Засаг дарга Ц.Болдын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.23-нд нийтлэгдсэн

Засаг дарга Ц.Болдын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болдод холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлжээ. Энэ хэргийг өмнө нь тус дүүргийн шүүхэд хэлэлцээд мөрдөн байцаалт дутуу гэх үндэслэлээр УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлж байсан юм.

Ц.Болд нь нийслэлийн Хот тохижилтын газрын даргаар ажиллаж байхдаа Захирагчийн албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн дарга асан Н.Дэлгэрбаяр, Хот тохижилтын газрын нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Баяраа нартай тохиролцон албан тушаалаа урвуулан ашиглаж, байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан, мөн бүлэглэн төсвийн хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн болохыг мөрдөн байцаалтын явцад тогтоогдоод байгаа юм.

Мөн Ц.Болд цас хайлуулах химийн бодисыг гаднаас гэрээгээр нийлүүлэх нэрийн дор их хэмжээний хөрөнгө төсвийн хөрөнгөөс гаргаж, тус хүмүүстэй хамтарч хуурамч баримт бүрдүүлж төсвийн хөрөнгөд 88 сая орчим төгрөгийн хохирол учруулсан, 61 сая орчим төгрөгийн эд хөрөнгийг бусадтай бүлэглэн завшиж, үрэгдүүлсэн хэрэгт буруутгаж байгаа юм.

Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж