Мөн хурлаар мөрдөх шаардлагатай шинэ стандартуудыг баталж, хэрэгжихгүй байгааг нь мөрдөхийг салбарын удирдлагуудад даалгалаа. Энэ үеэр бидний амьдралд олон зүйл хэр хэмжээнээсээ хальж байгаа талаар мэргэжилтнүүд байр сууриа илэрхийлсэн юм.
Барилгачдын холбооны тэргүүн Б.Батбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
-Барилгын аюулгүй байдал алдагдаж байгааг сүүлийн үед гарсан ослууд илчилж байна. Үүнд хүмүүс ч гэсэн шүүмжлэлтэй ханддаг?
-Сүүлийн үед барилгын ажлын аюулгүй байдал, чанар хүмүүсийн анхаарлын төвд байна. Энэ хоёр асуудал үнэхээр манай салбарт тулгамдаж байгаа. Үүнтэй холбогдуулан манай холбоо мэргэжлийн бусад холбоотой хамтран Итали улсаас зөвлөх компани урьж энэ асуудлаар ярилцлаа. Мөн дөрвөн сар гаруй хугацаанд барилгын аюулгүй байдлын талаар судалж олон улсын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн удирдлагын тогтолцоог Монголд хэрэгжүүлэхээр санал нэгдсэн.
-Та бүхний баталсан шинэ стандарт барилгын аюулгүй байдалд ямар ахиц авчрах вэ?
-Энэ стандартыг манайд ашиглаж эхэлснээр хөдөлмөрийн аюулгүй байдал улсын хэмжээнд ямар байх, салбарын хүрээнд хэр байх нь тодорхой болох юм. Мөн салбарын яаманд аюулгүй байдлын бүтэц ямар байх, хяналтыг хэн тавих, сургалт сурталчилгааг нь хаана хэрхэн явуулах нь илэрхий болно. Үүнээс гадна барилгын талбай дээр барилгачид ямар эрх үүрэгтэй байх, барилгын зураг төсөл гаргасан, хөрөнгө оруулсан компани ямар эрх үүрэг эдлэх, байр захиалсан захиалагчийн эрх үүргийг хэрхэн тодорхойлох зэрэг асуудлыг шийднэ.
-Шинэ стандартыг амьдралд хэрэгжүүлэхэд юунаас эхлэх вэ?
-Энэ сарын 27-нд Төрийн ордонд “Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тогтолцооны шинэчлэл” гэсэн үндэсний зөвлөл зохион байгуулна. Энэ үеэр шинэ стандартыг албан ёсоор Барилга, хот байгуулалтын яам, Ерөнхий сайдад өргөн барина. Ингэснээр Монгол Улс барилгын аюулгүй байдлын удирдлагын стандарттай болно.
Ой, модны сургалт судалгааны хүрээлэнгийн захирал Ц.Энхбаатар мод ургуулах, ойг өргөжүүлэхэд юуг анхаарах, шатсан мод, хаягдлыг хэрхэн ашиглах талаар ярилаа.
-Манайд хаягдал модны нөөц хэр байдаг юм бол. Үүнийг бүтээгдэхүүн болгох боломж байна уу?
-Хаягдал модны нөөцөөр манайх баян. Бид хаягдал модны нөөцөө ашиглахгүй байна. Ойд байгаа хатсан, унасан, ургалт нь зогссон, түймэрт өртсөн модоор бүтээгдэхүүн хийх аргыг хайж байна. Ингэхийн тулд мэдээж тодорхой стандартууд хэрэгтэй байгаа юм. Барилгад хэрэглэж байгаа гадны модон материалыг өөрсдөө хийх боломж бидэнд байна. Манай хүрээлэнгээс энэ талаар Сэлэнгэ, Төв, Булган аймагт судалгаа хийсэн.
-Мод бэлтгэх, ашиглах стандартыг манайд хэр мөрдөж байна вэ?
-Мод бэлтгэх, боловсруулах үйлдвэрийн стандартыг дахиж хянан засварлаж, шинэчлэх шаардлага байгаа юм. Үүнийг батлахаар хэлэлцэж байна. Стандарт дутагдалтай, мөрдөгдөхгүй байгаа нь түүнийг шинэчлэх шаардлагатай болж байгаа юм. Мөн манайд хаягдал модыг ашиглаж бүтээгдэхүүн болгохгүй байгаа нь мод ашиглах стандартыг шинэчлэхгүй байгаатай холбоотой.
-Ер нь хаягдал мод ойд ямар сөрөг нөлөөтэй вэ?
-Унасан хуурай мод ойд түймэр гарах гол шалтгаан болдог. Мөн жижиг гацуур ургахад унасан мод саад болдог юм.
Энэ хурлаар Агаарын чанарын албаныхан аюултай хог хаягдал шатаахад гарах утааны найрлага дахь бохирдлын талаар танилцууллаа.
-Агаар бохирдоход ямар стандартууд нөлөөлж байна вэ?
-Утаа гаргах эх үүсвэрүүдэд тавигдах стандарт байдаг. Тухайлбал, зуух, машины янданд энэ стандарт мөрдөгдөхгүй байна. Үүнд оношлогоо, үзлэгт ороогүй автомашин зэргийг нэрлэж болно.
-Аюултай хог хаягдлыг шатаахад тавих стандартыг мөрдсөнөөр ямар үр дүн гарах вэ?
-Аюултай хог хаягдлыг шатаахад оролцдог аж ахуйн нэгж, байгууллага стандартын дагуу техник технологио хангах юм. Мөн манай эмнэлгийн аюултай хог хаягдлыг шатаах байгууллагуудад энэ стандартыг тавьснаар дотоод хяналт сайжирна. Үүнийг дагаад байгаль орчинд нөлөөлөх сөрөг үр дагавар буурна.
Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин