-Таныг анх Ерөнхий прокуророор томилогдоход улстөрч хүн очлоо гэж шүүмжилж байсан. Улстөрч хүн прокурорт очоод яаж ажилласан бэ?
-Миний хувьд нэлээд бэрхшээлтэй үед томилогдсон. Намайг томилогдоход Монгол Улсын Ерөнхийлөгч нэг үг хэлсэн юм. “Хуулийн байгууллагад яаж ажиллахыг би заахгүй. Хүмүүс юу хүсч байгааг биелүүлж ажиллаарай. Шударга ёс тогтооно гэдгийг харуулахыг хичээж ажиллаарай” гэсэн. Би бүх байгууллагаа тэмтэрч мэдрээд, цаашид хийх ажлаа төлөвлөөд сэтгүүлчдэд дэлгэрэнгүй ярилцлага өгнө гэж бодож байсан. Тэр ёсоор өнөөдөр уулзаж байна.
Прокурорын байгууллага бол миний хувьд цоо шинэ байгууллага биш. Хуулийн сургууль төгсөөд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас ажлаа эхэлсэн. Тэгэхээр би прокурорын байгууллага ямар байгаа вэ. Улс төрийн хэмжээ хязгаар хаана хүрээд зогсох вэ гэдгийг сайн мэднэ.
Миний анх улс төрд орсон өнцөг бол хууль. МоАХ-нд анх хуулийн талаа барьж орсон. Шинэ Үндсэн хууль боловсруулах, хууль, эрх зүйн орчинг шинэчлэхээр 1989 оноос мэргэжлийн төвшинд энэ ажлыг тавьсан. Миний өөрийн ажил, амьдралын зарчим бол албан тушаалд орохын тулд, өөрийн нам, хөдөлгөөнийг ялуулахын төлөө улайран зүтгэх зан суртахуун надад байхгүй. Хийх ёстой ажлыг хийх хэмжээнд нь хийнэ гэж явж ирсэн. Тодорхой хэсэг нь улс төрийн хүн гэж харлаа ч гэсэн өөрийнхөө зарчмаар л явна. Миний улс төрд орсон өнцөг ийм. Эрх мэдэл, албан тушаал хайж улс төрд ороогүй. Хорин хэдхэн настайгаасаа улсаа улс шиг болгох гэж улс төрд орсон. Өөрийгөө хянаж чаддаг. Хийж чадна гэсэндээ бүрэн итгэлтэй байсан.
Прокурорт ирээд эхний ээлжинд хүмүүсийн ажиллах нөхцөлийг судалсан. Ачаалал харилцан адилгүй байсан. Хөдөө ачаалал арай бага бол хотод нэг прокурорын хамрах хүрээний асуудал аймшигтай их. Өдөржин шөнөжин цаас шагайна. Шөнө 22.00 цаг хүртэл гэртээ харихгүй. Ажлын байрандаа хоёул гурвуулаа сууна. Хүйтэн, нойтон. Унаа хөсөг тааруу. Баруун, солгой, дизель хөдөлгүүртэй гээд янз бүр. Ингээд хүмүүсийн ажиллах нөхцөлийг нэгдүгээр асуудал болгож тавьсан. Ажлын ачааллыг жигдрүүлэх, ажиллах байр, унаа хөсгийг сайжруулах талаар ажилласан. Видео хурлын танхимтай болж, цаг хугацаа хэмнэх, хүмүүсийн мэдлэг мэргэжлийг дээшлүүлэхийн төлөө ажилласан. Өнгөрсөн ганцхан жилд 148 прокурорыг гадагш нь явуулж, туршлага судлууллаа. Энэ бол прокурорын түүхэнд байгаагүй. Хууль, улс төрийн систем нь сайн хөгжсөн орнуудад жил бүр ингэж явуулж туршлага судлуулах юм. Улам цааш нь өргөжүүлнэ.
Бүх машиныг 100 хувь сольсон. Өмнө нь прокурорууд ажлаа хийх гэж замын машинд дайгдаад явдаг байсан. Цагдаа юм уу, хэн нэгнийг гуйж дайгдаад хэргийн газрын үзлэгт орно. Цагдаа өөр тийшээ явлаа гэхэд прокурор хавтсаа сугавчлаад замын машин хараад зогсдог, тийм л байсан. Арваад аймгийн Прокурорын газрын байранд их засвар, өргөтгөл хийсэн. Гурван прокурорын байрыг цоо шинээр барьж өнөө маргаашгүй орох гэж байна. Залуу прокурорууд таних хүнгүй, орох оронгүй ажил албаа залгуулдаг байсан. 108 айлын орон сууцыг нэг метр квадратыг нь 800 мянган төгрөгт багтааж хувийн орон сууцтай болгох ажил эхлүүлсэн. Ажил 50-60 хувьтай байна.
Боловсон хүчний хувьд санаан зоргоор ажиллаж ирснийг халлаа. Анхан шатны прокурорын хэрэг үүсгэснийг дээд шатны прокурор хэрэгсэхгүй болгодог, анхан шатны прокурорын хэрэгсэхгүй болгосныг дээд шатных нь сэргээдэг. Ийм замбараагүй байсан. Анхан шатных нь дээд шатны прокуророос чиглэл авах гээд суучихдаг байсан. Дээд шатны прокурор ингэж анхан шатны прокурорын шийдвэрийг дураараа өөрчилдгийг халсан. Анхан шатны прокурор бие дааж хэргээ шийдэж сурах, хэргээ хариуцаж сурах зарчим тавьсан нь прокурорын үйл ажиллагаанд хамгийн том эргэлт болсон. Прокурорыг анхан, дунд, дээд шатны гэж ялгах ёсгүй.
Жендэрийн хувьд прокурор хэтэрхий “мэдрэмжтэй”. Прокуроруудын 60-70 хувь нь бүсгүйчүүд. Прокурорыг дэвшүүлэх, доошлуулах зарчим өмнө нь танил тал, нутаг ус, нам харж цэвэр субъектив хүчин зүйлээс хамааралтай байсан. Түүнийг болиулсан. Одоо бол сэлгэж ажиллуулдаг зарчимтай болж байна. Анхан шатнаас сум, дүүрэг, аймаг, нийслэл, Улсын прокурорын газар гэх мэтээр дэвшүүлж ажиллуулах журам тогтоосон. Тэгэхээр “Миний ахих хугацаа болж байна даа” гэж бодож өөрийгөө мэдэрч хэзээ өгсч уруудахаа баримжаалдаг болсон. Монголын хөдөөг огт мэддэггүй прокурорууд бий. Тэр хүн Монгол Улсаа мэдэхгүй учраас дэвш их боломжгүй. Дүүрэг л тойрч ажиллана.
Эрүүгийн байцаан шийтгэх хуульд прокурор хүн мөрдөн байцаагч ажлаа хугацаандаа хийж үү, нотлох баримтаа бэхжүүлж үү, бүрэн цуглуулж уу гэдэгт хяналт тавьж хэрэг бүрдүүлж дууссаны дараа хэргээ хамгаалж шийдүүлдэг байх ёстой. Гэтэл мөрдөн байцаагч ажлаа прокуророор удирдуулах бус зөвхөн ажил дууслаа гэж гарын үсэг зуруулдаг болтлоо ядуурч, прокурор нь мөрдөн байцаагчдаа хөтлүүлдэг, удирдуулдаг болчихсон байсан. Үүнийг байранд нь тавих хэрэгтэй болсон. Ингэхээр бүх юмыг хайрцаглалаа гэж цагдаа, прокуророосоо эхлээд цочирдсон. Мөрдөн байцаагчид хууль зөрчдөг ажиллагаа хавтгай байсан.
Хэргийг нь хэрэгсэхгүй болгосон хүнийг суллалгүй нэг жил хоёр сар хорьсон тохиолдол гарч байсан. Хүний хувь заяанд ийм хүйтэн, хөндий ханддаг. Ийм хүмүүсийг өчиггүй халж байна. Дуртай үедээ хүний эрх, эрх чөлөөнд халддаг эрх авчихаад хүний хувь заяагаар ингэж тоглох эрх байхгүй гэдгийг хэлсэн. Хоёр гурван сараар хорьчихоод сард ганц удаа байцаадаг тохиолдол ч байна. Ингэчихээд “Надад олон хэрэг байна” гэсэн хариу өгдөг.
Прокурорын ажлын ачааллын 50 хувийг бичиг цаас, эсэргүүцэл бичих, тамга даруулах гэх зэрэг захиргааны шатны ажил эзэлдэг. Ирэх 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс үүнийг өөрчилнө. Нийслэлийн зарим дүүрэгт туршсан. Болж байна гэсэн. Прокурорын туслах гэж гарын үзүүрийн зарц хэлбэртэй хүн байдаг. Түүний үйл ажиллагааг өөрчилж байгаа. Прокурорын бичиг цаасны ажлыг туслах хийдэг болно. Тэгэхээр прокурор захиргааны ажил хийхгүй, 100 хувь хяналтын ажлаа хийнэ. Хэргээ хянана. Мөрдөн байцаагчтай ажиллана. Одоо байгаа орон тоогоороо хэрэг хянах бүрэн бололцоотой. Хоёр гурван жилийн дараа туслах туршлагажаад прокурор болоод гараад ирнэ. Үүнийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс мэдэрч эхэлнэ.
