Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатарын мандатыг хүчингүй болгоно

Хуучирсан мэдээ: 2012.11.23-нд нийтлэгдсэн

Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатарын мандатыг хүчингүй болгоно

Увс аймгийн Захиргааны хэргийн шүүх УИХ-ын сонгуулийн маргаантай хэргийг
өчигдөр буюу 2012 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр шийдвэрлэжээ.
Шүүх хуралд нэхэмжлэгч АН-ыг төлөөлж Увс аймгийн АН-ын дарга
Д.Цэндсүрэн, өмгөөлөгч н.Лхагважав, гуравдагч этгээдийн өмгөөлөгч
н.Энэбиш, н.Нацагдорж, мөн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн болон тэдний
өмгөөлөгч н.Хаш-Эрдэнэ, н.Батжаргал, н.Хишигбаатар нар оролцсон байна.
Хариуцагч СЕХ-ны төлөөлөгч биечлэн оролцоогүй ба тайлбараа бичгээр
ирүүлжээ.

Шүүх хурал өглөөний  10.00 цагт эхлээд оройны 21.30-д дуусч, завсарласан
бөгөөд шүүхийн шийдвэрийг 23.30-д уншиж танилцуулсан байна.

МАН-аас нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн болон тэдний шадар
туслах, ухуулагч нар сонгуулийн хууль тогтоомж зөрчин сонгогчдод бэлэн
мөнгө тараасан, төрийн албан хаагч болон насанд хүрээгүй иргэнийг
сонгуулийн сурталчилгаанд татан оролцуулсан зөрчил гаргасныг шүүхээс
тогтоож, УИХ-ын сонгуулын 15 дугаар тойргийн хорооны 2012 оны
зургадугаар сарын 27-ны өдрийн 26 дугаар тогтоолыг хүчингүй болгох
шийдвэр гаргажээ.

Нэгэнт зөрчил тогтоогдсон учраас үр дагаврын асуудлыг СЕХ өөрийн эрх
хэмжээний хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзээд нэхэмжлэгчийн
зарим шаардлагыг хангахаас татгалзсан байна.

УИХ-ын сонгуулийн хуульд нэр дэвшигч иргэдийн саналыг худалдан авах
зорилгоор мөнгө тараасан, төрийн албан хаагч, насанд хүрээгүй хүүхдийг
сонгуулийн сурталчилгаанд ашигласан бол нэр дэвшигчийг нэрсийн
жагсаалтаас хасахаар тусгасан юм. Нэр дэвшигч ялалт байгуулж, УИХ-ын
гишүүний тангараг өргөсөн хойно гэм буруутай нь тогтоогдвол тухайн
УИХ-ын гишүүний мандатыг хүчингүй болгож, 30-аас дээш хувийн санал авсан
дараагийн нэр дэвшигчийг өргөн барих юм. 30-аас дээш хувийн санал авсан
дараагийн хүмүүс нь АН-аас нэр дэвшигч Д.Нямхүү, Т.Мэндсайхан нар юм
байна. Тиймээс тойргийн хороог татан буулгасан учраас тун удахгүй СЕХ
хуралдаж УИХ-ын хоёр гишүүнийг эргүүлэн татах асуудлыг хэлэлцэнэ гэсэн
үг.

Энэ талаар Увс аймгийн Захиргааны хэргийн шүүгч н.Бадамсүрэнгээс
тодруулахад “Өчигдөр болсон шүүх хуралдаанаар Увс аймгийн тойргийн
хорооны зургадугаар сарын 27-ны 26 дугаар тогтоолын нэг дэх хэсгийг
хүчингүй болгосон” гэсэн хариулт өглөө.

Энэхүү тогтоол нь Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг хууль зөрчөөгүй
гэсэн тогтоол байсан аж. Нэгэнт мөнгө тараасан нь шүүхээр тогтоогдсон
учраас тойргийн хорооны 26 дугаар тогтоолын хэсгийг хүчингүй болгожээ.
Ингэснээр Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын мандатыг хүчингүй болгох
асуудлаар шүүхийн шийдвэр ирсний дараа СЕХ хуралдах нь тодорхой болоод
байна.

Шүүхийн шийдвэр ирсэн эсэх талаар  СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнгээс
тодруулахад “Увс аймагт болсон шүүх хурлын мэдээлэл СЕХ-нд албан ёсоор
ирээгүй байна. Шүүх хурал өчигдөр орой гарсан гэсэн. Шүүхийн шийдвэрийг
албан ёсоор СЕХ-нд ирвэл, шийдвэрийг харж СЕХ хуралдах эсэхээ
шийдвэрлэнэ” гэлээ.

Дашрамд дурдахад, өнөөдөр үүнтэй холбоотой бас нэгэн шүүх хурал Баянгол
дүүргийн шүүхт болох юм. Тэр нь УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойрог, Увс
аймагт Монгол Ардын намаас нэр дэвшигч Б.Чойжилсүрэнгийн туслах
Я.Баттогтох,  УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны
референт, Увс аймгийн Оюутны холбооны тэргүүн Ш.Чинбат нарыг шүүх хурал
юм. Хурал өнөөдөр 13.00 цагт эхэлнэ. Хуралд шүүгчээр Т.Өсөхбаяр, улсын
яллагчаар Г.Гэрэлтуяа нар оролцох юм байна. Тэднийг сонгогчдод мөнгө
тараасан, оюутнуудыг авч зугтсан гэх хэрэгт буруутган Тагнуулын ерөнхий
газарт мөрдөн шалгасан юм.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж