Маркетингийн судалгааны салбарыг хөгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.11.23-нд нийтлэгдсэн

Маркетингийн судалгааны салбарыг хөгжүүлнэ

Д.Амгаланбаатар: Маркетингийн судалгааны салбарыг хөгжүүлэх нөр их ажил урд маань байна

Дэлхийн ямар ч том компани, улс төрийн институц, зах зээлд гаргаж байгаа шинэ бүтээгдэхүүнээ, шинэ улстөрчдөө, улс төрийн алхмаа хийхдээ нарийн судалгаа шинжилгээнд  түшиглэдэг билээ. Удахгүй 10 жилийнхээ ойг тэмдэглэх гэж байгаа судалгааны тэргүүлэгч байгууллага “MMCG” компанийн ерөнхий захирал Д.Амгаланбаатартай ярилцлаа.

-Танай компани судалгаа шинжилгээний салбарт хөл тавьж, түүчээ нь болж яваад арван жилийн нүүр үзжээ. Удахгүй болох ойн баярын тань мэндийг хүргэе. Танай хамт олон 10 жилийн ойгоо хэрхэн тэмдэглэх гэж байна даа?

-Баярлалаа. Цаг хугацаа үнэхээр хурдан өнгөрөх юм аа. Бид 2002 онд анх судалгааны компаниа байгуулж байсан нь саяхан мэт боловч хэдийнээ арван жил өнгөрчээ. Бид өнгөрсөн цаг хугацаанд олон ч зүйлд суралцаж бас олон ч зүйлийг хийж бүтээж ирлээ. Ойн баярынхаа хүрээнд олон ажил хийхээр төлөвлөсөн байгаа. Гэхдээ бид ойн баяраа харилцагч түншүүдийнхээ хамтаар тэмдэглэхээр бэлтгэж байгаа. Бид ойн баярын арга хэмжээгээ энэ сарын 30-ны өдөр “Кемпински” зочид буудалд тэмдэглэх юм.

-Ямар хөтөлбөрүүд байгаа бол?

-Арга хэмжээ үндсэндээ хоёр хэсгээс бүрдэж байгаа. Эхний хэсэг нь “Дэлхийн судалгааны стандарт Монголд” нэртэй бизнес зөвлөгөөн зохион байгуулах болно. Энэ зөвлөгөөндөө бид дэлхийд IV-т ордог судалгаа шинжилгээний “IPSOS”  компаниас хоёр мэргэжилтэн урьж илтгэл тавиулахаар болсон байгаа. Мөн салбартаа туршлага хуримтлуулж, нүүр царай нь болж яваагийн хувьд компанийнхаа зүгээс гурван илтгэл бэлтгэж байгаа. Тэгэхээр энэ үеэр нийтдээ таван илтгэл тавигдана. Ер нь бол тавигдах илтгэлүүд маань манай бизнесийн байгууллагуудын топ түвшиний удирдлагуудын заавал сонсож үйл ажиллагаандаа нэвтрүүлэх шаардлагатай, дэлхийн томоохон компаниуд үйл ажиллагаандаа ашиглаж байгаа зах зээлийн судалгааны арга техникүүдтэй холбоотой сэдвүүдээр бэлтгэгдэж байгаа нь онцлог юм.

Мэдээж дараагийн хэсэг маань хүндэтгэлийн хүлээн авалт болно. Энэ үеэр бизнесийн байгууллагын удирдлагууд маань хоорондоо чөлөөтэй ярилцлага өрнүүлж, манай компанийн мэргэжилтнүүдээс судалгаа шинжилгээний ажлуудын талаар хүссэн мэдээллээ авах боломжтой юм. Ер нь бид энэ арга хэмжээг зохион байгуулахдаа ямар нэг байдлаар компаниа сурталчлах гэхээсээ илүүтэйгээр улс орны хүндийг нуруун дээрээ үүрч явдаг бизнес эрхлэгчдэдээ маркетингийн судалгаа, шинжилгээтэйгээр үйл ажиллагаа явуулж түүн дээрээ тулгуурлаад эрсдлээ бууруулахын гол ач холбогдлыг илүү ойлгуулахад чиглэж байгаа юм.

-Судалгаа шинжилгээн дээр тулгуурлаж эрсдлээ бууруулахыг олон хүн хүсч таарах болов уу. Танай энэ арга хэмжээнд хүссэн хүмүүс нь оролцох боломж бий болов уу?

-Харамсалтай нь энэ арга хэмжээнд бүх харилцагчаа оролцуулах боломжгүй байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд хамтарч ажилласан бүх харилцагч нараа урьж оролцуулмаар байгаа ч цаг хугацаа болон заалны багтаамж хязгаарлагдмал учир энэ удаад тэргүүлэгч 100 бизнесийн байгууллагын удирдлагуудад биечлэн урилга хүргүүлж байгаа.

-Танайх өнгөрсөн хугацаанд ямар, ямар судалгааны ажлууд дээр ажилласан бэ?