Ялын бодлогыг ч өөрчлөх хэрэгтэй болсон. Ерөнхийлөгчийн санаачилсан багц хуулиуд явж байгаа. Ерөнхийлөгчийн хуулийн салбарын шинэчлэлинй логик нь зөвхөн прокурор, мөрдөн байцаагч, шүүх бус бүх байгууллагын жигд оролцоо хэрэгтэй. Нэг хүнд ял эдлүүлэхэд хуулийн дөрвөн байгууллага оролцдог. Бүгд жигд ажиллах ёстой. Тиймээс бүхэлд нь шинэчилнэ. Францтай хамтарч прокурорын сургалтын төвтэй болох гэж байна. Прокурорыг чадваржуулах ажилд орно.
Прокурор бэлтгэдэг хуучин систем алга болжээ. Хуучин бол удирдагчийн хэмжээнд прокурор бэлтгэдэг байсан бол одоо энэ байхгүй. Удирдах хүн бэлтгэх үйл ажиллагааг сэргээнэ. Прокурорыг сольж тавих гэхэд удирдах хэмжээний ажилтан маш цөөн байна. Удирдах ажилтан гэдгийг маш хялбараар ойлгодог болсон байна. Прокурорын удирдах ажилтны чуулга уулзалтыг энэ сарын сүүлээр хийнэ. Түүгээр үүнийг ярина.
-Таны ажилд улстөрчдийн зүгээс дарамт шахалт ирдэг үү. Дарамт шахалтаас болж дарагдсан, эсвэл сэргээсэн хэрэг байна уу?
-Хаа очиж намайг дарамтлаад, дарлаад байгаа юм алга. Таатай тал нь энэ юм. Бэрхшээл бол байна. Хуулиар өөрийгөө хуягласан улстөрчдийн хувьд хэргийг шалгаж болохгүй байна. УИХ-ын гишүүнийг үйлдэл дээр нь, энгийн хэллэгээр бол ханцуйдаж барьж чадаагүй бол хэргийг хэрэгсэхгүй тухай хуулийг гишүүд өөрсдөө гаргасан. Үндсэн хуулийн Цэц үүнийг хэрэгсэхгүй болгосон ч орлох хуулийг УИХ батлаагүй. Энэ хооронд тодорхой цагийн зай байна. Орлох хуулийг баталтал улстөрчдийн асуудлаар оролдох боломж бага. Гаднаас нь шүүрээд яваад байсан чинь арай хэтэрсэн байна. Анатомийг нь мэддэгийн хувьд гүн рүү нь орох хэрэгтэй байна.
2000 оноос нэг хэрэг үүссэн. Засгийн газраас том тендэр аваад нэг хэсгийг нь хахуульд өгдөг болсон байна. Хойтон жил нь мөнгө хүрээгүй, юмны үнэ өссөн гээд дахиад мөнгө нэхдэг. Хахууль авсны дараа төсөв нэмж баталдаг. Эхний ээлжинд компанийн захирлын төвшинд энэ арга явдаг юм байна. Авлига үүсдэг арга барил тендэр болсон байна. 2000 оноос хойш хоёр удаа Өршөөлийн хууль гарсан. Улстөрчид, Засгийн газар, сэтгүүлчдийн фокуслах зүйл энэ л юм байна.
-Шүүх, прокурорын байгууллага хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд хаалттай байдаг. Мөн прокурорын цалин хангамж бага байдаг нь ажилд нь нөлөөлдөг үү?
-Прокурор хамгийн адгийн бага цалинтай ажил биш. Дундаж цалин 800 мянгаас 900 мянга байлаа гээд сарын цалинг гурван сая болгоход “ханалаа” гэх хүн хэд гарах вэ. Хүний хүмүүжил, төлөвөөс хамаарах асуудал. Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар бүх юмыг хаалттай болгосон. Хуулийн хэмжээнд дуугардаг. Ханасан хариу өгөх боломжгүй. Дүлэгнээд өнгөрдөг. Нээлттэй байж болохгүй зовлон бий. Өмнөх нийгмээс уламжилж ирсэн олон нийттэй харилцдаггүй бас нэг уламжлал байна. Одоо Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулна. Хавтаст хэрэгт хамаатай хамаагүй түмэн цаас чихэхгүй. Зөвхөн шууд нотлох баримт, гэрчийн мэдүүлгийг л хавтаст цуглуулна.
Монгол Улсын Ерөнхийлөгч “Ажлаа байцаахаас эхлээд байх юм. Эхлээд мөрдөөд, дараа нь байцааж байх хэргтэй” гэж хэлж байсан. Монголын Шерлок Холмстой болоход цаг хугацаа хэрэгтэй.
-Шүүгч, улсын яллагчийн дүгнэлт зөрдөг асуудал бий. “Алтан дорнод Монгол”-ын Паушокийн хэрэг алга болсон. Энэ хэрэгтэй холбоотой Д.Дорлигжавын найз Бямбаа гэдэг нэр сонсогддог. Энэ талаар юу хэлэх вэ?
-Прокурор, шүүгч хоёр тас зөрөөд байдаг зүйл байхгүй. Хэдэн хэрэг шүүхээс буцав. Хэдийг хэрэг биш гэж үзэв гэдгээр прокурорын ажлыг дүгнэдэг. Жилд 20 гаруй мянган хэрэг шүүдэг, 10 хүрэхгүй хувьд нь л шүүгч, прокурорын шийдвэрийн зөрүү гардаг.
“Алтан дорнод Монгол”-ын Паушокийн хувьд татвараас зайлсхийсэн гэж хоёр жил маргаантай явсан. Паушок татвараа төлж явсан. Хэрэг дээрээ татвараас зугтсан зүйл байхгүй. Гэхдээ гэнэтийн ашгийн 68 хувийн татвартай болмогц түүнтэй холбоотой асуудлаар, түүнийг төлөхгүй гэж Монгол Улсыг олон улсын арбитрт өгсөн. Монгол-Оросын Засгийн газар тогтвортой байдлын гэрээтэй. Гэтэл 68 хувийн гэнэтийн ашгийн татвар тавилаа, түүнийг төлөхгүй гэж олон улсын арбитрт зарга үүсгэсэн. Олон улсын арбитр 68 хувийн татварыг төлөх ёстой гэсэн шийдвэр гаргасан. Ингээд “Алтан дорнод Монгол”-ынхон 68 хувийн татвараа төлнө гэж үзээд хоёр асуудал тавьсан.
Нэгд, өмнөх татвараа төлж ирсэн тул татвараас зайлсхийсэн гэдгийг хэрэгсэхгүй болго. Хоёрт, хоёр тонн алтыг Монголбанкинд хадгалуулахаар өгсөн. Түүнийг 68 хувийн татвар төлөөгүй гэдгээр зарсан байна. Хуулиар ингэж зарахдаа миний /Паушокийн/ зөвшөөрлийг авах ёстой. Хэрэв зарлаа гэхэд шүүхийн шийдвэр гарсан өдрийн ханшаар зарах ёстой. Гэтэл зарснаас хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл алтны үнэ өссөн байна гэсэн асуудал тавьсан.
Нэгэнт олон улсын арбитрын шийдвэрээр 68 хувийн татвар төлөх болсон тул лацдуулсан компаниа нээлгэж ажиллуулж төлбөрөө төлье гэсэн Гэтэл Хууль зүй, дотоод хэргийн яам, ШШБЕГ-аас лацыг авч үйлдвэрийг нээж өгөөгүй. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас лацыг битгий ав гэсэн. Ямар шалтгаантайг мэдэхгүй гээд л өнгөрсөн. Бямбаа бол миний таньдаг, хамт ажиллаж байсан хүн.
Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам дураараа авирласан. Тодорхой улстөрчид УИХ-д асуудал оруулах гэж байсан. Үүний цаана “Алтан дорнод Монгол”-ын лиценз, алтыг хувааж авах гэсэн бүлэглэл байсан. Паушок Монголд ажиллах боломжгүй юм байна гээд компаниа зарсан. Дарханы Хар төмөрлөгийн үйлдвэрийн дарга байсан н.Ганболд гэдэг хүн авсан. Худалдаа, аж үйлвэрийн танхимын дарга асан С.Дэмбэрэлийн дүү гэдэг. н.Ганболд түүнээс хойш 500-600 кг алт олборлосон гэдэг. Компаниа ажиллуулж татвараа төлье гэхэд нь Паушокийг хүлээж аваагүй өөдгүй монгол зан эндээс харагддаг.
Саяхан Паушок Оросын сайтад ярилцлага өгсөн байна лээ. Оросоос түүхий нефть авч Монголд нефть нэрэх үйлдвэр байгуулах төсөл хийгээд байсан. Оросын тал болохоор “энэ бол манай зах зээл. Монголд бензин үйлвэрлэх ёсгүй” гэсэн байдаг. Тэгэхээр нь Паушок “Лукойл” гээд хувийн компанитай түүхий нефть авах гэрээ хийсэн. Тухайн үед ОХУ-ын Ерөнхий сайд асан М.Фрадков Оросын дөрвөн олигархийн хамт Монголд айлчилсан. Оросын Засгийн газрын бодлогыг сөрлөө гэж зэмлэсэн байдаг. Паушок нефть нэрэх үйлдвэр Монголд барих гэж зээл аваад том өрөнд орсон. Хэрэгтэй юм хийх гэсэн хүнийг ийм байдалд оруулсан.
-Ял эдлүүлэх бодлого ямар байдалтай байна вэ?
-Ял эдлүүлэх ажиллагаанд прокуророос тавих хяналтын талаар заавар боловсруулсан. “Хадгаламж” банкны хэрэгтэй н.Чимэдцэрэн гэхэд долоон жилийн ял авсан. Улс өмнөөс нь “Хадгаламж” банкны орос эздэд хохирлыг нь барагдуулсан. Улс хохироод л өнгөрсөн. Хэрэг үйлдсэн хүн өөрт хөрөнгө байхгүй гэдэг. Хөрөнгө нь өөрт нь хамаагүй, ах дүүгийн, ээжийн, хамаатан садны хөрөнгө гэх мэтээр өөрөөсөө ходулсан байдаг. Тэгээд хоригддог. Улс төлбөрийг нь барагдуулдаг. Хоригдсон хүн гарч ирээд тэрбумтан шиг амьдардаг. Ингэхээр нэмэгдэл ялтай болгоё гэж байгаа. Жишээ нь, 100 жилийн ял өгнө гэхээр хүн ойлгодоггүй. Гэтэл тийм жишиг гадаад орнуудад бий. Нэмэгдэл ялтай болгоё гэж Ерөнхийлөгч хэлсэн. Тийм ялтай бол хүн арай өөрөөр бодно.
Бас иргэний шинжтэй хохирлын шүүхийн шийдвэрийг албаддаггүй олон улсын жишиг бий. Иргэн өөрөө хариуцлагатай байх ёстой. Монголчууд сүлжээний бизнест хууртаж хаширдаггүй. Хамаагүй гэрээнд гарын үсэг зурахгүй байх ёстой. Дээд шатны шүүх юуг ч хэрэгсэхгүй болгож болно гэж ойлгодгийг 100 хувь өөрчлөх хэрэгтэй. Эрдэнэтийн Засаг дарга Д.Оюунбатын хэргийг Дээд шатны шүүх хэрэгсэхгүй болгосон. Өмнөх шатны шүүхүүд нь гэтэл хэрэг үүсгэсэн байдаг. Дээд шатны шүүх зөвхөн хууль зөрчсөн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн тохиолдолд л хэргийг хэрэгсэхгүй болгодог.
Шүүх ажиллагаа прокурорын хатуу хяналт дор явах ёстой. Хэрэг үүсгэхээс өмнө тагнах, чагнах, гүйцэтгэх ажиллагаа явуулах ёсгүй. Гүйцэтгэх ажиллагаа ч прокурорын хатуу хяналт дор явах ёстой.
Монголын улс төрийг цагдаагаар дамжуулж барих гэсэн бодолтой хүмүүс бий. Хөрөнгөжсөн хурандаа нар эндээс төрдөг. Мундаг биш ч гадаад, дотоодын хөл гар болоогүй хүмүүсийг цагдаад дэвшүүлэх бодлого явж байгаа.
Онцгой анхаарах хэргүүд гэж байна. Жишээ нь, хар тамхи. Үүний нөлөөнд монголчууд хүчтэй орж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч мансууруулах бодистой холбоотой хэрэгт хөнгөлөлт байхгүй гэж хэлсэн. Н.Улаанхүү начин гэхэд химийн найрлагатай, хамгийн хүчтэй, нэг орсон хүн буцаж гардаггүй тийм төрлийн мансууруулах бодисын наймаанд холбогдож чанга ял авсан.
Монголчууд мансууруулах бодисыг хэрэглэгч, хадгалагч гэхээсээ тээвэрлэгч болж ашиглагддаг. Эмэгтэйчүүд үүнд их өртдөг. Хар тамхины нөлөө ихтэй орнуудад монголчууд визгүй зорчдог нь нөлөөнд автах бас нэг шалтгаан болдог. Мансууруулах бодисын хэрэглээг тэлэх гэсэн этгээдүүд монголчуудыг уруу татдаг. Архины оронд үүнийг хэрэглэвэл дээр гэх мэтээр ухуулдаг. Энэ мэт ноцтой хэргүүдэд онцгой анхаарал хандуулж ажиллана гэлээ.