Мумбайн террористыг нууцаар цаазлав

Хуучирсан мэдээ: 2012.11.23-нд нийтлэгдсэн

Мумбайн террористыг нууцаар цаазлав

Мумбай хотноо 2008 онд 168 хүнийг хөнөөсөн Мумбайн аллагыг үйлдэгчдээс амьд үлдсэн цорын ганц террористын цаазаар авах ялыг гүйцэтгэжээ.

Фото: Reuters

Өдгөөгөөс дөрвөн жилийн тэртээ дэлхий нийтийг сэрдхийлгэсэн Мумбайн халдлагад оролцсон исламын дайчин Мохаммед Ажмал Амир Касабыг шоронд дүүжлэн цаазалжээ. Түүнийг цаазалсан тухай мэдээ олон нийтэд гэнэтийн мэдээ болов. Ял гүйцэтгэх хугацаас эцсийн мөч хүртэл нууцалж байсан бөгөөд энэтхэгчүүдийн хувьд алан хядагчийг цаазалсан нь баяртай мэдээ байлаа.

Энэтхэгийн Засгийн газар цаазын ялыг лхагва гаригт гүйцэтгэсэн гэнэ. Мумбайн халдлагаар 168 хүн амиа алдсан бөгөөд тухайн үед алан хядагчид хоёр хоногийн турш “Таж Махал”, “Оберо” зочид буудал болон Еврейн соёлын төвд энгийн иргэд, жуулчдыг барьцаалсан юм. Тэдний халдлагад өртөж, галт тэрэгний буудал, зоогийн газруудад олон хүн амиа алдсан. Террорын эсрэг ажиллагааны үеэр тэрхүү аймшигт халдлагыг үйлдсэн этгээдүүдээс есөн алан хядагчийг устгасан юм. Энэгтхэгийн Засгийн газрын зүгээс энэ халдлагад Пакистаны “Лашкар-э-Тайба” бүлэглэлийг буруутгасан билээ.

Алан хядагчдаас амьд үлдсэн Мохаммад Ажмал Амир Касабыг орон нутгийн цагаар 07.30 цагт дүүжилжээ. Энэ талаар “Касабыг Пуна хотын Еравада гэх төв шоронд дүүжлэн цаазаллаа” хэмээн Энэтхэгийн Дотоод хэргийн сайд Сушилкумар Шинде мэдэгдсэнийг Zeenews.com сайтад мэдээлсэн байна. Тэрээр  ял гүйцэтгэх талаар Пакистаны Засгийн газарт урьдчилан мэдээлсэн гэв. Касабын гэр бүлд ял гүйцэтгэснийг дуулгасан захидлыг Пакистан хүлээн аваагүй учраас түүнийг факсаар илгээсэн гэдгийг ч сайд дуулгажээ. 

“Өршөөл үзүүлэх тухай түүний хүсэлтийг аравдугаар сарын 16-нд бид ерөнхийлөгчид явуулсан. Ерөнхийлөгч Касабын гуйлтыг арваннэгдүгээр сарын 5-нд буцаасан байв. Ингээд би цаазаар авах ялыг гүйцэтгэх баримтад  7-нд гарын үсэг зурж, 8-нд Махараштра мужийн удирдлагад хүргүүлсэн. Тэр үеэр Касабыг 21-нд цаазлах шийдвэр гаргасан” хэмээн сайд тайлбар өгчээ.

Сайдын хэлснээр аюулгүй байдлын үүднээс ялын гүйцэтгэх хугацааг нууцалсан аж. “Ерөнхийлөгчийн хариу ирмэгц бид шуурхай хөдлөх хэрэгтэй болсон” хэмээн Дотоод хэргийн сайд хэлжээ. Цаазын ял гүйцэтгэхийн өмнө Касабад сүүлчийн хүсэлт байгаагүй гэнэ. Түүнийг Энэтхэгт чандарлах бөгөөд Пакистан цогцосыг авч нутаглуулах хүсэлтээ гаргаагүй аж.

2008 оны аллагын үеэр Касаб ба түүний хамсаатан хоёр төмөр замын буудалд халдлага үйлдэж, 52 хүнийг хөнөөсөн байжээ. Мөн түүнийг бусад аллагад ч хамаатай хэмээн буруутгасан юм. “Алан хядагчдын халдлагад өртөж, амиа алдсан гэм зэмгүй олон хүн, цагдаагийн ажилтнуудын дурсгалд зориулан энэ ялыг гүйцэтгэсэн” хэмээн Махараштра мужийн захирагч Р. Патила мэдэгдсэн байна. Энэтхэгийн ард иргэд цаазын ялыг гүйцэтгэсэн тухай мэдээг баяртай хүлээн авав. Мумбай хотын оршин суугчид Касабын зургийг гудамжинд шатааж, бие биедээ баяр хүргэж байсан тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна.

Пакистаны иргэн Касаб нь Пенжаб мужаас гаралтай, муугүй боловсрол эзэмшсэн бөгөөд залуудаа хулгай, дээрэм зэрэг гэмт хэрэгт холбогдож байсан гэнэ. Халдлага үйлдэх үед тэр 21 настай байсан ба “Лашкар-э-Тайба” бүлэглэлийн лагерьт бэлтгэгдсэн аж. Түүнийг хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа гэж прокуророос мэдээлж байсныг хожим өмгөөлөгч нар нь үгүйсгэсэн юм.



Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж