Ч.Хүрэлбаатар: Шүүх иргэдийн сонголтыг баталгаажууллаа

Хуучирсан мэдээ: 2012.11.23-нд нийтлэгдсэн

Ч.Хүрэлбаатар: Шүүх иргэдийн сонголтыг баталгаажууллаа

Увс аймгийн Захиргааны хэргийн шүүх УИХ-ын сонгуулийн маргаантай хэргийг өчигдөр буюу 2012 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр хэлэлцэн, шийдвэрлэжээ.

Ардчилсан намаас Увс аймгийн Захиргааны хэргийн шүүхэд “УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хасах, УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг  эргүүлэн татах” гомдлыг зургадугаар сарын 27-нд гаргасан байна. Энэ нэхэмжлэлийн дагуу өчигдөр Захиргааны хэргийн шүүх хурлаар хэлэлцэж, зургадугаар сарын 27-нд өгсөн гомдлын дагуу нэр дэвшигчдийг эргүүлэх, татах нэрийн жагсаалтаас хасах шаардлагагүй гэсэн шийдвэр гаргасан тухай УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар хэллээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатараас өөрөөс нь тодрууллаа.

-Увс аймгийн Захиргааны хэргийн шүүхэд өчигдөр болсон хурлын шийдвэр хэрхэн гарсан бэ?

-Захиргааны хэргийн шүүх хурал өчигдөр УИХ-ын 15 дугаар тойрогт гаргасан гомдлын дагуу хуралдаж, нэрийн жагсаалтаас хасах, түр үнэмлэхийг нь эргүүлэн татах гомдлыг хүчингүй болгосон. Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг эргүүлэн татах шаардлагагүй гэсэн шийдвэрийг гаргасан.

-Увс аймгийн Захиргааны хэргийн шүүгч н.Бадамсүрэн өөр мэдээлэл өгсөн. Тодруулбал, Увс аймгийн тойргийн хорооны зургадугаар сарын 27-ны 26 дугаар тогтоолын нэг дэх хэсгийг хүчингүй болгосон гэсэн байна?

-Дээр миний хэлсэн гомдлыг өчигдөр Захиргааны хэргийн шүүх хэлэлцсэн.  Энэ нэхэмжлэлийн дагуу хуралдаад, гомдлыг хүчингүй болгосон. Шүүхийн шийдвэр ингэж л гарсан. Ингэснээр шүүх иргэдийн сонголтыг баталгаажууллаа.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж