-УИХ-ын сонгуулийн 22 дугаар тойрог буюу Баянзүрх дүүргийн дахин санал хураалт босго 28 хувьдаа хүрээгүй гэх мэдээлэл гараад байгаа. Тэгэхээр дахин санал хураалт явуулна гэсэн үг үү. Үүнд хуулийн ямар зохицуулалт байгаа вэ?
-УИХ-ын сонгуулийн 22 дугаар тойргийн санал хураалт бол дахин санал хураалт. Хэдийгээр ирц хүрээгүй гэх урьдчилсан мэдээлэл байгаа ч Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж, энэ асуудлыг зохицуулах ёстой. Дахин санал хураалт учраас ирц хүрээгүйгээс дахин санал хураалт хийхгүй, хуулийн зохицуулалтыг СЕХ хийх нь зүйтэй байх.
-Нийслэлийн хэмжээнд сонгогчдын ирц 20.00 цагийн байдлаар 45 хувьтай байсан. Ирц хангалтгүй байсан хариуцлагыг хэн хүлээх вэ?
-Сонгогчдын ирцийг сонгууль зохион байгуулж байгаа СЕХ, Үндсэн хуулийн дагуу Засгийн газар, нийслэлийн удирдлагуудын үйл ажиллагаатай холбогдох асуудал.
-СЕХ өдийг хүртэл ирцийн дүнг танилцуулахгүй байгааг та бүхэн хэрхэн харж байна вэ?
-Аймаг, сум, дүүргийн орон нутгийн төлөөллөө сонгох сонгуулийн хуульд зааснаар СЕХ нь тав хоногийн дотор сонгуулийн дүнг танилцуулах ёстой. Нэг онцлог нь богино хугацаанд сонгуулийн дүнг танилцуулах ёстой. Яг одоогоор сонгуулийн дүнгийн талаарх мэдээлэл байхгүй байна. Гэтэл намууд манай нам ялсан гэх мэдээллийг өөр өөрсдийн өнцгөөс тайлбарлаад байна. СЕХ биш намын удирдлагууд зарлаж байгаа нь ард иргэдэд эргэлзээ төрүүлж байгаа юм. Тиймээс бодитой мэдээлэл өгөх зорилгоор сонгуулийн ажиглагч нараар дамжуулан мэдээлэл авснаа хүргэж байгаа юм. Энэ бол автомашинаас гарсан санал учраас бодитой гэж үзэж байгаа юм.
-Орон нутагт 21 аймгаас есөн аймагт МАН ялалт байгууллаа гэж байна. Тэгэхээр энэ удаагийн сонгуульд МАН ялагдсан гэж ойлгож болох уу?
-Ер нь аливаа ялалт болгон өөрийн үнэ цэнэтэй байдаг. Сонгуулийн үр дүнг юутай харьцуулах вэ гэдгээс шалтгаална. УИХ-ын сонгуулийн үр дүнтэй харьцуулахад чамлахааргүй амжилт. Албан бус мэдээллээр нийслэлийн хоёр дүүрэгт давуу ялалт байгуулсан байна. Гэвч сонгуулийн эцсийн дүнг аль нэг нам ялагдсан, ялагдаагүй гэдгийг намууд бус СЕХ-ны шийдвэрийн дараа ярих асуудал.