-Өнгөрсөн хугацаанд манай хамт олон маш олон судалгааны ажлууд дээр ажилласан байна. Тэр болгоныг дэлгэрэнгүй яривал маш их цаг орох байх. Тэгэхдээ аль ч бизнесийн болон бизнесийн бус байгууллагуудын хувьд санхүүгийн тайлан тооцоогоо нарийн гаргадагтай адилхан судалгааны байгууллагын нэг онцлог зүйл нь тухайн жилд бид нар хэдэн өрхөөс судалгаа /D2D/ авсан, хэдэн хүнтэй IDI /нүүр тулсан ярилцлага/ хийсэн, хэдэн фокус бүлгийн ярилцлага /FGD/ зохион байгуулсан, хаана хаанаас судалгаа авсан бэ гэдэг тоо гардаг. Ингээд тооцоод үзэх юм бол манай компани өнгөрсөн 10 жилийн хугацаанд 7400 гаруй аж ахуй нэгж байгууллага, 251’400 гаруй иргэдтэй ярилцаж, мэдээлэл цуглуулж, 21 аймаг болон Улаанбаатар хотын 67500 гаруй өрхөөр зочилон судалгаа авсан байна. Мөн давхардаагүй тоогоор энэ хугацаанд 56 салбарын 81 бизнесийн байгууллага, болон 26 олон улсын байгууллагатай хамтран ажиллаж,  дээр нь 17 удаагийн PR-н компанит ажил, 45 байгууллагын сургалт болон 13 танхимын сургалтыг тус тус  зохион байгуулж, нийт 83 салбар нэгжүүдэд иргэд, олон нийтийнхээ үзэл бодлыг хүргэсэн амжилттайгаар ажилласан байна.

-Таны дурдсан тоо салбартаа түүчээ нь болж ирсэн танай байгууллагын царааг тодорхойлох байх гэж бодож байна. Ер нь таны бодлоор дэлхийн маркетингийн судалгааны хөгжлийн чиг хандлага ямар байна вэ?

-Их сайхан асуулт байна. Монгол оронд маркетингийн ухаан нэвтэрч хөгжөөд 20 жил харин маркетингийн судалгааны чиглэл идэвхитэй хөгжсөн нь сүүлийн 10 жил орчим гэж тодорхойлж болох юм. Харин зах зээл хөгжсөн орнуудад 1950-аад оноос хойш маркетингийн судалгаа хөгжиж эхэлсэн байдаг. Тийм ч учраас судалгааны арга аргачлал, программ хангамжийн хувьд асар өндөр түвшинд хөгжсөн гэж ойлгож болно. Энэ утгаараа бид өөрсдийн үйл ажиллагаанд дэлхийн cудалгааны салбарт гарч буй ололт амжилтыг нэвтрүүлж, ашиглахын тулд TNS, IPSOS, APCO, Respac, Nexant гэх мэт гадаадын судалгааны байгууллагуудтай нягт хамтарч ажилладаг. Энэ ажлынхаа хүрээнд бид Германы Мюнхэн хотод өнгөрсөн оны аравдугаар сарын 24, 25-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Research&Result” 2012 гээд үзэсгэлэнд оролцоод ирлээ. Маркетингийн судалгааны зэрэглэл, цар хүрээгээрээ энэ үзэсгэлэн нь дэлхийд эхний тавд ордог. Энэ жилийн үзэсгэлэнд 18 орны 148 судалгааны шилдэг компаниуд оролцож өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулж, судалгааны сүүлийн үед ашиглагдаж буй технологи, арга аргачлалын өөрчлөлт, хандлагын талаарх мэргэжилтнүүдийн 90 гаруй илтгэл хэлэлцүүлэгдсэн. Энэ үзэсгэлэнд оролцох явцдаа хэдэн зүйлийг ажиглалаа.

Судалгааны үе шат болгоноор төрөлжин үйл ажиллагаагаа  явуулж байна. Тухайлбал судалгааг бүхэлд нь хийх бус зөвхөн мэдээлэл цуглуулалт, судалгааны программ хангамжийн чиглэлээр гэх мэт төрөлжиж байна. Мөн интернет судалгаа, телефон судалгааны тэсрэлт болж байна гэж болно. Өндөр хөгжилтэй орнуудад интернет болон гар утас хэрэглэгчдийн тоо маш их өссөнтэй холбоотой дээрх хоёр судалгааг маш өргөнөөр хэрэглэх болсон нь анзаарагдсан. Түүнээс гадна судалгааны мэдээлэл цуглуулах боловсруулах явцад өндөр түвшний технологийг ашиглах  болжээ. Технологийн дэвшил маркетинг судалгааны гол зэвсэг болсон байна.

-Баруунд тийм байдаг байж. Харин Монголд маркетингийн судалгааны чиг хандлага хаашаа явж байна гэж дүгнэж хэлэх вэ?

-Анх компаниа байгуулж байх үед зах зээл маань хөгжил султай, үндэсний компаниуд төдийлөн сайн чадавхижаагүй, олж байгаа багахан мөнгөө маркетингийн судалгаанд зарцуулдаггүй, маркетингийн судалгааны ач холбогдолыг ойлгодоггүй байлаа. Одоо бол манай томоохон компаниуд маркетингийн судалгааны ач холбогдлыг ойлгож үйл ажиллагаандаа ашигладаг болсон байна.

Миний мэдэж байгаагаар Монгол улсад 10 гаруй бизнесийн судалгааны компаниуд үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь боломжийн л олон компани байгаа биз. Нэгэнт эрэлт хэрэгцээ байгаад байгаа болохоор энэ компаниуд үйл ажиллагаагаа явуулж байна гэж ойлгож болно. Зах зээл дээр өрсөлдөөн нэмэгдвэл бүтээгдэхүүн үйлчилгээний чанар сайжирч үнэ буурдаг зүй тогтол ажиглагддаг. Эцсийн үр дүнд нь үүнээс харилцагч нар л хожих болно. Маркетингийн судалгааны салбарт өрсөлдөөн бий болж харилцагчид судалгааны ач холбогдлыг ойлгодог болсон гээд сайн зүйлс олон байгаа ч бас саар зүйлүүд байна.

Учир нь судалгааны цар хүрээ өргөжихийн хэрээр худал судалгаа хийгээд хялбар аргаар мөнгө олъё гэсэн  зорилготой мэргэжлийн бус, ёс зүйгүй судалгааны байгууллагууд, хувь хүмүүс гарч ирж байна. Энэ нь эргээд дөнгөж судалгаа гэдэг зүйлийг ойлгоод бизнестээ ашиглаж сурч эхэлж байгаа байгууллагуудын итгэлийг алдах, маркетингийн судалгааны болон судлаачдын нэр хүндийг унагаах зэрэг асуудлуудыг үүсгэж байгааг дурьдахгүй байхын аргагүй юм.

Дэлхийн судалгааны байгууллагуудыг 100-1000 оноогоор үнэлье гэж бодоход манай орны хувьд бол 300 орчим оноо авахаар байна гэж бид үзэж байгаа. Энэ нь дэлхийн төдийгүй бүс нутгийн дунджийн хувьд ч доогуур үзүүлэлт юм. Тийм учраас биднийг маркетингийн судалгааны салбарыг хөгжүүлэх нөр их ажил хүлээж байна гэж хэлж болно.

Нэг зүйлийг энд онцлон хэлэхэд манай бизнесийн байгууллагууд улам хөгжихийн хэрээр судалгаа шинжилгээг үйл ажиллагаандаа ашиглах хүсэлтэй байгаа боловч бас яг ямар төрлийн судалгаа хэрэгтэй байгаагаа сайн тодорхойлж мэдэхгүй байна. Тиймээс манай судалгааны байгууллагууд өөрсдөө их зүйлийг сурч, шинэ зүйлүүдийг нэвтрүүлж, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ талаар хэрэглэгч үйлчлүүлэгч нартаа ойлголт өгөх хэрэгтэй байгаа юм.

-Танай байгууллагын хэтийн зорилго юу вэ. Цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

-Бид өнгөрсөн жил судалгааны стандартыг бүрэн хангасан шинэ оффисын байраа ашиглалтанд оруулсан. Ирэх онд хоёр дахь оффисоо ашиглалтанд оруулахаар манай хамт олон чармайн ажиллаж байна. Ингэснээр дэлхийн стандартад нийцсэн фокус бүлгийн ярилцлагын өрөө /FGD room/ болон ганцаарчилсан ярилцлагын /IDI/ өрөө нэмж бий болно. Мөн бид CATI буюу компьютерт суурилсан телефон ярилцлагын өрөөтэй болно, түүнчлэн Улаанбаатар болон томоохон хотуудад интернет хэрэглэгчдийн тоо их болсонтой холбоотойгоор өөрийн гэсэн  PANEL-тай болох /интернет судалгаа/ төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Мөн харилцагч үйлчлүүлэгч нартаа зориулан судалгааны шинэ, шинэ бүтээгдэхүүнийг хагас жил тутамд таниулж, мэдүүлэх зорилгоор сургалт зөвлөгөөнийг байнга зохион байгуулахаар төлөвлөөд байгаа.

Ингээд төгсгөлд нь хэлэхэд арван жилийн турш бидэнтэй хамтарч ажилласан та бүхэндээ, харилцагч бүх байгууллагууддаа талархал илэрхийлье. Бид та бүхний хүчээр өдий зэрэгт хүрсэн тиймээс “Дэлхийн судалгааны стандарт Монголд” сэдэвт бизнес зөвлөгөөнд хүрэлцэн ирж мэдлэг, мэдээлэл солилцонгоо бидний баярт оролцохыг урья.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж