’’Роснефть’’-ийн хувьчлал ба Монголын хар алтны хэрэглээ

Хуучирсан мэдээ: 2012.11.23-нд нийтлэгдсэн

’’Роснефть’’-ийн хувьчлал ба Монголын хар алтны хэрэглээ

Үе үеийн Засгийн газрын толгойн өвчин нь шатахууны үнэ ханга байсаар ирлээ. Суурь үнэ учраас үнийн шуурга эндээс л эхлэн хөллөдөг. Газрын тос хэмээх тэр гайхамшиг нь гайтай юм шиг Монголд байдаггүй. Гаднаас л бадар барихаас өөр аргагүй. Бүр тэгэхдээ ганцхан зах зээлээс. Тэр нь ОХУ. Монголчуудыг дуулгавартай байлгахад "Роснефть"-ийн цорго л хангалттай. Байхгүйн зовлон, байгаагийн араншин гэж хэцүү. Кремлийн сануулга "Роснефть"-иэр дамжин ирдэг гэж ойлгогддог. ОХУ нефтийн үнэ ханшийг нэмэх бүхий л арга чаргаа хэрэглэсэн байх. Гэвч бас олон улсын хэм хэмжээ, ёс зүй гэж бий. Тэгэхээр ганцхан Монголд зориулсан өндөр үнэ ханш тогтоож болохгүй. Газрын тосны үнэ ханшаар монголчуудыг хашраах бодлогод Орос орны оршин суугчид ч нэгэн адил өртөж, эдийн засгийн таагүй үр дагавар авчирч байсан удаа бий. Засгийн газар нь "бодлогоор нефтийнхээ үнийг нэмсэн" гэлтэй биш "Роснефть"-ийг буруутгаж, 5.0 тэрбум рублиэр торгож байсан гэх мэдээлэл гарч байсан юм даг.

Гэхдээ хэдийгээр ааш авир ороо бусгаа ч энэ компани монголчуудыг гал алдуулчихгүй өдий хүрснийг нь бас мартаж болохгүй. "Роснефть" бол одоогоор төрийн мэдлийн компани. Тийм болохоор улс орнуудын удирдлагын түвшинд хэл үгээ ололцоод, гүйдэл суудлаа зохицуулсаар ирсэн. Гэвч ОХУ-ын Засгийн газар эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах чиг хандлага баримталж байгаагаа хэдэнтээ нотолсон. Энэ чиг хандлагад хамгийн түрүүнд өртөх газар бол "Роснефть" байх магадлал туйлын өндөр байгаа юм. Учир нь "Роснефть"-ийг хувьчлах тухай яриа бүр хоёр жилийн тэртээгээс чих дэлсч эхэлсэн. Энэ яриа тэгсхийгээд мартагдсан ч хэдхэн хоногийн өмнө ОХУ-ын Засгийн газрын орлогч Аркадий Дворкович Францын Le Figaro сонинд өгсөн ярилцлагадаа "Роснефти"-ийн хувьцааны багцын анхны арилжааг 2013 онд хийхээр төлөвлөж байгааг мэдэгдлээ.

Ерөнхийлөгч В.Путиний улс орны эрчим хүчний салбар төдийгүй эдийн засгийг бүхэлд нь хувьчлах юу юунаас чухал болохыг сануулж хэлсний араас хийгдэж буй нэг алхам энэ байж мэднэ. Ер нь энэ асуудлаар хойд хөршийн хоёр Ерөнхийлөгчийн хоёр өөр цаг хугацаанд хэлж байсан үг адилхан байр суурьтай байсан юм.

Засгийн газрын орлогч "Бид "Роснефть"-ийг хэсэгчлэн хувьчлахаас татгалзахгүй бөгөөд ирэх онд хувьцааны анхны арилжаа болно. "BP" компани "Роснефть"-ийн хувьцааны томоохон багцыг худалдан авахаар төлөвлөж байгаагаа хэдийнэ зарласан" хэмээн дээрх ярилцлагадаа онцолжээ. Түүний хэлсэн үгнээс анзаарвал "Роснефть"-ийн хувьцааны тодорхой хэсгийг хэн худалдаж авах гэж байгаа нь ч бараг тодорхой болж байх шиг байна. Тэр нь Их Британийн "BP pic" (British Petroleum) компани болж таарах нь. "BP" бол газрын тос, байгалийн хийн бүтээгдэхүүний худалдаагаараа дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгддэг томоохон тоглогч гэдгийг дурдах учиртай байх.

Зарим нэг эх сурвалжийн мэдээлснээр бол 2013 онд "Роснефть"-ийн 15 хувийг худалдахаар төлөвлөж буй гэх мэдээлэл байна. Ер нь 2017 он гэхэд тус компанийн 75 хувийг хувьчлахаар Засгийн газрын төлөвлөгөөнд тусгасныг ОХУ-ын Эдийн засгийн яамны томоохон албан тушаалтан мэдэгдэж байсан нь бий. Харин үлдэх 25 хувь нь Засгийн газрын мэдлийн "алтан" хувьцаа байх бололтой.

В.Путины Ерөнхийлөгчөөр сонгогдоод олигархиудтай зарласан дайнд хамгийн түрүүнд ширвэгдсэн хүн нь газрын тосны магнат асан М.Ходорковский гэдгийг санаж байгаа байх. Төрд булаалгасан ЮКОС-ын орон суурин нь "Роснефть" бөгөөд түүний зах зээлийн нийт үнэлгээ нь 2.6 их наяд рубль хүрнэ гэсэн тооцоо байна. Харин ирэх жил зарахаар төлөвлөж байгаа 15 хувь нь өнөөгийн ханшаар бол 14-15 тэрбум ам.долларын үнэ хүрэх магадлалтай аж.

"Роснефть", "BP" хоёр хуучны түншүүд, зан зангаа авалцсан анд аж. 2011 оны нэгдүгээр сард энэ хоёр компани Карскийн тэнгисийн нефтийн ордыг олборлож боловсруулах хамтран үйлдвэр байгуулснаа зарлаж байсан билээ. (Роснефть 66.7 хувь, BP 33.3 хувийн эзэмшилтэй) Түүнээс хойш удалгүй мөн сарын сүүлчээр "Роснефть", "BP" хоёр стратегийн түншлэл байгуулснаа Давос хотноо зарлаж байсан юм.

"Роснефть" хэдийгээр хувьчлагдаж байгаа ч цар хүрээ, хамжаа далайцаараа улам бүр томорсоор байна. Хэдхэн хоногийн өмнө "Роснефть" "ТНК-ВР" компанийн хувьцааг худалдан авах тохирооңд хүрлээ. Ингэснээрээ тус компани дэлхийн нефть олборлолтын таван хувийг дангаараа эзэмших бөгөөд хоногийн олборлолт нь бараг хоёр дахин буюу 2.4 сая баррелиас 4.6 сая болтлар өсч байгаа юм. "ТНК-ВР" компанийг 2003 онд "BP" компани ОХУ-ын Тюмений нефтийн компани (ГНК)-тай хамтран байгуулсан бөгөөд хэрэв "Роснефть" "ТНК-ВР" компанийн хувьцааг 100 хувь худалдан авбал ОХУ-ын нефть олборлолтын 40 хувийг дангаараа гүйцэтгэх хэмжээнд очихоор байгаа юм.

Монголын зах зээлийг газрын тосны бүтээгдэхүүнээр хангаж байгаа ганц эх булаг болсон "Роснефть"-ийн эргэн тойронд иймэрхүү яриа хэлцэл, арилжаа наймаа өрнөж байна. Энэ бол тэдний эрх ашгийн асуудал, эзэн хүний сонголт. Харин энэ бүхний дунд жижигхэн Монголын маань эрх ашиг хаана гээгдэж хоцрох нь тодорхойгүй. Хар алтны хаанчлалд бид хазаар ногт бэлтгэж чадахгүй. Найдах нэг зүйл бол "Роснефть" хувьчлагдснаар тэндэх улс төрийн нөлөөлөл багасна. Тэр цагт "Роснефть" мөнөөх Монголд "ухамсрын сануулга" өгөх хэрэгсэл байхаа болино. Газрын тосны дэлхийн томоохон тоглогчийн хувьд "BP" хамтран ажиллах, авалцаж өгөлцөх томоохон соёл, бэлэн туршлагатай. Тийм болохоор ашиг сонирхлын бус зах зээлийн үнэ ханш үйлчлэх магадлал өндөртэй болно. Энэ мэт бодол сэтгэлд гэрэл сүлэх байх.

Гэвч харь гүрнээс хамааралтай байна гэдэг хэн байхаасаа үл шалтгаалан бусдын эрх ашигт л ая дангаа тохируулна гэсэн үг. Тиймээс айлаас эрхээр авдраа уудлах л хамгийн зөв шийдэл болж таарах байх. Мөнөөх нефть боловсруулах үйлдвэр барих, нүүрснээс шатахуун гаргаж авах олон жилийн домог одоо л амилах ёстой биш гэж үү.

П.БУЛГАН
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж