Хариулт нэхсэн асуулт буюу сонгуулийн дүн

Хуучирсан мэдээ: 2012.11.23-нд нийтлэгдсэн

Хариулт нэхсэн асуулт буюу сонгуулийн дүн

Ирцдээ
хүрэхгүй нь сандаргаж байсан орон нутгийн сонгуулийн дараа маш том
асуулт урган гарч ирлээ. Энэ бол чухам хэн нь ялсан бэ гэдэг асуулт.
Албан ёсны хариу гараагүй байгаа энэ мөчид намынхны ажиглагчдын
мэдээллээр бид “үнэн” хийж явна. Хариуцсан байгууллага нь мэдээллээ
цуглуулах гэж мунгинаж байх зуур улаан, цэнхрүүд тэсч чадалгүй өөрс,
өөрсдийн ажиглагч нарын мэдээллийг олон нийтэд хүргэсээр. Үнэн
мэдээллийг хурдан сонсох гэсэн улстөрчид эхнээсээ уурсан байгааг
Сонгуулийн ерөнхий хорооныхон харсан байгаасай гэж найдъя.

АН-ЫН МЭДЭЭ: “ЯЛАЛТ БАЙГУУЛСАН”

Монгол
Улсын Ерөнхий сайд, Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийн хийсэн
мэдээллээр үнэмлэхүй ялалт байгуулжээ. Ажиглагчдынх нь мэдээллээр Увс,
Төв, Булган, Ховд, Дорноговь, Сүхбаатар тэргүүтэй 14 аймаг бүрэн
“цэнхэртжээ”. Гэхдээ бодит байдал дээр нэр бүхий хороодод сонгуулийн ирц
хүрээгүй гэдгийг зарим эх сурвалжууд мэдээлж байна. Ихэнх хэсгийн
хороонд 50 хувийн ирц хангалттай хүрээгүй гэдгийг баталж байгаа юм.
Бодит байдалд хэн ялж, аль хорооных нь ирц хүрээгүй вэ гэдгийг бид
зөвхөн тааварлаж л чадаж байгаа нь харамсалтай. СЕХ-ныхныг мунгинаж байх
хооронд дахиад л бүдүүн баараг үр дүнтэй танилцъя. Нийслэлийн зургаан
дүүрэг “цэнхэртэж” чаджээ.

МАН-ЫН МЭДЭЭ: “ЯЛАГДАЛ ХҮЛЭЭСЭН. ГЭХДЭЭ…”

Ажиглагчдынх
нь ирүүлсэн мэдээлэл тунчиг базаахгүй байсныг намын генсек, дарга
нарынх нь царайнаас та тодорхой олоод харчихаж болохоор байв. Ардын
намын дарга Ө.Энхтүвшингийн мэдээллээр Хөвсгөл, Завхан, Говь-Алтай,
Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Сэлэнгэ гэсэн есөн
аймагт МАН-аас нэр дэвшигчид баттай ялалт байгуулжээ. Харин нийслэлийн
хувьд Багануур, Баганхангай дүүрэгт МАН ялалт байгуулсан. Налайх
дүүргийн тухайд тойрогт мөн МАН-ын нэр дэвшигчид олонхи болсон, гэнэ.
Бас л бүдүүн бараг тойм байгаа учраас тэд сэтгэлээр нэг их унасныг
хүссэнгүй. Ямар ч байсан ирц хүрээгүй тойрог их байгаа учраас энэ дүнг
хүлээхээс гадна, ирц хүрээгүй гэх тойргуудад Ардын намынхан бараг ялж
байгаа гэнэ.

Хоёр нам ийнхүү нэг нь баярласнаа, нөгөөх нь
сэтгэлээ тайтгаруулах зорилгоор өөрсдийнхөө томъёоллыг танилцуулж байна.
Гэхдээ хариу, үр дүн нь хэрхэн гарсныг хариуцсан байгууллага нь
цуглуулсаар. Цуглуулсан мэдээлэл хэзээ бүрэн төгс болж нийтэд хүрч, хоёр
намыг, тэднийг дэмжигчдийг “амраах” вэ гэдгийг хүлээсээр.

БАРАГ ТОДОРХОЙ МЭДЭЭ: “ЗАРИМ ХОРООДЫН ИРЦ ХҮРЭЭГҮЙ”

Зарим
хороодод ирц хүрээгүй гэдгийг хэсгийн хорооноос нь мэдэгдээ байгаа юм.
Тэдний мэдээллийг харвал Хан-Уул дүүрэг нийт 37 хэсгийн хороотой бөгөөд
долоон хорооны ирц хуульд заасан хэмжээнд хүрээгүй байна. Сүхбаатар
дүүргийн 41 хэсгийн хорооноос 12-ынх нь сонгогчийн ирц хүрсэнгүй.
Чингэлтэй дүүргийн 43 хэсгийн хорооноос 14-ийнх нь ирц хүрсэнгүй.
Баянзүрх дүүргийн 79 хорооноос 54-т нь ирц хүрсэнгүй. Баянгол дүүрэг 55
хэсгийн хороотой, үүний 25-ынх нь ирц хүрсэнгүй. Сонгинохайрхан дүүргийн
80 хэсгийн хорооноос 35-ынх нь ирц хүрсэнгүй. Энийг баталгаажуулаад
СЕХ-д хүргэвэл тухайн хэсгүүдэд дахин санал хураалт зохион байгуулна.
Урьдчилсан мэдээлэл ч гаргаагүй байгаа энэ байгууллага хэзээ баталгаатай
хариу гаргаж, ирц хүрээгүй хороодыг зарлах нь хариултаа нэхсээр.

ОЙЛГОМЖТОЙ МЭДЭЭ: “МАН ШОКОНД ОРСОН”

 СЕХ-ны
дүн гараагүй, дээрээс нь ажиглагчдын мэдээлэл нь ялагдал хүлээсэн гэсэн
мэдээлэл ирсэн нь удирдлагуудынх нь царайг бараалгаж дөнгөв. Арга ч
үгүй юм ардчилсан сонгуулиар орон нутгийн сонгууль өгсөөр 20 гаруй
жилийн нүүрийг үзэж байгаа энэ үед орон нутаг бүхэлдээ “улаан” байсан
гэхэд болно. Өмнөх 70 гаруй жилийг оруулаад үзвэл багагүй тоо гарна. Энэ
урт хугацаанд ялагдал гээчийг амсаагүй МАН-ынхан шоконд орохоос өөр
аргагүй. Өчигдрийн хэвлэлийн хурлаас ч үүнийг харж болохоор байв.
Уурссан генсек нь ямар сайндаа “Ялагдал гэдэг бол хэзээд үр дүнтэй
байдаг. Зарим хороодын ирц хүрээгүй байна. Ер нь дүнгийн мэдээллийг цаг
тутам хүргэж байх нь СЕХ-ны үүрэг. Одоог хүртэл урьдчилсан дүн нь
гарахгүй байгаад үнэхээр гайхаж байна” гэж уулгалж байхав.

Шоконд
оруулсан гол “этгээдүүд” нөгөө талд ялалтын баяраа хийж байна. Тэд
тэртээ тэргүй ялалт байгуулсан учраас СЕХ-ны дүнг хүлээх шаардлага
байхгүй. Учир юу гэвэл ажиглагч нар нь мэдээлэл хүргэчихсэн болохоор
тэр. СЕХ-ноос харах ганц зүйл гэвэл хэдэн хувиар гэдгийг л харах нь
тэдэнд хэрэгтэй.

ТААГҮЙ МЭДЭЭ: “СЕХ САНАЛАА ЦУГЛУУЛСААР Л…”

Одоогоор
СЕХ саналаа цуглуулсаар л байна. Одоо болтол хариу нь гарсангүй. УИХ-ын
сонгуулиар цаг тутам урьдчилсан мэдээлэл хүргэж, сонгуулийн маргааш нь
урьдчилсан мэдээлэл нь гараад байсан ч орон нутгийн сонгуулиар таг чиг.
Хүлээсэн хүмүүс нь харин хариу нэхэн чимээ ихтэй байна. Биднээс 150
дахин их хүн амтай АНУ- д сонгуулийн хариу нь 10 цагийн дотор гарч байв.
Минут тутамд шинэ мэдээ ард иргэдэд нь хүрч байв. Гэтэл хоёр сая 700
гаруй мянган хүнтэй Монгол Улсад сонгуулийн дүн гарах гэж хоёр ч өдрийн
нарыг үзлээ. Энэ хооронд намынхан нь мэдээллээ түгээсээр л… Ард иргэд
чухам хэнд итгэхээ мэдэхгүй эргэлзсээр сууна. Арга ч үгүй юм улстөрийн
нам дүнгээ олон нийтэд цацаад байхаар итгэх хүн олдохгүй нь тодорхой. Уг
нь нийслэлийн төсөв батлахтай зэрэгцэн орон нутгийн төлөөлөл бүрдчихвэл
ирэх жил хороодод ямар ажил зохиох вэ гэдэг нь тодорхой болох учиртай.
Гэтэл албан ёсны хариу хариултаа нэхэн “торойж” байна.

СЕХ мэдээгээ хурдан цуглуулж, дүнг тодорхой болоосой гэсэн хүслийг шивнэе.

Тоймч Б.БОЛОРСҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж