“Барс”-ын чингэлгүүдийг “өршөөжээ”

Хуучирсан мэдээ: 2012.11.23-нд нийтлэгдсэн

“Барс”-ын чингэлгүүдийг “өршөөжээ”

Хүйтний улиралд хөлдсөн, муудсан, хадгалалтын горим зөрчсөн зэрэг зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байгаа “Барс” захын гадна байрлах чингэлгүүдийг Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн тавдугаар сард хаах, нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргасан. Гэтэл хагас жилийн хугацаа өнгөрөхөд нэг ч чингэлэг байрнаасаа “хөдлөөгүй” тул саяхан дахин шалгалт хийж, арваннэгдүгээр сарын 15-ны дотор багтаан шийдвэрийг биелүүлэхийг үүрэгджээ. Гэтэл өнөөдөр байдал яг өмнөхийн адил, чингэлгүүдийг ажилласан хэвээр. Уг нь МХГ-ын шийдвэрийг биелүүлэхгүй бол “Төрийн хяналт шалгалтын тухай хуульд зааснаар улсын байцаагчийн албан шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлэгүй тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-4 дахин нэмэгдүүлсэн хэмжээний торгууль ногдуулна. Мөн “Барс” захын удирдлагууд түрээслэгчидтэйгээ ойлголцож, хаах арга хэмжээ авахгүй бол үйл ажиллагааг нь албадан зогсоож, лацдана” хэмээн өнгөрсөн долоо хоногт мэдэгдэж байсан юм.  Гэтэл юу болов?

ЧИНГЭЛГҮҮДИЙГ ХААХ ХУГАЦААГ “ТҮР” ХОЙШЛУУЛЖЭЭ

Тэдгээр чингэлэгт худалдаа эрхэлдэг наймаачид Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон бусад холбогдох байгууллагуудад өргөдөл гаргаж, “Барс импекс” ХХК-ийн удирдлагууд ч мөн дүүргийн Мэргэжлийн хяналтын газартай зөвшилцсөний эцэст худалдаа эрхлэх зөвшөөрөлгүй 25 чингэлгийг хаах шийдвэрийн хугацааг “түр” хойшлуулж чаджээ.
 
“Манай чингэлгүүдэд худалдаалж байгаа гурил, будаа зэрэг нь хөлдөж, мууддаг хүнсний бүтгээдэхүүн биш юм. Бид энэ тухайгаа холбогдох байгууллагуудад тайлбарласны дараа чингэлгүүдийг хаах хугацааг ирэх оны нэгдүгээр сар хүртэл хойшлуулж чадсан. Өнгөрсөн тавдугаар сард чингэлгүүдийг хаах албан шаардлагыг Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын газраас манайд ирүүлсэн. Тухайн үед чингэлгийг нүүлгэж, тухайн талбайд худалдааны зориулалттай барилга барихаар зураг төсөл гаргаж өгсөн боловч баталж өгөөгүй. Чингэлгүүд байгаа газрын доогуур шилэн кабелийн шугам байгаа юм билээ. Тиймээс ирэх нэгдүгээр сараас чингэлгүүдийн газар дээр барилга барих талаас нь хөөцөлдөх болно” гэж “Барс импекс” ХХК-ийн дэд захирал н.Эрдэнэчимэг ярьсан юм.  

Дүүргийн Мэргэжлийн хяналтаас чингэлгүүдийг хаах бас нэгэн шалтгаан нь түрээслэгчдийг дулаахан, эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд ажил эрхлүүлэх явдал байсан. Гэтэл түрээслэгчид энэ шийдвэрийн  эсрэг байр суурьтай байсан нь хачирхалтай. Тэдний зүгээс “Манай чингэлгүүдийг хаана гэвэл “Хүчитшонхор”, “Нарантуул” гээд бүх захын чингэлгийг хаах хэрэгтэй. Гурил, будаа, сахар, гоймон зэрэг нь  хөлдөнө гэж огтхон ч байхгүй. Олон жилийн турш бид ч худалдаалаад, иргэд ч хэрэглээд сурчихсан, гэм хор болооогүй байхад биднийг ингэж хоолноос минь салгах гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн МХГ-ын шийдвэрийг эсэргүүцэж байв.  

Ямартай ч “Барс” зах нь нийслэлийн орон нутгийн жимс жимсгэний 60 орчим хувь, бусад хүнсний бүтээгдэхүүний тал орчим хувийг дангаараа нийлүүлдэг тул эрүүл ахуйн шаардлага хангасан байх ёстой нь зүйн хэрэг. Үүнд мэргэжлийн хяналтын байгууллагаас тогтмол хяналт шалгалт хийж байгаа нь сайшаалтай ч гаргасан шийдвэрээсээ эргэж буцаж, эсвэл ухрааж хойшлуулж байгаа нь харамсалтай.

Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж