөнгийн буюу өмч хувьчлалын орлогоос бүрдэх юм.
Ж.ЧИНГҮҮН
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
