Биднээс өмнө хөгжиж чадсан улс гүрнүүдийн жишгээс харвал шинжлэх ухаанд хэр зэрэг анхаарч чадсанаар хөгжлийн хэмжүүр тодорхойлогддог аж. Тиймээс ч дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 10-20 хувийг энэ салбартаа зарцуулдаг жишиг бий. Гэхдээ энэ нь улс орон бүрт харилцан адилгүй гэдгийг санахад илүүдэхгүй. Харин шинэ цагийн Монгол Улсад шинжлэх ухаан хаахна зайд нь яваа бол… Хаана байгааг харах гээд оролдъё.
Саяхан болсон нэгэн үйл явдал. Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас усыг дахин ашиглах технологийг боловсруулах төсөл зарлаж, үүнд нь Шинжлэх ухаан технологийн их сургуулийн эрдэмтдийн баг ялалт байгуулж, хөрөнгө оруулалтаа аваад эхэлж. Харин зургаан сарын дараа явцыг нь хянаж шалгах зорилгоор хуралдсан нь одоогоос хоёр долоо хоногийн өмнө болсон юм. Гэтэл яамны мэргэжилтнүүд шууд л ажил хэрэг болчихсон байхыг хүлээж байжээ. Яагаад гараагүй байна, ийм их мөнгө авчихаад, хэрэгжилт нь удаан байвал хөрөнгө оруулалтаа татна гэдгийг эрхэм дарга нар сануулав. Нөгөө эрдэмтэд нь судалгааг ийм хугацаанд, ийм хэмжээний хөрөнгөөр хийдэг гэж мянга орилоод дарга нар үүнийг тоохгүй. Ямар ч байсан дарга нарт баахан загнуулж, хөрөнгөө татна гэж айлгуулсан эрдэмтэд хэдэн долоо хоногийн дараа дахин уулзахаар болоод гарч одсон юм. Хурлаас гараад үүдэнд ойлгуулах гэж хичээсэн ч ойлгох том дарга нар олдсонгүй.
Шинжлэх ухаан гэдгийг хүмүүс үйлдвэрлэлтэй адилхан ойлгодог болсоор уджээ. Ямар нэгэн нээлт хийхийн тулд хэдэн арван жил, цаашлаад амьдралд нэвтрүүлэхэд хичнээн цаг хугацаа шаарддагийг дарга нар ч, энгийн иргэд ч, зарим эрдэмтэд ч ойлгодоггүй аж. Энэ бүх хугацаанд мөнгө урсдаг гэдгийг ч санахад илүүдэхгүй. Австрали улс гэхэд л усыг дахин боловсруулах технологи боловсруулах ажилд бүтэн 30 жилийг зарцуулсан байна. Япон улс газар хөдлөлтөд дасан зохицсон барилгын суурийг цутгах гэж 50 жил зарцуулсан түүхтэй.
Харин манайд шинжлэх ухааныг төрөөс нь дэмжсэн, эрдэмтэд нь тууштай ажилласан зүйл алга. Эрдэмтэд гэсэн эрхэм цолтой хүмүүс улсын томоохон сургуулиудад оюутнуудад хичээл заан, эсвэл энд тэндхийн хурал цуглаан таарахад уйтгартай илтгэлээ тавин цагийг өнгөрөөж байна. Төрийн зүгээс ч шинжлэх ухаанд анхаарсан бодлого алга. Томоохон нээлтийг хийхэд төр нь дэмжиж хөрөнгө оруулж байж дэлхийд гайхагддаг бол манайд өнөөдөр шинжлэх ухааных гэсэн юу ч алга. Бодлогогүй он жилийн дунд чухам юу болоод өнгөрөв. Чадалтай эрдэмтдээ бүгдийг нь гадаадад алдсан. Лондон хотын их сургуулиас Токиогийн их сургууль хүртэлх дэлхийн томоохон сургуулиудад профессор хийхээс гадна янз бүрийн нээлтүүдэд гар бие оролцон явж байна. Эсвэл томоохон компаниудын судалгааны багт багтан ажиллаж явна.
“Монголд шинжлэх ухаанд анхаарсан төрийн бодлого гэж байдаггүй. Эрдэмтэд нь нийгмийн баталгаагүй учраас гадны улсыг зорих нь ихэссэн. Уг нь тухайн улсын эрдэмтэн гэдэг бол үндэсний аюулгүй байдалтай л асуудал юм. Харин үүнийг төрөөс анхаарсан юм байхгүй. Хариуцсан байгууллага нь ч ийм байх ёстой юм шиг зүгээр л суугаад байна шүү дээ. Ийм байгаа нөхцөлд хөгжлийн тухай яриад ч хэрэггүй” гэж доктор, профессор Д.Халтар ярьсан юм.
Уг нь манай улсад Шинжлэх ухааны академи гэсэн томоохон байгууллага бий. Гаднах өнцгөөс нь ажиглавал их гоё байгууллага. Эрдэмтдэд анхаараад, биеллээ олсон нээлтүүдийг инновацид оруулж, төр, эрдэмтэн хоёрын дунд гүүр болдог гэж ойлгогдохоор. Харамсалтай нь, бодит байдал дээр шал ондоо дүр зураг ажиглагдана. Аль социализмын үеэс нэг их өөрчлөгдсөн зүйл байхгүй. Тиймээс төрийн ажилтны урдаас юу ч хэлж чаддаггүй. Тэр ч бүү хэл аливаа шинэ нээлтэд тэр бүр анхаараад байх нь үгүй. Ихэвчлэн 60 насыг хол давсан өвгөн эрдэмтэд толгойд нь суудаг онцлогтой. Яг л Ромын пап гэж ойлгож болно. Одоо боломж нь байхгүй гэдгийг өөрсдөө ч хүлээн зөвшөөрчихсөн гэлтэй. Гэтэл залуу эрдэмтэд энэ байгууллагад үгээ хэлье гэхээр анхаарч сонсох нь тун ховор ажээ.
Одоогоос таван жилийн өмнө хэсэг залуу эрдэмтэд шинжлэх ухааны байгууллага болоод одоогийн үүрэг, зорилгыг тодорхойлох гэж оролдсон ч тэдний үгийг сонсох эрдэмтэд нэг ч олдоогүй билээ.
МУИС-д биотехнологи, нанотехнологийн лабораторийг 2009 онд байгуулсан. Гэтэл үүнийг амьрал дээр хэрэг болохуйц нээлтэд ашигласан зүйл одоогоор алга. Хэдэн оюутнуудын туршилт хийдэг, эсвэл хичээлийн хэрэгсэл мэтээр ойлгон ажиллаж байна.
“Шинжлэх ухаанд анхаарах нь тухайн улсын хувьд чухал асуудал. Энэ нь хөгжил хаашаа явах вэ гэдэгтэй шууд утгаараа холбогдоно. Тийм учраас дэлхийн бусад улсууд үүнд л мөнгө хаядаг. Хэдийгээр эдийн засгийн олон тулгуур байгаа ч тэдгээр нь шинжлэх ухааны үндэсгүй байх юм бол ямар ч амжилт олохгүй гэдгийг ойлгосон нь энэ л дээ” гэж судлаач Ким Бо Хи ярьж байсан юм.
Одоогоор Монголын шинжлэх ухаанд ямар нэгэн бодлого, хариуцсан байгууллагад нь шинэчлэл гэхээр юм алга. Өнгөрсөн 10, 20 бүр 30 жилд томоохон нээлт гэхээр юм гарсангүй. Өнгөрсөн онд төрөөс шинжлэх ухааны салбарт 6,5 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Энэ нь нийслэлийн гэрэлтүүлэг, тохижилтыг хийдэг мөнгөнөөс хоёр дахин бага байгааг санахад илүүдэхгүй.
Жич: Монгол Улс дотоодын нийт бүтээгдэхүүний 0,02 хувийг шинжлэх ухааныхаа салбарт зарцуулдаг гэсэн судалгаа гарчээ.