“Жолооны үнэмлэх хэвлэдэг байсан “DMIT” компани хариуцлага алдсанаас болоод эхийг нь бэлтгэсэн үнэмлэх хэвлүүлж чадахгүй байна. Тиймээс бид гэрээгээ цуцалж өөр компаниар гаргуулах болно” гэх хариултыг Замын цагдаагийн газраас хэлж байсан. Өнгөрсөн наймдугаар сарын эхээр 16 мянган жолооны үнэмлэх хэвлэгдээгүй байгаа гэж байсан бол одоо энэ тоо 30 гаруй мянга болон өсчээ.
Түүнчлэн Замын цагдаагийн газрын олон нийттэй харилцах хэлтсийнхнээс үнэмлэх хэзээ хэвлэх талаар лавлахад “Хэзээ гарах нь тодорхойгүй байна” хэмээв. Харин зарим эх сурвалжийн мэдээлснээр “DMIT” компани Замын цагдаагийн газрыг Чингэлтэй дүүргийн шүүхэд гомдол гаргаж өгсөн гэнэ. Одоогоор шүүх хэрэгтэй танилцаж байгаа юм.
Нөгөөтэйгүүр Замын цагдаагийн газраас сүүлд сонгон шалгаруулсан “Смарт солушин” компани жолооны үнэмлэх хэвлэдэг карт, принтерийн хор шалгах төхөөрөмж болон дагалдах хэрэгслээ захиалаад авах гэхээр цаад компани нь нийлүүлэхгүй байгаа аж. Учир нь материал нийлүүлэх “Торan” компани өмнө нь жолооны үнэмлэх хэвлэдэг байсан “DMIT” компанитай ямар нэгэн маргаантай байгаагаас болж тэр юм байна.
Түүнчлэн жолооны үнэмлэхээ хаяж, гээгдүүлсэн хүмүүст Замын цагдаагийн газраас түр үнэмлэх олгож байгаа. Мөн шинээр төгссөн жолооч нарт ийм үнэмлэх олгож буй гэх ч харамсалтай нь хүн болгон авч чаддаггүй гэнэ. Зөвхөн танилтай нэгэнд нь өгч байгааг үнэмлэхээ аваагүй хүмүүс хэллээ. Эцэст нь хэлэхэд Замын цагдаагийн газар, “DMIT” компанийн буруугаас болж иргэд авсан хөрөнгөө эдэлж чадахгүй нар, салхинд гандаагаад байх гэж үү. Эсвэл шаардлага гарсан үед үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодож явах юм гэж үү.
Зохиогчийн эрх: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин