Г.Баярсайхан: Би У.Хүрэлсүхийн уучлалыг хүлээж авсан

Хуучирсан мэдээ: 2012.11.23-нд нийтлэгдсэн

Г.Баярсайхан: Би У.Хүрэлсүхийн уучлалыг хүлээж авсан

УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай цаг үеийн сэдвээр ярилцлаа.

-Намууд ажиглагч­дын­хаа орон нутгаас ирүүлсэн мэдээллийн дагуу ялалт байгуулсан эсэхээ мэдэгдэж эхэллээ. Таны сонгогдсон Чингэлтэй дүүрэгт чухам ямар дүн гарч байна?

-Манай дүүрэгт ирц хү­рээгүй гэсэн мэдээ ирсэн. Зарим дүүрэг, орон нутагт ч адилхан байна.

-Ирц муу байгаа нь чу­хам юунаас шалтгаалсан бол?

-Сонгогчидтой уулзалт хийж байхад улстөрийн идэвх оролцоо сайн байсан. Улс орны хөгжил өсөн дэвжихийн хэрээр иргэдийн улс орны ирээдүйд санаа тавих нь эрс нэмэгдсэн нь ажиглагдаж байна. Энэ удаа сонгуулийн хугацааг хойшлуулж, өвлийн улиралд зохион байгуулсан нь ирц хүрэлцэхгүй байх бодит шалтгаан боллоо.  Да­раа, дараагийн орон нут­гийн сон­гуулийг заавал арван­нэгдүгээр сарын сүүлчээр хийх нь оновчтой хугацаа биш гэдэг нь харагдлаа.

Мөн манай улсын иргэд гадаадад олноороо ажиллаж, амьдарч байгаа. Эдгээр ир­гэд хэдийгээр сонгогчдын бүрт­гэлд хамрагдсан ч яг сонгуулийн үйл ажиллагаа явуулах цаг мөчид эзгүй байдаг нь ирцэд нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, бүртгэлтэй иргэд саналаа өгсөнгүй гэдэг асуудал яригддаг. Тиймээс улстөр судлаачид болон ажиг­лагчдын ярьж буй эз­гүй хүмүүсийг сонгогчдын бүртгэлд хамруулалгүй, яг бодит тоонд тулгуурлах хэ­рэгтэй гэдэгтэй би санал нэг байна.  

-Тэгэхээр сая ирц хү­рээгүй гэдэг нь тухайн орон нутагтаа эзгүй байсан иргэдтэй бас холбоотой гэ­сэн үг байх нь ээ?

-Тийм ээ. Энэ утгаараа асуудлыг шийдвэрлэсний да­раа дахин сонгуулийн ту­хай яригдах байх.

-Хөдөө орон нутагт ирц харьцангуй гайгүй байсан бололтой. Харамсалтай нь нийслэлийн сонгогчдын ирц муу байлаа. Энэ нь цаг агаа­раас илүү сонгогчдын итгэлийг хүлээх чадвартай хүн тухайн тойрогт бай­гаагүйтэй холбоотой юм шиг. Тэр тусмаа УИХ-ын сонгуулийг хамт зохион байгуулсан Баянзүрх дүүр­гийн ирц мөн л хүрсэнгүй?  

-Тухайн орон нутагт улстөрийн үйл ажиллагаа явуулдаг намуудын мэдээлэл, сурталчилгаа иргэдийн сэт­гэл зүйд хүрэхгүй бай­гаа­тай холбоотой болов уу. Хэрвээ дэмждэг улстөрч нь тойрог, хэсэгт нь өрсөлдөж байвал ямар ч сонгогч цаг, зав гаргаад саналаа өгнө. Тиймээс Баянзүрх дүүргийн иргэдийн талархлыг хү­лээхээр­гүй нэр дэвшигчид өрсөлдөөд байгаа юм байна гэж ойлгосон.

Бусад газар 60 гаруй хувийн ирцтэй байгаа нь тухайн орон нутгийн ир­гэ­дийнхээ асуудлыг шийд­­вэрлэж чадах, тэд­нийхээ тө­лөө зүтгэх итгэл төрүүлсөн залуучууд өрсөлдсөн учраас ирц гайгүй байсан гэсэн үг.

-Ялалтад намаас гадна улстөрчийн өөрийн имиж чухал гэдгийг харуулсан сонгууль болов уу?

-Тэгж хэлж болно. Бид иргэдийнхээ дэмжлэгийг авч чадахуйц залуустай гэдгээ мэдэрлээ. Харин ялагдаж байгааг нь хараад тойрог, хэсэгтээ дэмжлэггүй, хөрс­гүй улстөрчид явж байж гэж дүгнэж байна.

Төр өөрсдөө ард иргэ­дийнхээ төлөө санаа тавьдаг, тэднээсээ талархлыг хүлээж чадах шийдвэр гаргаж, ажил хийхэд дэмжлэг авч болдог юм гэдгийг шинэчлэлийн Засгийн газар харууллаа. Бид олон жилийн туршид ялалт багуулж чаддаггүй байсан Говь-Алтай, Ховд, Увс зэрэг “улаан” аймагт ялалт байгуулсан мэдээ ирээд байгаа.

-Өөрөөр хэлбэл, “цэнхэр” болголоо гэсэн үг үү?     

-Тэгэлгүй яах вэ. Энэ нь АН-ын явуулж буй бод­лого иргэн, сонгогч бүрт хүрч байгаа юм байна гэж дүгнэмээр байна.

-Өнөөдөр /өчигдөр/ чуул­ганы хуралдааныг хойш­лууллаа. Уг нь парламент бүл нэмнэ гэж байсан биз дээ?

-Ихэнх гишүүн орон нутагт ажиллаж байгаа бо­лохоор ирц хүрэхгүй байна. Томилолтоор ажиллаж буй гишүүд маргааш гэхэд ам­жаад ирэх байх. Тэгэхээр хуулийн дагуу гишүүн болох хүмүүс тангаргаа өргөнө.  

-Хуулийн дагуу байж чадах юм уу. Өнгөрсөн удаа аль аль нь хууль зөр­чиж байна хэмээн бие бие­дээ бурууг тохоож, эцэст нь буйдантай жагсаалд шилж­сэн шүү дээ. АН-ынхан орон нутгийн сонгуулийн дүй­вээнээр далимдуулж Г.Батхүү, Д.Зоригт нараар тангараг өргүүлэхээр зүт­гэж байгаа юм биш биз?

-Миний хувьд МАН-ын өмнөөс ямар нэгэн тайл­бар хийх нь зохисгүй. Гэх­дээ тэд орон нутгийн сон­гуульд ч ялагдаж, АН ялалт байгууллаа. Тэгэхээр манай намаас ялалт бай­гуулсан хүмүүс хүлээн зөв­шөөрүүлээд, тангаргаа өргөх хэрэгтэй. Сонгуульд шударга өрсөлдөх нь онцгой асуудал. Шударгаар өрсөлдсөн хү­мүүс нь тангаргаа өргөх гэж байна.

-Гэхдээ УИХ-ын сон­гуульд үнэхээр ялсан юм бол сая орон нутагт ялах байсан биз дээ?

-Сая МАН ялсан мэдээ дуулдсан. АН засаг барьж байгаа учраас бүх газар ялах ёстой гэж ойлгож болохгүй. Өвөрхангайн сонгогчдын ит­гэл үнэмшил ямар байна. Бид түүнийг л хүндэтгэнэ.  

-Ингэхэд гишүүн асан У.Хүрэлсүх та хоёрын асуу­дал хэрхсэн бэ.  Түү­нийг гишүүнийхээ эрхээс тат­галзахад хэрхэн хүлээж авсан бэ?

-Би тэр хүнийг өргөдөл өгснийг нь зөв, бу­руу гэж хэлэхгүй. Тухайн хүн асуудлаа шийдэж байгаа байх.

У.Хүрэлсүх өөрийн биеэр надаас уучлалт хүссэн. Түү­­нийг нь хүлээж авсан. Тэ­гээд ч би Оросын “Унасан хүнийг өшиглөдөггүй” гэдэг зүйр үгээр байр сууриа илэрхийлнэ.

Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж