Одоогоор Ч.Амарболдын өмгөөлөгчөөр Ж.Яринпил, Н.Мөнхбат, О.Зоригтын өмгөөлөгчөөр Ж.Энхчулуун, Ё.Өнөрбаяр, Ш.Батсүхийн өмгөөлөгчөөр Г.Оюунцэцэг нар ажиллаж байгаа юм.
Нийслэлийн шүүхийн шийдвэрийн дараа цагдаагийн экс удирдлагуудыг “Дамжин өнгөрүүлэх”-д шилжүүлнэ гэж байсан ч одоогоор шилжүүлээгүй байгаа юм байна. Энэ талаар Ч.Амарболдын эхнэр Ш.Нарангэрэлээс тодрууллаа.
-Нөхрийг тань “Дамжин өнгөрүүлэх”-д шилжүүлсэн үү?
-Хань маань эмнэлгээс гарч, хуучнаар Ганц худаг буюу Цагдан хорих 461 дүгээр ангид шилжээд нэг сар гаруй болж байна. Биеийн байдал нь тааруухан байгаа ч өөрөө Улсын дээд шүүхийн хурал болтол эндээ байна гэж зүтгээд байгаа. Улсын дээд шүүхийг үнэн зөв шийдвэр гарна гэдэгт найдаж байгаа.
-Биеийн байдал нь ямар байгаа вэ?
-Цусан дахь сахарын хэмжээ нь хэт ихсээд хөл нь шархалсан тул одоо эмчлэгдэхэд тун хэцүү болж байгаа юм. Болдогсон бол нарийн мэргэжлийн эмчийн хяналтад байх ёстой. Гэхдээ эмнэлэгт хүсэлт гаргаад хэвтүүлэх гэхээр бас их асуудалтай юм билээ. Учир нь эхний ээлжинд Зайсангийн хажууханд байдаг “Дамжин өнгөрүүлэх” хориход шилжүүлээд дараагийн шатны эмнэлэгт шилжүүлэх эсэхийг шийддэг гэсэн.
-Та хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?
-Ер нь тогтмол уулзаж байгаа. Уулзах бүрт надад “Санаа зоволтгүй ээ. Улсын дээд шүүх үнэн мөнийг ялгана. Би итгэж байна” гэдэг юм.
-Ш.Батсүх, О.Зоригт нарын тухайд?
-Ш.Батсүх Амгалан дахь хориход ял эдэлж байгаа. Харин О.Зоригт зүрхний титэм судасны хагалгаанд орсон, одоогоор зүрх нь тун муу байгаа тул П.И.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэсэн.
-Дээд шүүхийн тов гарсан болов уу?
-Бидэнд энэ тухай мэдээлэл алга байна. Ямартай ч орон нутгийн сонгуулийн дараа товлох нь тодорхой байсан.
-Хоёр шатны шүүх хурлын дараа та өмгөөлөгч, хуулийн ажилтнуудад хандсан уу?
-Би өмгөөлөгч Ж.Яринпил, Н.Мөнхбат нарт итгэж байгаа. Тиймээс хэн нэгэнд хандаагүй. Хүнийг зовж, зүдрэхэд хань нь л түшиг тулгуур болдог юм байна. Үүнийг л сайн ойлгож байна.
-Таван хүн амиа алдсан энэ хэрэгт та хэнийг буруутай гэж боддог вэ?
-Би ханийгаа хоёр намын золиос болсон гэж боддог. Хэрэг гарах үед Ч.Амарболд Төрийн ордонд хоёр хоног ажилласан. Тухайн үеийн төрийн удирдлагуудын заавраар л ажиллаж байсан.