Тэсэрч, дэлбэрэх бодисын хяналт дутуу байна гэв

Хуучирсан мэдээ: 2012.11.23-нд нийтлэгдсэн

Тэсэрч, дэлбэрэх бодисын хяналт дутуу байна гэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд гишүүдийн 64.4 хувийн саналаар “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Төсөлд тусгаснаар тэсрэх бодисын үйлдвэрлэл, тэсрэх бодисын агуулгын цогцолборт аюулгүйн зэргийг тогтоож, дотоодын цэргийн болон гэрээт цагдаагийн харуул хамгаалалтаар хамгаалуулах, гадаадын хөрөнгө оруулалтын дээд хязгаар 49 хувь хүртэл байх, тэсрэх бодисын үйлдвэрлэл, материалын агуулахын байршил зэргийн талаарх мэдээллийг Зэвсэгт хүчний Жанжин штаб мэдэж байх, тогтмол авч байхаар зааж өгчээ. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар дээрх асуудлыг Уул уурхайн яам хариуцаж буй юм. Гэхдээ хэлэлцүүлгийн шатанд гишүүд “Тэсэлгээ хийх эрхийг тогтмол гадаадын компаниуд авчихаад байвал яах вэ, гуравны нэгээр хязгаарлалт тавьж өгөх ёстой юм биш үү. Төсөлд яаж тэсэлгээ хийх, хэрхэн худалдаж авах, хаанаас хяналт тавих гэсэн процессын асуудал байхаас хамгаалалт, аюулгүй байдал дутуу байна” гэж байлаа. Мөн гадаадын компаниуд тэсэлгээний бодисыг Монголд шууд үйлдвэрлээд эхэлсэн үед энэхүү төсөлд тэр бүх зохицуулалтыг зааж өгөх хэрэгтэй” гэх байр суурийг ч илэрхийлж байлаа. Тиймээс хэлэлцүүлгийн шатанд энэ бүх асуудлыг харж заалт тусгах болж байна.

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Татварын мэргэшсэн зөвлөхийн үйл ажиллагааны тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж